Хэнтий аймгийн Хэрлэн сумын II цэцэрлэгийн багш Ш.Цогтбаяртай жендэрийн асуудлаар сонирхолтой яриа өрнүүллээ.

-Цэцэрлэгийн булгийн багшаар эрэгтэй хүн байна гэж бодсонгүй. Дандаа хүүхнүүд байдаг. Чухам яагаад цэцэрлэгийн багш гэж?

-Би Биндэр сумынх, 10 дугаар ангиа төгсөж ШУТИС-ийн харьяа Үйлдвэрлэл технологийн их сургуулийг загвар зохион бүтээгч мэргэжлээр төгссөн. Одоо Отгонтэнгэр дээд сургуулийн цэцэрлэгийн багшийн ангид суралцаж ирэх жил төгсөнө. Оюутан байхдаа МУБИС-ийн V байранд СӨБС-ийн оюутнуудтай хамт байдаг байсан. Оюутны байранд эхнэртэйгээ танилцаж түүндээ гарын авлага, үзүүлэн таниулах материаллыг нь бэлтгэхэд тусалж, дадлага хийж байсан цэцэрлэг дээр нь очиж зураг зурж өгч байсан маань энэ мэргэжлийг сонгоход нөлөөлсөн. Тэгээд ч сүүлийн үед цэцэрлэгт эрэгтэй багш нар олон болсон байна билээ.

-Ээжийнхээ өврөөс дөнгөж салаад цэцэрлэгт орж байгаа хүүхэд эмэгтэй багш нарт илүү ханддаг шүү дээ. Та нарт хэр байх юм?

-Ирээдүйд ямар хүн болж төлөвших нь 0-6 насанд олгосон дадал, хэвшлээс хамраадаг гэж үг байдаг. Гадаадын хөгжилтэй орнуудад эрэгтэй багш их байдаг гэсэн. Ялангуяа Европын орнуудад залуу гэр бүлийн салалт ихтэй, хүүхдүүд нь ээж дээрээ үлддэг. Тийм тохиолдолд эцгийн хайрыг нь багшаар дамжуулах бодлогоор эрэгтэй багш нар олон байдаг гэсэн. Манайд энэ байдал харьцангуй гайгүй.

Ер нь хүүхэд өдрийн ихэнх цагаа цэцэрлэг дээрээ өнгөрөөдөг учраас багш биднээс шалтгаалах зүйл их байна. Энэ ангиа эхлээд авахад сахилгагүй хүүхдүүд их байсан. Явц дундаа хэнтэй нь яаж харьцаж ажиллах билээ гэдгээ мэдэрсэн. Хэдийгээр хөдөлгөөнт ихтэй ч гэсэн тухайн хүүхэд өөртөө тохирсон авьяастай, нэг юмыг арай илүү сонирхдог нь ажиглагддаг. Танай ангийн тэд нар чинь их сахилгайгүй юм гээд өөр багш нар хэлэхэд бас хүүхдүүдээ өмөөрнө шүү.

-Цэцэрлэгийн багш ачаалал ихтэй байдаг. Түүнийхээ хажуугаар чамайг уран бутээл туурвидаг гэж сонссон?

-Ер нь би дунд сургуульд байхдаа шүлэг бичдэг байсан. Орон нутгийн хэмжээнд зохиогддог "Хүрэл тулга" яруу найргийн уралдаанд жил бүр оролцдог байлаа. Гуравдугаар ангид байхдаа томчуудтай хамт уралдаанд оролцож III байр эзэлсэндээ урам орж шүлэг их бичдэг байлаа. Хүүхэд байхдаа ном их уншдаг байсан маань нөлөөлж үргэлжилсэн үгийн зохиол бичих болсон. Өнгөрсөн онд хүүхдийн уран бүтээлийн уралдааны зарлалыг сониноос олж хараад оролцсон. Тэр уралдаанд 10 жилд байхдаа бичсэн бүтээлээ явуулж, өөрийгөө мэдье, харья гэж бодсон. Гэтэл уг бүтээл маань шалгарч, гэрээ хийж анхныхаа номыг хэвлүүлсэн. Ирэх намраас дахин нэг номоо хэвлүүлэх санаатай байгаа.


Эх сурвалж: "Багш" сонин