sonin.mn

“Хоригдогсдод үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг энэ сарын 15 буюу ирэх даваа гаригт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ)-т болно.

Тус хэлэлцүүлэг нь хоригдогсдод үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, эрх зүйн зохицуулалтын болон практикт ажиллагааны явцад тулгарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлыг хамтран шийдвэрлэх, байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулахад чиглэж байгаа аж.

Хэлэлцүүлгийг ШШГЕГ-аас санаачлан, Хууль зүйн яам, Эрүүл мэндийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулж байна.

Хэлэлцүүлэгт дээр газруудын төлөөллөс гадна бөгөөд Тогтоол гүйцэтгэх газрын дэргэдэх Нэгдсэн эмнэлэг, Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэг, Хорих 429 дүгээр анги буюу Сүрьеэгийн төрөлжсөн эмнэлэг, Клиникийн 1, 2, 3 дугаар эмнэлэг, ХӨСҮТ-ийн төлөөлөл оролцох аж.

Ч.Ариунболд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг