sonin.mn

БЕЙРУТ. /Itar-Tass/. Сирийн Засгийн газрын бүрэлдэхүүнийг лхагва гарагт Дамаск хотноо танилцуулжээ. Тус улсын сайд нарын танхимыг Ваиль Надер аль-Хальки дахин тэргүүлсэн байна.

Сирийн Засгийн газрын бүрэлдэхүүнд өмнөх сайд нарын танхимаас гол яамдын удирдлагууд болох Гадаад хэргийн сайд Валид Муаллем, Дотоод хэргийн сайд Мухаммед аш-Шаар, Батлан хамгаалахын сайд Фахд Жасем аль Фрейж зэрэг 19 хүн суудлаа хадгалж үлдсэн байна. Харин 15 хүн шинээр томилогджээ.

"Аль-Ватан" сонинд мэдээлснээр, сайд нарын олонх нь Сирийн эрх баригч Арабын социалист сэргэн мандлын намд харьяалагддаг байна. Сөрөг хүчний гол фракцаас сайд нарын танхимын бүрэлдэхүүнд багтаагүй аж.

Энэ нь үндэсний нэгдлийн засгийн газар байгуулахад тохиромжтой цаг нь биш гэж Сирийн Ерөнхийлөгч Башар Асад болон түүний тойрон хүрээлэгчид үзэж байгааг харуулж байна. Ваиль Надер аль-Халькид сайд нарын танхимаа бүрдүүлэхэд 18 хоногийн хугацаа шаардагдсан байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг