Хавар, хавар. Хайрын улирал. Хүрээ газрын их дуу чимээ нэг л хэмийн давтамж нь янзаараа байвч хүмүүсийн явах суух нь, ярилцах нь тайван дөлгөөн болоод цаанаа л уяхан. Хүйтний улиралд хүмүүсийн алхах нь хурдан, ярих нь түргэн байдаг юмсанж. Хос залуус хөтлөлцөн алхахуйд гарын атганд багтам жаахан бор шувууд аз жаргал, аз жаргал хэмээн босон суун жиргэнэм.

Мянган жилийн өмнө дэлхий ертөнцөд хавар ингэж л ирдэг байсан байх. Мянган жилийн хойно ч ийм л хэвээрээ байх болно. Хавар аа гэж. Хавар гэхээр хүн бүрийн сэтгэлд хайр гэсэн үг буудаг. Арга ч үгүй биз дээ. Нялх бүхний эхлэл, хатуу бүхний уясалын дуулал энэ улирлаас л эхэлдэг. Нар наашилж, намуухан салхи бүлээнээр үлээж, навч цэцэг дэлгэрэх улирал хойно доо. Харин намартаа намираа бороо, хавартаа шиврээ бороо орох нь ховордсоныг дэлхий ертөнцийн жам гэх үү, хүн төрөлхтний үр нөлөө гэх үү.

Цаг хугацаа харуулах буй за. Хаврын анхны бороо орохоор дүү бид хоёр хөөрөн нүцгэн гүйлдэж, ижий минь эгээ л хүүхэд насандаа очсон мэт баяртай байх нь ажиглагддагсан. Яагаад ч юм бэ ижий минь хаврын улиралд хачин их дуртай байсансан. "Зүйр цэцэн үг зохионо" гээд ухаан дутсан хоёр хүү нь майлаан тасардаггүй хурганы бэлчээрээс уйлаан болж ирэхдээ бас ч гэж хумбан чинээхэн хормойдоо тав арван халтар аргалтай байхыг үзээд ижий минь урсгал зөөлөн харцаар ширтэхдээ юу бодсныг нь эс мэдэх тусам сэтгэл уяарнам.

Түүнээс улбаатай юм уу, дүү бидэн хоёр өнөө ч "Хавар болохоор хоёулаа яргуй түүнэ" хэмээн ярилцдаг хэвээрээ. Ижий минь биднийгээ хаврын улиралд дуртай болгоод буцжээ. Нахиалах моддын гоолиг төрхөд намрын өнгийг нууцхан шингээж шаглан үлдээдэг хаврын улирлыг биширнэм. Яг л ижий шиг минь уран юм гээч. Олон олон хүмүүний олон олон ижийнх нь аз жаргалын эхлэл хавар байдаг гэдэгт итгэнэм. Ийм л зөөлөн улирлыг ижийтэйгээ ижилсүүлэн байж санаж, самсаа шархиран догдлон хүлээдгийн учир энэ билээ. Хавар, ижий хоёр сэтгэлд минь мөнх юм.

Эх сурвалж: "Ган зам"