sonin.mn

МОСКВА. /Коммеrsanт/. Оросын “Интер РАО” компанийн охин компани болох “Дорнодын эрчим хүчний компани” /ДЭХК/ энэ оны эхний хагас жил Хятад болон Монголд 1,86 тэрбум гаруй кВт/цаг эрчим хүч нийлүүллээ гэж тус компанийн хэвлэлийн алба мэдээлжээ.

Хятадад нийлүүлсэн эрчим хүчний нийт экспорт 1,67 тэрбум кВт/цагаас давсан бол Монголд 188 сая кВт/цаг эрчим хүч нийлүүлсэн байна.  “ДЭХК” компанийн мэдээлж буйгаар, Монголд нийлүүлсэн эрчим хүчний хэмжээг өнгөрсөн оны эхний хагас жилийнхтэй харьцуулахад тогтвортой өсч, 7 гаруй хувиар нэмэгджээ. Харин Хятадын эрчим хүчний экспортыг 2013 оны эхний хагас жилийнхтэй харьцуулахад 11,5 хувиар буурсан байна.

Экспорт ийнхүү буурсан нь энэ оны зургадугаар сард 500 кВ-ын эрчим хүч дамжуулах шугамд хийсэн завсартай холбоотой аж. Тус компанийн тайлбарлаж байгаагаар, Хятадад нийлүүлж буй эрчим хүчний техникийн боломжийг 110, 220 болон 500 кВ-ын хүчин чадалтай улс хоорондын эрчим хүч дамжуулах цогцолбор хангадаг байна.

Энэ цогцолбор нь Оросын Алс Дорнод болон Хятадын зүүн хойд мужуудын эрчим хүчний шугамыг холбодог ажээ. “ДЭХК” компани нь Оросоос Хятад, Монголд эрчим хүч нийлүүлдэг цорын ганц томоохон компани юм. Тус компанийн бүх хувьцааг “Интер РАО” компани эзэмшдэг байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг