sonin.mn

НЬЮ-ЙОРК. /АР/. Дэлхийн томоохон нийгмийн сүлжээ болох “Facebook” энэ оны гуравдугаар улиралд 806 сая долларын цэвэр ашиг олсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 90 орчим хувиар өссөн үзүүлэлт ажээ. Өнгөрсөн оны гуравдугаар улиралд тус компани 425 сая долларын цэвэр ашиг олж байв. Энэ тухай тус компанийн мэдээлэлд дурджээ.

Уг нийгмийн сүлжээний орлого долдугаар сараас есдүгээр сарын хооронд 59 хувиар өсч, 3,2 тэрбум доллар болсон байна. Улирлын орлого нь 3,11 тэрбум долларт хүрч өснө гэж ажиглагчид таамаглаж байсан учраас тус компани зах зээлийн хүлээлтийг давуулж чаджээ.

Улирлын орлогынхоо ихэнх хэсэг буюу 92,5 хувийг зар сурталчилгаанаас олсон бол үлдсэн хэсгийг апликейшны борлуулалтаас олжээ. Гуравдугаар улиралд тус компанийн зар сурталчилгааны орлого өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 64 хувиар өсчээ.

Зар сурталчилгааны орлогынхоо 66 хувь буюу 1,95 тэрбум долларыг “Facebook” гар утасны зар сурталчилгаанаас олсон байна. Тус сүлжээний энэ үзүүлэлт улирлаас улиралд өсөн нэмэгдэж байгаа юм. Жилийн өмнө энэ үзүүлэлт 41 хувьтай байжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: