sonin.mn

Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос Дэлхийн анханы тусламжийн өдрийг энэ сарын 13-нд “Өдөр тутмын анхны тусламж ба гамшгийн эрсдэл”  уриатайгаар 14 дэхь жилдээ тэмдэглэн өнгөрүүлнэ.

Аливаа осол, гамшиг тохиолдсон үед гэмтэж бэртсэн иргэдийн амийг аврах үйл ажиллагааны 90 хувийг хөрш, гэр бүлийн гишүүд, хамтран ажиллагсад болон найз нөхөд  нь гүйцэтгэдэг байна.

Учир нь тухайн хүний бие өвдөхөд дэргэд нь байгаа хүн нэн тэргүүнд анхны тусламж үзүүлэн, өвчинг хүндрэхээс нь өмнө урьдчилсан сэргийлдэг аж. Иймээс анхны тусламжийг үзүүлэх мэдлэг ур чадварыг иргэн бүрт олгох зорилгоор 2000 оноос эхлэн Дэлхийн анхны тусламжийн өдрийг тэмдэглэх болжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайлан мэдээгээр осол гэмтлийн улмаас жил бүр дэлхий дээр 5 сая гаруй хүн амиа алдаж, 600 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа аж. Түүнчлэн 2020 онд осол гэмтлийн улмаас жилд 8.4 сая хүн амиа алдах хэмжээнд хүрнэ хэмээн тооцоолжээ.

Ч.Ариунболд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг