sonin.mn

ТОКИО. /Itar-Tass/. Японы Кюшю болон Хоншю арлын өмнөд хэсэгт хүчтэй аадар бороо орсонтой холбогдуулан тус улсын өмнөд нутгийн 110 мянга гаруй оршин суугч нүүлгэн шилжүүлэх тухай зөвлөмж авчээ. Энэ тухай тус улсын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна.

Японы Фукуока мужид байдал харьцангуй хүнд байгаа аж. Тус мужид орсон өнгөрсөн шөнө хур тунадасны түвшин 110 миллиметрт хүрч нэмэгдсэн байна. Японы эрх баригчдын мэдээлж буйгаар, их хэмжээний усархаг борооны улмаас нэг хүн амиа алдсан нь Симэ тосгоны 68 настай оршин суугч аж.

Уулархаг газруудаар үер болон хөрсний гулгалт үүсэж болзошгүйг цаг уурчид анхааруулаад орон гэрээсээ болон түр орогнож байгаа газраасаа шаардлагагүй тохиолдолд гарахгүй байхыг өмнөд нутгийн оршин суугчдад уриалжээ.

Японы өмнөд нутагт энэ долоо хоногт орсон усархаг борооны улмаас Хирошима хотод хөрсний гулгалт үүсч, хэдэн арван хүн амиа алдан, 40 гаруй байшин барилга сүйдсэн байна. Одоогийн байдлаар байгалийн гамшиг болсон газарт аврах ажиллагаа явуулж байгаа ажээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг