sonin.mn

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас халдварт өвчний тархац буурах хүртэл Эбола вирусын тархалт бүртгэгдсэн бүс нутгийн иргэдэд түр хугацаагаар виз олгохгүй байхаар боллоо.

Баруун Африкийн Сьерра-Леон, Либери, Нигери, Гвиней улсад Эбола цусархаг халууралт халдварт өвчин дэгдээд байгаа. Монгол Улсаас өвчний тархалт өндөр байгаа орны нэг болох  Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс руу нийт 12 иргэн зорчиж, эх орондоо эргэн ирээд байна.

Эдгээр иргэнийг улсын хилээр шалган нэвтрүүлэхэд уг өвчнөөр халдварласан эсэх талаар шалгахад ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй байна. Тэгсэн хэдий ч холбогдох байгууллагууд иргэдийн биеийн байдлыг  үргэлжлүүлэн хянаж байгаа юм.

Түүнчлэн иргэд уг өвчин бүртгэгдсэн бүс нутаг, улсад зорчихоос зайлсхийж, холбогдох улсын иргэдийг урихгүй байхыг  Иргэний харъяалал,шилжилт хөдөлгөөний газраас зөвлөжээ.

Д.Эрдэнэсувд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг