sonin.mn

НҮБ. /Reuters/. НҮБ-ын Ойрхи Дорнодын асуудал хариуцсан төлөөлөгчийн мэдэгдсэнээр, Газын зурваст Израиль цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш амь үрэгдэгсдийн тоо 2000 орчим болжээ. Тэдний гуравны хоёр гаруй хувь нь энгийн номхон иргэд байсан аж.

Израиль болон Палестины “ХАМАС” бүлэглэл хоорондын байлдааны ажиллагааны талаар Роберт Серри өчигдөр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд тайлагнажээ. Түүний хэлснээр, Израиль цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш 2000 орчим палестин хүн, тэдний дотор 450 гаруй хүүхэд амь үрэгдэж, 10 мянга орчим хүн шархадсан байна.

Мөн 17 мянга орчим орон сууц эвдэрсэн гэж төлөөлөгч хэлэв. Израилийн халдлагуудад НҮБ-ын 100 гаруй байгууламж эвдэрч сүйдэн, 10 албан хаагч нь амь үрэгджээ. Газын зурваст пуужин, дайн байлдаан бус орон сууц, эмнэлэг, сургууль яаралтай хэрэгтэй байна гэж Серри цохон тэмдэглэв.

Харин энгийн иргэдийг ашиглаж, НҮБ-ын байгууламжуудыг “бамбай” болгон улс руу нь пуужин харвасаар байна гэж “ХАМАС”-ыг Израилиас НҮБ-д суугаа Элчин сайд Рон Просор буруушаажээ. Хэрвээ Газын зурвасын байдлыг тогтвортой болгож, сэргээхэд үр дүнтэй үүрэг гүйцэтгэхийг хүсэж байгаа бол НҮБ эхлээд “ХАМАС” болон тус бүлэглэлийг дэмжигчдийг буруушаах хэрэгтэй гэж тэрбээр хэлсэн байна.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг