sonin.mn

Лонх суллаж чадахгүй хэрнээ архинд дуртай, агсам гэдгийг ойлгодоггүй атлаа агсамнах хоббитой, аалзнаас айдаг байтлаа “ална” гэсэн уншлагатай, хоёр өгүүлбэр найруулаад биччихэж чадахгүй хэрнээ уран зохиолыг шүүх санаатай, ганц аргын тоо мэддэг байж улс төрөөр хэнээтэх өвчтэй, хөзрөө хувааж чаддаггүй байж муушгаар мөнгө олохыг мөрөөддөг, хугас өдрийн өл, ганц шөнийн нойр даадаггүй байж гяндан ярих сонирхолтой, гэрэлгүйгээр харанхуйд явж чадахгүй мөртлөө адуу хөөх тухай мултардаг тийм хогийн шаарнууд байдаг даа.

Огт байгаагүй юм биш л дээ. Мэр сэр байсан юм. Харин одоо тийм биш нь мэр сэр болоод байна. Түүн дээр нэмэгдэх бас нэг өвчин бий. Тэр бол ХӨӨРҮҮ. “Хөөрүү” байх нэг талын зүгээр мэт боловч хамгийн тэнэг өвчин. Амжилтандаа хайртай хүн байхад, алдаандаа хайртай хүн бас байх юм. Хамгийн сонирхолтой нь тэр алдааг нь засчихаар нөгөөх чинь “үхлүүт” болчихдог гээч. Тийм хүний нэг бол дуучин М.Бямбажав. Гэхдээ алдаан дотроос нь нэгэн торгон сэрэхүй тэмтрэгдэж, намайг гэгэлзүүлдэг. Үл харагдах орон зайн чөлөөнд уянгалсан, үл мартагдах чанадын яруу эгшиглэн үзэг цаас нийлүүлэхээс өөр гарцгүй болгов.

Шүлэгт ая орох нь унтаж байсан унага босоод хурдлах шиг мэдрэмж төрдөг. Харин тэр аялгуу дуу болон амилах нь өнөө унага жигүүр ургаад нисэх мэт ээ. Тийм олон жигүүрлэг аялгууг амьдруулсан дуучин бол Мягмарын Бямбажав. Намайг Увс аймгийн Өмнөговь сумын арван жилийн дунд сургуульд сурч байхад манай доод ангид “Хөөрүү” Маамуу гэдэг хурдан хөдөлгөөнтэй бор хөвүүн хөгжмийн багш Чингисийн удирдлага дор уран сайхнаар хичээллэж:
…Тогоруу мөнгөн хазаарыг
Толгой юунд нь тааруулж
Том жижиг ташуурыг
Бүүрэг юунд нь тааруулж… гэж шүлэглэн, товшуур хөгжим тоглож:
Жонон хонгор морь минь ээ
Жороо алдан тэмүүлэн дээ… хэмээн дуулж, сумын үзэгчдийн харамгүй алга ташилтаар шагнагдан шуугиулж, уралдаан тэмцээнд оролцож, “Алт” зүүж ирдэг адтай “зэртэн” байлаа. Анх бүжгээр алт авч дараа нь Алтай хайлан исгэрч, дуулж авьяас нь садарч байв. 1989 онд би цэргээс халагдаад Таван толгой дээр ирэхэд М.Бямбажав бас цэргээс халагдаж байв. Бид хоёр нэг онгоцоор Увс руу нисэж, нэг машинаар Өмнөговь сум орсон юм. Тэгэхэд тэр “Цэргийн чуулга”-т орсон тухай ярьж байсансан. 1990 он гарч, нийгэм тэр чигээр савлаж, Драмын театр, Дуурь, Чуулга үзэгчгүй болж, ямар ч сайн кино хийгээд гэр бүл, танил талдаа үнэгүй үзүүлэхээс хэтрэхгүй “шатаж” байв. Хүмүүсийн амьдралын хэмнэл өөрчлөгдөж байх тэр үед М.Бямбажав, багш Н.Чулуунхүүтэйгээ хамтран дуулсаар “Эр хоёр загал” гэгдсээр уран бүтээлдээ үнэнч үлдсэн.
Монгол түмний хайртай дуучид болох Түмэндэмбэрэл, Оросоо, Д.Банзрагч, П.Адарсүрэн, С.Цэрэнчимэд нар уянгалаг сайхан дуугаа үлдээн шүтэн бишрэгчдээ гуниглуулан одсон тэр он цаг Монголчуудын хувьд саарал өдрүүд байлаа. Г.Хайдав, Зангад, Ш.Чимэдцэеэ нар дуулахаас илүү багшлах ажилдаа шамдаж, Жанчив “Увс нуур”, “Эрээн нуур”-аараа айраг сөгнөж тэнээд морины Г.Батбаяр автын ослоо эмчлүүлж, Өлзий-Орших Эрээн рүү ганзагад шогшиж, Ц.Түвшинтөгс, Г.Эрдэнэбат хоёр “бичиг үсэг” сурах санаатай боловсрол хөөж, Э.Бүрнээбаяр хилийн дээс алхаж, Б.Сийлэгмаа маамуу өсгөж, Д.Вандан, Д.Дуламсүрэн хоёр хөдөө суурингаа сахиж, Дарханы Энхбатын бие нь чилээрхэж, Л.Чулуунчимэг орон нутаг бараадаж, У.Далантай, С.Эрдэнэцэцэг хоёр хувийн харьцаанаасаа болж, хэрүүлийн алим шидэлцэж байсан 1990-2000 он хүртэл зохиолын дууг “авсанд” оруулалгүй чирч ирсэн цөөхөн дуучны нэг хийгээд тэргүүлэгч нь Мягмарын Бямбажав байсан нь хөдөлшгүй үнэн. Монголчууд морин дэл дээр эрх чөлөөтэй хашгирч явсан ардын дууг мэргэжлийн болгож, 1960, 1970-аад онд хүчээ авсан, олны хэллэгээр “нийтийн, зохиолын дуу” гэх энэ урлагийн буухиаг шинэ зууны дуучид болох С.Жавхлан тэргүүтэнд дамжуулж өгсөн нэгэн гавьяа түүнд бий. Харин тэр үүнийгээ мэддэггүй. Мэдчихвэл хөөрүү нь дэндээд “тэнэг” болчихно л доо. Новш гэж…

Ядуухан оюутан болзоонд явахдаа бариад очих цэцэггүй, аваад өгөх шоколадгүй, дагуулаад орчих кафе ч үгүй 1990-н хэдэн онд тэд:
…Хорвоод мөнхийн юмдүүжин цэцгүүд
Хосоороо найган ганхана шүү дээ
Ховорхон заяах оюу нана бүсгүй
Хорвоод дахин төрөхгүй шүү дээ… хэмээн дуулан өөрсдийгөө аргаддаг. Өлсгөлөн шинэ цэрэг:
Сумын бяцхан шуудан дээр
Сураг тавин хүлээгээрэй
Суудаг байрныхаа цонхоор
Харан харан хүлээгээрэй… гэж санаа алдаж, маслотай талх идээд “под” хийчихсэн хал цэрэг:
…Одоо ингээд халагдана гэхээс
Оройн тоондоо жагсаад л баймаар… хэмээн цэргийн гандмал майханг гэрэлттэл цангинуулж л байлаа. Халуун залуу насаа ажлын төлөө ч юмуу, амьдралын төлөө  ч юмуу, аль эсвэл ямар нэг шалтгаанаар өнгөрөөсөн гучаас дээш настнууд:
…Оройтсон бороо цэцэг нэхнэ
Оройтсон хайр цэнгэл нэхнэ… хэмээн дуулахдаа сэтгэлдээ юу ургуулан бодож, зүрх нь яаж хайлдгийг тааж хэлэх аргагүй… Улсын үйлдвэрүүд дампуурч, ажилгүйчүүд хөдөө хотгүй хөглөрч, шинэ нийгэмдээ дасаж чадахгүй гөлөрч явахдаа дэмий л:
…Ай даа хүмүүс минь амьдрах сайхан
Амьдын хорвоод энэ л үнэн шүү дээ… гэж дуулан сэтгэлээ тайтгаруулж байлаа. Биднийг харсан өвөрлөгч ахан дүүс:
Сэтгэл баясгаад ганддаг
Цэцгийн баглаа хөөрхий
Сэрж унтаад ээлжилдэг
Хүний амьдрал хөөрхий… гэж уяраасаар хужаа бараа шахаж, Ардчиллын буянаар эрх чөлөөтэй болсон казах түмэн минь казахстан руу бөөн бөөнөөр нүүхдээ:
Дэлхийн элгэн дээр наран үгүйсэн бол
Дэнжийн цэцэг хаанаас ургах билээ
Дэгдээд ирдэг салхи нь үгүйсэн бол
Тэнгэрийн шувуухай хаанаас жиргэх билээ… гэсээр нулимс цэлэлзүүлэн хил давж, Ази Европыг холбосон монгол ганзагачид:
Найзаар минь
Намайг таньдаг учиртай
Намайг хараад
Чамайг мэддэг сургаальтай
Үй зайгүй найзаа, үгүйлэж явьяа нэгийгээ
Ай найзаа хайрлаж түшиж явьяа нэгийгээ… гэсээр Оросын дээрэмчид дундуур бие биенээ түшин зүтгэж л явлаа.  
Төрийн сайд, шоронгийн хулгайч, жирийн малчин, жимсний наймаачин, чагнууртай эмч, харуулын цэрэг гээд хэн бүхэн М.Бямбажавын дууг сэтгэл гэгэлзүүлэн дуулсаар ирсэн. Дуулсаар ч байх болно. Мөнхийн сэдэв, зүрхний “өвчин” хайрыг тэр дуулахдаа хэний ч сэтгэл хөөрөм дуулж чаддаг түүнийг хөөрүү гэхгүй яалтай. Хээр талд хатируулж яваа морьтон, хэцэн дээр угаасан хувцас хатааж зогсоо бүсгүй, нэрмэлд халамцсан баргил эр, нэхмэл сүлжсэн туяхан охид:
…Цэцэгт өргөн талаар хурдан морьтой галгиулж
Цэнгэг сайхан агаарыг хултай айраг шиг залгилж
Цэргээс ирсэн эр шиг хуйрнан шуугиулж явахад минь
Цэцгэн дундаас харагдахгүй хаагуур нь чи өнгөрсөн юм бэ… хэмээн өөрийн мэдэлгүй аяланхан, баясанхан, дэврэнхэн, хөөрөнхөн дуулдаг бус уу.  
…Аятай байна өнжөөч ээ
Айраг байна сөгнөөч ээ…
…Манай голоор айлчлаач ээ
Марлын гялаанаар мордооч ээ… эсвэл:
… Эр хоёр загал
Эзний хоёр загал
Тэр хоёр загал
Тэнгэрийн хоёр загал… энэ дуунуудаас аль ч дууг нь монголчууд дуулах дуртай. Бүр зүрх сэтгэлд нь шингэтэл, өөрийн өвөрмөц хоолойгоор дуулан хоногшуулж чадсан гайхалтай дуучин бол М.Бямбажав. Харин “том” Маамуу маань тэр оргил үедээ дуулсан дуундаа, гоо охидод мансууран согтуурч, |аргагүй дээ, юм үзээгүй жулдрай байсан юм чинь| цэргийн музейд гавьяат багшаараа мануулан, өвгөнтөөр шараа тайлж, хужаа гоймон буцалсан усанд хольж хэвтэхэд Завханаас С.Батсүх, Хэнтийгээс Д.Энхзул Говь-Алтайгаас Х.Болормаа орж ирж дуулан олноо танигдаад зогсохгүй, хажуугаар нь сүнхийж өнгөрөөд гавьяатын тэмдэг ч зүүж амжсан. Тэгэхэд тэр спиртийн үйлдвэрээс тэтгэвэр авах тухай зүүдэлж хэвтсэн биз. Ёстой -амжих уу байхаа. Энд дурсахгүй өнгөрч болохгүй нэг дуучин бий. Тэр бол “солгой” Төмөрхуяг. Гитараар уран зураг зурах шиг дуулдаг тэр Бямбажавтай нэг замаар явсан. Гэхдээ тэр хоёрын мэдрэмж, дуулах авьяас, амьдралын орчин гээд бүх зүйл нь тэс өөр.
Ээж маань М.Бямбажавын дууг явахад “Чангалаарай” гэдэг юм. Өөр олон олон ээжүүд, газар газарт “чангалаарай, чангалаарай” гэдэг нь үнэн. Намирын гол үерлэвэл хэр баргийн аавын хүү зориг гаргаж орохооргүй байдагсан. Намирын гол яг тийм үерлэчихсэн байхад Бямбажавыг төрүүлэх гэж ээж нь өвдсөн гэдэг. Энэ үед манай аав таарч, зайдан мориор улаанаар эргэсэн Намирын голыг гаталж, эмч залан ирж Бямбажавыг эх дэлхийд тосож авсан түүхтэй. Аав тэр тухайгаа “Миний бор морь уралдаанд түрүү алдаж үзээгүй байсан юм. Маамууг |Бямбажавыг Маамуу гэдэг| төрсөн тэр цагаас хойш уралдаагүй. Бор морины хурд Маамууд шингэсэн, тэр сайн явах учиртай” хэмээн дурсан хөөрөх дуртайсан. Аав маань бас хөөрүү хүн. Тиймээс л Бямбажав:
…Намирын гол, Намирын гол
Миний хоёр буурлын нутгаа… эсвэл.
…Соёолон соёолон адтай адуу
Соёолон соёолон одтой адуу… хэмээн дотоод сэтгэлийн чанадаас аялгуу ундруулсан биз ээ. Дотоод сэтгэлээс ургасан аялгуу, хүний дотоод сэтгэлд жигүүрээ хумин буух л сайхан даа. Сэтгэл огшоосон түүний аялгууг хэн ч дуулахгүй өнгөрсөн удаагүйг би мэдэх билээ. Хотын Бааранд |караокед|, хорооллын бор гэрт, зуслангийн шилтгээнд:
Хадан дундуур харгих
Хатан тунгалаг ус уу даа… хэмээн зөв, солгой хоолойгоор дуулах нүдэндээ нулимстай, сэтгэлдээ хөөрөлтэй халмаг эрс,
…Халил мөнгөн тэргүүнтэй
Хайрхан цагаан шувуу минь… гэж өмөлзөн, өмөлзөн, самсай шархируулах бүсгүйчүүд бишгүй л тааралддаг. Энэ бол дууны хүч. М.Бямбажав хүн бүхэнд хүч өгч чаддагийн гэрч энэ.
Сургууль дөнгөж төгсөөд сумын төвд гунихарч суусан хүүхнүүдийг М.Бямбажав л гитарын аялгуугаар хөглөж, бадрааж явсансан. Өөрийн авьяасдаа итгэдэг. Түүгээрээ бадарч, өөрийнхөө дуунд хөглөгдөж, гал шиг дүрэлзэж явдаг түүнд “Ойворгон” зан ч бий. Тэр нь зарим хүнд тааламжгүй байж болох ч энэ тийм ч гажуу зүйл биш. Угаасаа уран бүтээлч |жинхэнэ| хүнийг дэврүүн сэтгэл хөглөж, тэр нь өөрт нь тэжээл болж, тэр эрчээр л сайхан уран бүтээлийг амилуулдаг юм. Түүний төрж өссөн газар хэн ч омголон дэврүүн байхаар нутаг. Өмнөговь сум бол Дөрвөд, Казах, Өөлд, Мянгад, Баяд, Хотон зэрэг зургаан ястны нутагтай хиллэдэг Монгол улсын цорын ганц сум. Өөр тийм сум дэлхийд ч байхгүй биз. Хархираа, Цамбагарав, Алтан Хөхий гэсэн гурван том уулсын дунд байдаг. Өндөр уулын түргэн урсгалт голууд хөөрүү сэтгэлтэй хүн шиг. Тийм болохоор тэр “Хөөрүү” байхаас өөр аргагүй. Хэрэв тэр хөөрдөггүй, дэвэрдэггүй байсан бол бидний сонсох, аялах, дуулах дуртай олон сайхан дуу амилахгүй байсан гэдэгт би огтхон ч эргэлздэггүй. “Мигмэрийн Хөөрүү чинь дуучин болчихож гэнэ” гэдэг байсан дөрвөдүүд одоо түүнийг “Манай Бөмбөжав гавьяат” хэмээн хүндэтгэн дууддаг болсон. Нутгийн уулзалт, цуглаан дээр “Бямбажавт гавьяат өгүүлсэнгүй. Нутгийн зөвлөл юу ч хийхгүй байна” гэж шүүмжлэх, агсамнах хүн олон л болсон байна лээ. Хөөрүү М.Бямбажав хүний сэтгэлийг хөөртөл нь дуулдаг нь үнэн юм даа.
Олон авьяасдаа дарлуулсан
Оройтсон бороо минь
Он цагийн уртад дуулсан дуу чинь
Омголон соёолон шиг одтой давхиж
Орчлонгийн хүмүүний зүрх сэтгэлийг
Омогшуулан хөглөж явахад Баярлана даа, баярлана даа.


Дөрвөн уулын дунд, алтан гургалдайн хоолойт дуучнаараа бахархан суухуу дор хөөрүү сэтгэлээр тэмдэглэв. 2010.11.11. Морин цаг.


Тал бичээч: Да.Жаргалсайхан