sonin.mn

НҮБ. /ITAR-TASS/. Хэт давруу үзэлт “Жебхат ан-Нусра” бүлэглэлийн босогчид НҮБ-ын энхийг сахиулагчдыг гаргаснаас хойш Голаны өндөрлөгийн Сирийн талын цэрэггүй бүсийг бараг бүхэлд нь эзлэн авчээ. Энэ тухай НҮБ-д суугаа Сири улсын байнгын төлөөлөгч Башар Жаафари мэдээлсэн байна.

“Жебхат ан-Нусра” бүлэглэлийн террористууд Израилийн тусламжтайгаар мөн Катарын оролцоотойгоор Сирийн талд оршдог цэрэггүй бүсийг бараг бүхэлд нь эзэлж авч чадсан. Ингэснээрээ террористууд Сирийн талаас байрлуулах ёстой байсан НҮБ-ын ажиглагчийн үүрэг гүйцэтгэгч энхийг сахиулагчдыг орлох боллоо“ гэж тэрбээр хэлжээ.

Дипломатчийн хэлснээр, Голаны өндөрлөгийн Израильд эзлэгдсэн талд НҮБ-ын энхийг сахиулагчдыг бараг бүгдийг нь шилжүүлэн байрлуулж, “зөвхөн Сирийн талд болж буй үйл явдлыг ажиглахаар” үүргийг нь багасгасан байна.

НҮБ-ын хүчнээс өөр зэвсэгт этгээд байх ёсгүй цэрэггүй бүсийн байдал эрс муудсан нь энхийг сахиулагчдыг гаргах шалтгаан болжээ. Үүнээс гадна, наймдугаар сарын сүүлээр “Жебхат ан-Нусра” бүлэглэлийн босогчид Фижигийн 45 энхийг сахиулагчдыг барьцаалсан бөгөөд дараа нь сулласан юм.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг