sonin.mn

“Цэцгэн дагина”, “Насны ганцхан хань”, “Аялгуут сайхан морин хуур мину” гэх мэт олон дуу хэдийнэ олны танил болсон ч, дуучныг нь хүмүүс тэр бүр мэддэггүй.

Тэгвэл эдгээр дуунуудыг амилуулсан залуу дуучин Б.Отгонтогтох тун удахгүй анхны бие даасан тоглолтоо хийж үзэгч олонтойгоо учран золгох гэж байна. Ингээд түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Анхны юм бүхэн хэцүү хэрнээ, хамгийн сайхан дурсамж үлдээдэг. Удахгүй хийх тоглолтын тань бэлтгэл ажил аль хэр хангагдаж байна?

-Хүмүүс “Цэцгэн да­гина”, “Насны ганцхан хань” гээд дуунуудыг маань мэддэг л дээ. Тэгсэн хэрнээ дуучныг нь тэр бүр таньж, мэддэггүй юм билээ.

Тиймээс нэгэнтээ уран бүтээлч, урлагийн хүн болсон юм чинь одоо бие даасан тоглолтоо хийж ард түмэнтэйгээ уулзах хэрэгтэй гэж олон хүн зөвлөсөн.

Олон сайхан хүмүүс, багш нар, найз нөхөд, ах дүү, гэр бүлийнхэн маань тусалж дэмжээд “Цэцгэн дагина” анхны бие даасан тоглолтоо хийхээр зориг шулуудан бүтэн жилийн турш бэлтгэлээ.

Ингээд аравдугаар са­рын 31-нд Монгол бөхийн өргөөнд тоглолтоо хийхээр бэлэн болоод байна.

-Залуу дуучдын хувьд анхны тоглолт гэдэг цааш­дын уран бүтээлийн замнал болдог. Тэгээд ч олон сайхан уран бүтээлчдээс дэмжлэг авч байгаа нь тодорхой?

-Тийм ээ. Би 2007 онд Ардын жүжигчин А.Дашпэлжээ багшийнхаа удирдлага дор дуурийн дуу­лаачийн мэргэжил эзэмш­сэн. Намайг дэмжиж тоглолтод маань оролцож буй багшдаа их баярлаж байгаа.

Мөн дуучин Баттөр, Отгонгэрэл, Түмэнжаргал, Түмэн-Өлзий, цэнгээнт бүж­­гийн “Улаан сарнай” хамт­лагууд оролцоно. Энэ мэт олон сайхан хүний тус­ламж дэмжлэгийн хүчинд тоглолт маань босч байна.

-Тоглолтоо яагаад “Цэц­гэн дагина” гэж нэрлэх болсон юм бэ. Мөн энэ тоглолтоос уран бүтээлчийн хувьд та юу хүлээж байгаа вэ?

-Энэ дууг хоёрдугаар дамжааны оюутан байхдаа дуулсан. Энэ цагаас хойш “Цэцгэн дагина” дуу маань намайг олон сайхан хүнтэй танилцуулж, уулзуулж уч­руулсан учраас тоглолтоо энэ дууныхаа нэрээр нэр­лэсэн юм.

Мөн энэ тоглолт бол миний хувьд цаашдын амьдрал, уран бүтээлийн минь жимийг гаргах чухал алхам болно.

-Баярлалаа.

Эх сурвалж: