sonin.mn

Нийслэлийн удирдлагууд Улаан­баатар хотыг 2020 он хүртэл хөг­жүүлэх ерөнхий төлөвлөгөө гэгч айхтар зүйл гаргаад нэлээн удаж буй. Энэ хүрээнд жижиг, том нийлсэн олон ажил хийгдэх төлөвтэй. Эдгээр ажлын нэг нь авто худалдааны цогцолбор байгуулж, нийслэлд авто худалдааны төвүүд болон энэ төрлийн үйл ажил­лагаа эрхэлдэг томоохон захуудыг нүүлгэх явдал юм.

Энэ сургаар төвлөрсөн том худал­дааны төвтэй болох нь гэж бодож байтал хэрэг бишдээд явчихав. Учир нь ирэх сарын 1-н гэхэд нийслэлд ил задгай зогсоолд болон захуудад автомашины худалдаа эрхэлж буй бүх цэгийг шинэ цогцолбор руу шил­жүүлнэ гэж шавдуулах болов. Ийм богино хугацаанд асар том бүтээн байгуулалтын ажлыг хийчихдэг юм байхдаа гэсэн шүү юм бодож суу­тал албаныхан хэд хоногийн өмнө хэв­лэлийнхнийг дагуулан очиж, авто худал­­дааны цогцолборын шавыг тавьсан юм.

Гэтэл бид 22-ын товчоо орчмоос урагш хоёр км гаруй улаан шороо пургисан замаар явж хоосон талд очлоо. Тэнд авто худалдааны цогцолборыг байгуулах аж. Албаны хүмүүс болон ажил гүйцэтгэгчид “Аравдугаар сарын 1-н гэхэд авто зогсоолуудыг байгуулж, эхний ээлжинд тээврийн хэрэгслүүдийг нааш нь төвлөрүүлнэ” гэж байна.

Том, жижиг нийлсэн 15 мянган автомашины зогсоол байгуулна гэдэг тийм ч амар хэрэг биш байлтай. Гэтэл сарын хугацаанд хөрс хуулалт хийж, цементэн талбай байгуулчихна гэнэ.

Авто зогсоолоо хугацаан­даа байгууллаа гэж бодоход худа­л­даачдыг хоосон цемен­тэн дээр ирээд зогс гэж байгаатай агаар нэг санагдаад байх юм. Хотын төвд км хүрэхгүй зам янзлах гэж хэд хонодог билээ. Тэгвэл төв замаас салж, цогцолбор хүрэх хоёр км гаруй шороог хатуу хучилттай зам болгоно гэдэг ёстой үлгэр биз. Тийшээ очиж худалдан авалт хийнэ гэхээр санаанд бууж өгөхгүй юм.

Ингэж элдвийг бод­соор хамгийн том авто худалдааны төв болох “Да хүрээ”-г зорьж авто худалдаачидтай уулзаж, тэдний сэтгэгдлийг сонссон юм. Машинаа өнгөлж, зүл­гэсэн худалдаачид “Бидний төлөөлөл тийшээ явж үзээд ирсэн.

Хоёр хоногийн өмнө очиход дөнгөж хөрсөө хуулж байсан. Хэзээ дуусах ажил юм, бүү мэд. Манайхныг ирэх сарын эхээр нүү гэсэн. Хэрвээ тийм хоосон тал руу “хөөвөл” энд байгаа хүмүүсийн олонх нь явж чадахгүй” гэцгээж байв.

Тэдний ийн хэлэх нь ч аргагүй. Тэд сардаа түрээсийн мөнгөнд 60 мянган төгрөг тушаадаг бөгөөд нэг авто машины зогсоол өдөрт хоёр мянган төгрөгийн үнэтэй аж. Гэтэл авто худалдааны цогцолборт жижиг тэрэгний зогсоол дөрвөн сая, том тэрэгнийх 18 сая төгрөг. Хэдийгээр худалдаж аваад өөрийн өмч болгож ашиглах боломжтой ч худалдаачдад тийм чадал нь алга гэдгийг тэд мөн хэлж байсан юм.

Тус зах дээр 10 гаруй жил автомашины бизнес эрхлэгч “Бид нар ямар талх зарж байгаа биш, нэг машин зарах гэж өчнөөн ажил болно. Тэгэхээр тэр дөрвөн сая төгрөгийг төлнө гэдэг үнэхээр хүнд.

Дээр нь ганц машины зогсоол авахгүй шүү дээ. Дор хаяж дөрвөн машины зогсоол авах болно. Яах учраа олохгүй л байна” хэмээн учирлаж байв.

Албаныхны үзэж буйгаар эдгээр томоохон захыг нүүлгэчихвэл л нийслэлийн замын түгжрэл багасч, хөрс болон агаарын бохирдол багасах гэнэ. Гэтэл “Да хүрээ” зах байрладаг Шар хаданд тус зах Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв хоёроос өөр томоохон байгууллага байхгүй. Хүний урманд их, дээд сургууль нэгээхэн ч үгүй. Гэтэл замын түгжрэлээс болж ажил, сургуулиасаа хоцорлоо гэдэг үг лав л ард иргэдийн амнаас гараагүй нь тодорхой.

Харин тэр хавийн замын түгжрэл нь “Да хүрээ” захыг түшиглэсэн ил зогсоолд авто­­машины худалдаа эрхлэгч­дээс үүдэлтэй.
Тэд үйлчлүүлэгчдэд зо­риул­­­сан зогсоолгүйгээс ир­­гэд машинаа зам дээр тавьж замын ачааллыг нэмэг­дүүлдэг нь хэний ч нүдэнд ил.

Тэгвэл хөрсний бохирд­лын хувьд Туулын сав газарт баригдах авто худалдааны цог­цол­бор цементэн тал­байтай болохоор хөрс бохирдуулахгүй гэж албаны­хан хэлж байсан.

Үүнтэй адил нийт талбайнхаа 95 хувийг це­мент болон зориулалтын хатуу хучилттай замтай болгосон “Да хүрээ” зах хөрс бохирдуулаад байна гэвэл өрөөсгөл ойлголт.

Тэр ч бүү хэл мэргэж­лийн хяналтынхан ирээд шалгахдаа “Авто худал­дааны төв яг энэ газар шиг стандартыг дагаж мөрдөхөд болох юм байна” гэдэг юм билээ. Ингээд бодохоор хүний бүтээн байгуулаад өдий хүргэчихсэн бүхнийг төр нь булааж, бусниулах гээд байгаа юм шиг харагдах. Харин авто худалдааны цогцолбороо бүрэн ашиг­лалтад оруулчихаад “Та нарт чихэр шиг санал тавья. Нүүгээд ир” гэсэн бол өөр хэрэг.

Энэ талаар ч худалдаачид хэлж байсан юм. “Хоосон цементэн дээр хар хүйтэнд бид юу хийх юм бэ. Тэрнийхээ оронд бүх зүйлээ бэлтгэчихээд бидэнд санал тавьсан бол яваад л очно шүү дээ. Бид чинь хамгийн доод тал нь энд 10 гаруй жил ажиллачихсан болохоор гэрээ нааш нь нүүлгэж, хүүхдүүдээ ч энэ хавьд сургууль, цэцэрлэгт оруулчихсан” гэцгээж байв.

Нийслэлд төдийгүй улсын хэмжээнд хамгийн томд тооцогдох авто худалдааны уг төвд таван мянга гаруй хүн худалдаа эрхэлдэг.

Тэднээс гадна энэ захыг түшиг­лэж амьдралаа зал­гуулдаг олон хүн бий. Ундаа, ус, халуун цай, аарц зардаг настнуудаас эхлүүлээд өчнөөн олон цайны газар энд бий.

Тэр хүмүүс ч мөн захын хувь заяа хэрхэхийг хүлээн сэтгэлээ чилээж сууна. Үүгээр ч зогсохгүй захыг нүүлгэхээр болбол чингэлгээ жижиг тоосгон байшингаар сольсон түрээслэгчдийн хөрөнгө хог дээр үсрэх нь.

Үүнээс гадна авто худал­дааны цогцолборт хийгдэх бүх зохион байгуулалт энэ газарт бий. Банкны нэг цэгийн үйлчилгээ, авто машины даатгал болон бусад бичиг баримт бүрдүүлэхийн тулд явдал чирэгдэл болохгүйгээр захынхаа хашаан дотор шийдчих боломжтой. Шинээр хийх гэж байгаа ажлыг нь хэдийн хийчихсэн байхад ингэж олон хүний ажил, амьдралыг алдагдуулж, бизнесийг нь дампууруулах гэж улайрах хэрэг байна уу.

Авто худалдааны төвүү­дийг нүүлгэх ажлыг хотын удирдлагууд цаасан дээр хийчихэж байгаа болохоор амар байсан биз. Харин бодит амьдрал дээр дээрх 5000 хүний ар гэрийнхэн нийлсэн багаар бодоход 20 мянга орчим хүн үүрээ эвүүлсэн шогоолз шиг бужигнах нь байна.

М.Санчир

Эх сурвалж: