sonin.mn

Дэлхийн их гүрнүүдийн нэг болох БНХАУ-ын дарга Си Зиньпин өчигдөр Монгол Улсад хийх албан ёсны айлчлалаа эхэллээ. Энэ талаар гадаадын хэвлэлүүд ийн онцолжээ.

"Киодо ньюс" агентлаг: Далай ламын айлчлалыг Хятадын дарамтаас болж цуцалжээ
Дээрхийн гэгээнтэн Далай лам энэ сард Монгол Улсад зочлохоор төлөвлөсөн ч Хятадын Коммунист намын даргын албан айлчлалын улмаас хойшилжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Төвдийн оюун санааны удирдагчийн айлчлалыг Хятадын Засгийн газрын дарамт шахалтын улмаас цуцалсан байна. Монгол Улсын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хөшүүрэг нь Хятад улс юм. Энэхүү айлчлалын үр дүнд Хятад улс далайд гарцгүй хөрш орныхоо экспорт, ашигт малтмалын зах зээлд ноёрхох хэмжээний гэрээ хэлцэл хийх болов уу. Ер нь Монголын эдийн засаг Хятад улсаас хараат юм хэмээн "Киодо ньюс" агентлаг мэдээлсэн байна.

Хятадын радио: Хоёр тал олон салбарт хамтран ажиллах гэрээ байгуулна
Си Зиньпин дарга Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар тус улсад хоёр өдөр айлчилна. Айлчлалын талаар Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Болд "Си Зиньпин дарга Монгол Улсын Ерөнхийлөгч болон албаны бусад хүнтэй уулзаж, Монгол Улсын парламентад үг хэлэх юм.

Түүнчлэн эдийн засгийн болон худалдааны талаар хэлэлцэнэ. Хоёр тал улс төр, эдийн засаг, санхүү, соёл болон бусад салбарт хамтран ажиллах гэрээ байгуулж, гарын үсэг зурна" хэмээн мэдээлжээ.

Хонконг медиа: Уул уурхайн салбар Монгол-Хятадын харилцааг бэхжүүлэх үү
БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгыг хүлээн авч Монгол Улсад энэ сарын 21, 22-нд төрийн айлчлал хийж байна. Хятадын Төрийн тэргүүн 11 жилийн дараа тус улсад айлчилж байгаа нь энэ юм. Өнгөрсөн сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад айлчлах үеэрээ хөрөнгө оруулалтаа өргөтгөх саналыг Шинзо Абэд тавьжээ.

Мөн Японы Ерөнхий сайд Шинзо Абэ экспорт, аж үйлдвэрийн салбарыг дэмжих зорилгоор Монгол Улсад туслалцаа үзүүлэх тухай хэлэлцээр хийхийг санал болгож буй талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Харин Си Зиньпинийн Монгол Улсад айлчилснаар Хятад улс эдийн засгийн үр ашиг болон Монголын уул уурхай, нүүрсний худалдаанаас ашиг олох нь тодорхой боллоо.

Улмаар Хятадын төлөөлөгчид Монгол Улсын Уул уурхайн яамтай нүүрс нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурах бололтой. Мөн Хятадын хөрөнгө оруулалтаар байгалийн хийн хоёр ч станц барьж магадгүй ба Монгол Улс байгалийн хийн 95 хувиа хийн хоолойгоор дамжуулан Хятадын зах зээлд нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурах сурагтай гэж "Хонконг медиа" сонинд бичжээ.

"Глобал маркет" сайт: Хятадын Төрийн тэргүүн 11 жилийн дараа Монгол Улсад
Вашингтоны "Глобал маркет" сайт Хятадын Төрийн тэргүүний Монгол Улсад хийж буй айлчлалын талаар дараах мэдээг бичжээ. БНХАУ-ын дарга Си Зиньпин, тэргүүн хатагтай Пэн Лиюанийн хамт энэ сарын 21-нд орон нутгийн цагаар 11.00 цагт Улаанбаатар хотод газардлаа.

Си Зиньпинийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэргийн хамт "Чингис хаан" олон улсын нисэх буудал дээр тосон авчээ. Хоёр улсын Төрийн тэргүүнүүд эдийн засаг, зам тээвэр, технологи, эрүүл мэндийн салбарт гэрээ хэлцлүүд хийх юм.

"ABC" агентлаг: Хятадын боомтуудыг ашиглах гэрээнд гарын үсэг зурж магадгүй
Орос, Хятад хоёр гүрний дунд хавчуулагдсан Монгол Улсад Хятадын Төрийн тэргүүн 11 жилийн дараа анх удаа айлчилж байна. Монгол Улс далайд гарцгүй орны хувьд Хятадын боомтуудыг тээврийн зориулалтаар ашиглах гэрээнд гарын үсэг зурж магадгүй.

Си Зиньпин пүрэв гаригт Монгол Улсад хийх айлчлалаа эхэлсэн ба баасан гаригт Ерөнхийлегч Ц.Элбэгдоржид бараалхах ажээ. Мөн Монгол Улсын парламөнтад үг хэлнэ. Си Зиньпин айлчлалынхаа хүрээнд Монголын ашигт малтмалыг хамтран олборлох, Хятадын боомтоор дамжуулан экспортлох, зам, тээвэр зэрэг дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийх зэрэг хэлэлцээрт гарын үсэг зурах ажээ.

"Взгляд" сайт: Уул уурхайн салбар айлчлалын чухал сэдэв байх болно
Хятадын дарга Си Зиньпин энэ долоо хоногийн пүрэв, баасан гаригт Монгол Улсад албан айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд хоёр тал эрчим хүч, дэд бүтцийн тухай хэлэлцээр хийх төлөвтэй. Монгол Улс нүүрсний нөөцөөр баялаг бөгөөд уул уурхайн салбар, нүүрсний худалдаа айлчлалын хамгийн чухал сэдвүүдийн нэг юм.

Энэ жил Монгол Улс нүүрсний олборлолтынхоо 60 хувийг Хятадын зах зээлд нийлүүлжээ. Мөн Хятадын тал нүүрс шингэрүүлэх үйлдвэр болон хий дамжуулах хоолой барихаар Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллана гэж "Взгляд" сайтад онцолжээ.

БНХАУ-ын тэргүүн хатаггай үндэснийхээ хувцсаар гоёжээ
БНХАУ-ын тэргүүн хатагтай Пэн Лиюань 1962 онд төржээ. Тэрбээр 18 настайдаа Хятадын Ардын чөлөөлөх армид дуучнаар элсэн орсон ба одоо хошууч генерал цолтой ажээ. Шаньдун мужаас гаралтай Пэн Лиюань 1986 онд ирээдүйн Хятадын удирдагчтай танилцсан байна.

Хэдийгээр Си Зиньпин гэр бүлтэй байсан ч дуучин бүсгүйтэй анх уулзаад 40 хормын дараа гэрлэхээр шийдсэн гэдэг. Си Зиньпиний анхны эхнэр Кэ Линлин баруунд боловсрол эзэмшсэн, тухайн үөийн Хятадын нийгэмд шүүмжлэлтэй ханддаг ардчилсан сэтгэлгээтэй бүсгүй байжээ. Тэрбээр Си Зиньпинтэй гэрлэснийхээ дараа ч Хятадад амьдрах хүсэлгүй байсан нь тэдний харилцааг хөндийрүүлсэн аж.

Кэ Линлиний эцэг нь Их Британид суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар олон жил ажилласан ба Хятадын гадаад харилцааны бодлогыг тодорхойлогчдын нэг байжээ. Си Зиньпин, Пэн Лиюань нар 1987 онд гэрлэлтээ батлуулсан байна. Си Зиньпин 2013 онд Хятадын долоо дахь Төрийн тэргүүнээр сонгогджээ.

"Цагаан цээнэ" хэмээн алдаршсан дуучин бүсгүй ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн тэргүүн хатагтай болсон юм. Хятадын тэргүүн хатагтай нарын тогтсон коммунист хэв маягийг "эвдэж чадсан Пэн Лиюанийг барууны хэвлэлүүд Мишель Обама, Карла Бруни нартай жишин бичдэг. Гэхдээ Пэн Лиюанийн бусад орны тэргүүн хатагтай нараас ялгарах нэгэн онцлог нь хэзээ ч гадны брэндээр гангардаггүйд оршино.

Тэрбээр хувийн загвар зохион бүтээгч Ма Кэнийн нь урласан хувцсыг өмсдөг гэнэ. Ялангуяа гадаадын орнуудад хийсэн албан айлчлалынхаа үөэр загварлаг, дэгжин хувцасладаг байна. Пэн Лиюань манай улсад газардахдаа , цагаан өнгийн үндэсний дээл, улаан өнгийн гар цүнхээр гоёжээ.

Тэрбээр тэргүүн хатагтай болсныхоо дараа "Жэньмин жибао" сонинд ярилцлага өгчээ, Тэрхүү ярилцлагадаа "Си Зиньпинтэй анх уулзахад наснаасаа ахимаг харагдсан. Гэхдээ ярилцаад эхэлмэгц л сэтгэл минь догдолсон. Миний бахархал бол охин минь" хэмээсэн байна.

Тэдний охин Си Минжэ Харвардын их сургуульд суралцдаг гэнэ. Си Минжэ 2008 онд Сычуаньд болсон газар хөдлелтөд өртсөн иргэдэд сайн дураараа туслах нийгмийн ажилд оролцсон байна.

Эх сурвалж: