ЖЕНЕВ, 2026 оны есдүгээр сарын 13 /ТАСС/. Хөл бөмбөгтэй холбоотой үйл ажиллагаа явуулахыг бүх насаар нь хориглох сахилгын шийтгэлийг Мальдивийн арлууд ба Монтсеррат арлын хөл бөмбөгийн холбоодын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хоёр хүнд оноожээ. Энэ тухай Олон улсын хөл бөмбөгийн холбооны /ФИФА/ хэвлэлийн алба мэдээллээ.
Тодруулбал, ковидын цар тахлын үеэр ФИФА-гаас тусламж болгон илгээсэн хөрөнгө мөнгийг зориулалтын бусаар ашиглаж, хувьдаа завшсан Мальдивийн арлуудын Хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан Бассам Адил Жалил-д дээрх шийтгэлийг оноожээ. Мөн түүнийг 1 сая швейцар франкаар торгосон бол тус холбооны санхүү, удирдлагын асуудал эрхэлсэн захирлаар ажиллаж байсан Мохамед Агил-д 10 жилийн хугацаанд хөл бөмбөгтэй холбоотой үйл ажиллагаа явуулахыг хориглосноос гадна 100 мянган швейцар франкаар торгожээ.
Түүнчлэн Монтсерратын Хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Винсент Кэсселл нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, ашиг сонирхлын зөрчил байнга үүсгэсэн, мөнгө хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан, мөн тус холбооны ажилтнуудыг бие махбодийн болон сэтгэл санааны хувьд дарамталсны учир түүнд хөл бөмбөгтэй холбоотой үйл ажиллагаа явуулахыг бүх насаар нь хориглох сахилгын шийтгэлийг ногдуулсан байна. Мөн 1 сая швейцар франкаар торгожээ.
Түүнээс гадна, Монтсерратын Хөл бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Тандика Хьюз-д 15 жилийн хугацаанд хөл бөмбөгтэй үйл ажиллагаанд оролцохыг хориглож, 150 мянган швейцар франкаар торгосон байна.
Б.Адъяахүү
Ням - 09 сарын 13,
2026
Сэтгэгдэл0