sonin.mn

Архинд донтох эмгэгээс сэргийлэх, эмчлэх асуудлаар хэлэлцүүлэх уулзалтыг 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Эрүүл мэндийн яам болон энэ чиглэлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн удирдлагууд болон ЭМЯ-ны холбогдох албаны хүмүүс оролцсон бөгөөд ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал удирдан явууллаа.

Хэлэлцүүлгийн эхэнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал хэлэхдээ, Өнөөдөр монголчуудын дунд архины хэрэглээ өндөр байна. Архидан согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдэх, золгүй байдлаар амиа алдах зэрэг нийгэмд сөрөг үр дагавар авчран улмаар тулгамдсан асуудлын нэг болж байна. Энэ талын нарийвчилсан судалгаа ч алга байна. Мөн энэхүү архидан согтуурах эмгэгийг эмчлэх байгууллагуудын үйл ажиллагаанд дүгнэлт хийж, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, дэлхийн хөгжингүй улс орны арга туршлагыг судлах шаардлага бий гэдгийг хэллээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Хүний эрүүл мэнд, түүнд нөлөөлөгч эрсдэлт хүчин зүйлийг 100 % гэж үзвэл Хувь хүний зан үйлээс 55-60%, Эрүүл мэндийн байгууллагын ажлаас 10-15%, Бусад салбарын оролцооноос -15-20% хамаардаг гэдгийг тогтоосон байдаг. Иймд Эрүүл мэндийн яамнаас хувь хүний зан үйлийг өөрчлөхөд чиглэсэн “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний хүрээнд “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ыг иргэдэд хэвшүүлэх ажлыг эхлүүлээд байна.

Монгол улсын ерөнхийлөгч НҮБ-ын, Архины хяналтын конвенцтэй болъё гэдэг асуудлаар удаа дараагийн хурлаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, ДЭМБ-ын Ерөнхий захирал Др. Маргарет Чан нарт санал болгож байсан бөгөөд үүний дагуу Эрүүл мэндийн сайд Н.Удвал бүсийн хуралдаан, ДЭМБ-ын ассамблейн үеэр энэ асуудлаар хоёр талын уулзалт хийсний үр дүнд ахицтай өөрчлөлт гарч эхлээд байна. Түүнчлэн НҮБ-ын Архины хяналтын конвенцийн төслийг гаргах багийг шалгаруулж, Хууль зүйн яамтай хамтарч Үндэсний чуулга уулзалтыг хийхээр бэлтгэл ажилдаа ороод байгааг дуулгалаа.

Хэлэлцүүлгийн үеэр хуралд оролцогчид олон сонирхолтой илтгэл танилцуулж байлаа. Тухайлбал: “Наркологийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын хандлага” сэдвээр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Л.Насанцэнгэл илтгэл толилуулсан. Тэрээр 2006 оны судалгаагаар Монголын насанд хүрсэн иргэдийн 51,2 хувь нь архийг байнга хэрэглэдэг гэсэн нь дэлхийн хамгийн их архи хэрэглэдэг орноос ч даруй хоёр дахин өндөр байгааг онцоллоо.

1980 онд СЭМҮТ нь 780 ортойгоор үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөдөр 450 ортой үйл ажиллагаа явуулж байна. Эмийн төсөв нь ч хүрдэггүйг учирлалаа. Одоогоор 503 ажилтан, албан хаагчтай бөгөөд нэн даруй 33 хүний орон тоог нэмж байж бүрэн хүчин чадлаараа ажиллах тооцоотойг дуулгалаа. Тус төвд 2011 онд 153 эмэгтэй эмчлүүлж байсан бол 2013 онд 171 болтлоо өссөн сэтгэл эмзэглэм тоо баримт байна.

Мөн тэдний дийлэнх нь 30-аас 50 насны ид ажил хийж бүтээх насны хүмүүс байгааг хэллээ. Энэ чиглэлийн эмнэлгийн удирдлагууд цаашид эмчилгээний шинэ арга барил нэвтрүүлэх шаардлагатай гэдгийг хуралд оролцогчид дэмжсэн юм. Нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа Наркологийн эмнэлгийн ерөнхий эмч Б.Оюунчимэг өнөөгийн байдлын талаар мэдээлэл өглөө.

Тус төв нь 30 орчим ажилтантай. 1999 онд 648 хүн эмчлүүлж байсан бол 2013 оны байдлаар 2038 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Залуу боловсон хүчнийг бодлогоор бэлтгэх, эмийн төсвийг нэмэх саналтай байгааг хэллээ. Дашрамд дурдахад тус эмнэлгийн барилгын насжилт дууссан тул 2015 онд шинэ эмнэлгийг концессийн гэрээгээр бариулахаар яригдаж байна.

Архины эмчилгээ хийлгэдэг иргэдийн дийлэнх нь гэр бүл салсан, ажилгүй, ганц бие хүмүүс байдаг байна. Сүүлийн жилүүдэд өсвөр насны иргэдийн архины хэрэглээ эрс нэмэгдсэнийг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа. Ер нь хөгжсөн оронд архинд донтсон иргэдийг эмчлэхэд хоёр жилийг шаарддаг, зардал өндөртэй, цогц эмчилж байж эмчлэгддэг гэдгийг тогтоосон.

Харин манай улсад 14-30 хоногийн хугацаатай хэвтэн эмчлүүлээд гаргадаг байна. Ийм ч учраас эмчилгээний үр дүн хангалтгүй байдаг ажээ. Сайд хурлын төгсгөлд тус асуудлын дагуу Эрүүл мэндийн сайдын тушаалын төсөл боловсруулахыг холбогдох байгууллага, мэргэжилтнүүдэд үүрэг болгов. Үүнд:

• Аймаг, дүүргийн эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэг төсөвт орон тоонд зохицуулан сэтгэц, наркологийн орыг нэмэх арга хэмжээг авах

• Аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллага бүр стандартын дагуу эмч, мэргэжилтнийг орон тоогоор нь ажиллуулах

• Наркологийн эмчийн сургалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулах

• Наркологийн эмчилгээний удирдамжыг шинэчлэхийг

• Тандалт, судалгааны тогтолцоог бүрдүүлэх, тойм судалгааг орон нутаг бүрээр гаргах

• Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эрсдэлт хүчин зүйлийг эрт илрүүлэх асуудлаар онлайн сургалт явуулахыг холбогдох албаны хүмүүст тус тус үүрэг болгов.