sonin.mn

Кино зураглаач Д.Балчинпүрэв кино үйлдвэрт туслах зураглаачаас эхлэн 40 гаруй жил ажиллаж, баримтат болон уран сайхны олон кино бүтээсэн нэртэй уран бүтээлч гэдгийг мэдэхгүй хүн байгаа л байх.

Д.Балчинпүрэвийн оргил үе нь манай нийгэмд ид еөрчлөн байгуулалт явж, зах зээлийн эдийн засаг, ардчилсан шинэ төр тогтож, нийгмийн аль ч салбарт учир зүйгээ олохгүй шилжилтийн бужигнааны үе таарсан байдаг.

1989 оноос хойш засаг төрөөс баримталж байсан хяналт зохицуулалт алдагдаж, кино бүтээх үйл ажиллагаа замбараагүй болж, кинонд сонирхолтой хүн бүр дур зоргоороо аашилж сайн зураглаач, зураач, эвлүүлэгч түшиж киноны баг бүрдүүлж, өөрөө ерөнхий найруулагч хэмээн томорч кино хийсэн хүн олон бий.

Яг ийм үед зураглаач Д.Балчинпүрэвийг сайн дурын олон найруулагч урьж хамтран кино хийсэн байдаг. Д.Балчинпүрэв 10 гаруй кинонд найруулагчийн давхар үүрэг гүйцэтгэснээс гадна тэдэнд кино урлагийн өвөрмөц онцлогийг мэдрүүлсэн багш байсан.

Д.Балчинпүрэвийн уран бүтээлийг ажиглахад манай алдартай найруулагч Н.Нямдаваа, Б.Сумхүү, Б.Балжинням, Ж.Бунтар нартай бүтээсэн бүтээлд түүний уран сайхны эрэл, бүтээлч сэтгэлгээ өвөрмөц арга барил илүү тод тусгагдсан байдаг. Д.Балчинпүрэв хэр зэргийн ур чадвартай ямар уран бүтээлч болохыг бүтээлээс нь дүгнэхэд тодорхой.

Төрийн соёрхолт Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн кино найруулагч Б.Балжиннямтай хамтран “Сүүдэр" киног 1986 онд бүтээсэн. Тухайн үед Монголын кино урлагт шинэлэг аясыг бүрдүүлж, энгийн амьдралыг уран сайхны шийдэлтэй хослуулан дүрийн дотоод сэтгэлийн ертөнцийг үйл хөдлөлийн дүрслэлээр илэрхийлсэн өвөрмөц арга шийдлийг бодсон нь сонин.

Аливаа киног хийхэд зураг авах газар, гэрэлтүүлгийн сонголт, кино техник, жижиг хэрэглэл, дүрийн хувцаслалт гээд бүх зүйл утга агуулгыг тодруулах уран сайхны үндсэн үзүүлэлт байдгийг зураглаачид “ Сүүдэр “ кинонд харуулж чадсан.

Дугар /Гавъяат жүжигчин Г.Равдан/ Өлзий / Төрийн шагналт жүжигчин Ц.Төмөрбаатар /нар харуулд гарч байхад Японы цэрэг хил нэвтэрч хүч тэнцвэргүй тулаан болход Дугар ар талд хэл хүргэх даалгавар авч явахдаа Өлзийг Япон цэргүүд бүсэлснийг мэдсэн боловч орхиж явснаа гэм буруутан гэж өөрийгөө зэмлэн, сэтгэлээ шархлуулж явдаг нэгэн.

Дайн дуусаж Дугар нутагтаа амар мэнд ирж амь эрсдсэн найз Өлзийгийн эхнэр Цэвэлтээ / жүжигчин ста Д. Долгорсүрэн / дотно болоход ойр хавийн хүмүүс Дугарыг муулж, эхнэрийг нь авах гэж Өлзийг санаатай алсан гэдэг хар санаа газар авч Дугарыг шаналгана.

Дүрүүдийн сэтгэл зүйн зөрчил дээр тулгуурласан “Сүүдэр" кинонд дүрийн дотоод сэтгэл, зохиолын утга санааг дүрсээр илэрхийлэх уран сэтгэмжээр найруулагч    Б.Балжинням,  зураглаач Д.Балчинпүрэв нар шийдэж чадсанаар үзэгчдэд үнэлэгдсэн сайн кино болсон.

Киноны нэгэн хэсэгт Цэвэлийн гэрт унтаж байгаа Дугарыг нүд гялбуулан сэрээж буй тоононоос тусах гэрэл зөвхөн Дугарт тохиолдсон нэгэн хоногийн гэгээг илтгэх боловч гэр доторхийг жигд зэвхий саарал өнгөөр шийдсэн нь гуниг зовлон нөмөрч буй Цэвэлийн амьдралын өнгийг киноны утга санаатай уялдуулан нийцүүлсэн зураглаачийн шийдэл юм.

Киноны утга санааг илэрхийлэхэд байгалийн гэнэтийн сонин үзэгдлийг тааруулж ашиглаваас хэний ч сэтгэлд үл бодогдом гайхаш төрүүлэм сонин болж, үйл явдлын далд санааг тодруулах төгс тал бий.

Яг ийм тохиолдол “Сүүдэр" киноныхонд тохиолдсон байдаг. Маргаашийн зургийг Цэвэлийн гэрийн гадаа авахаар төлөвлөж өглөө босоход цас орж байхыгхараад баярлаж, хүмүүсийг шамдуулан босгож, хэзээ хэзээгүй төрөх гэж байгаа Цэвэлтэй зүрх зориг гарган уулзахаар гүн бодолд автагдан морьтой сажилж яваа Дугарын зургийг авахаар болжээ.

Цас нэвсийн орж, байгаль дэлхий сааралтан дүнхийх нь Дугарын дотоод сэтгэлийн гуниг, элдэв бодолд дарагдан ганцаардаж шаналсан эр хүний цээжин доторхи гашуун эгшгийг улам тодруулж, утга төгөлдөр уран сайхны шийдлийг бий болгожээ. Зөөлөн цас нэвсийн орох нь амгалан тайван амьдралын хэмнэлийг тодотгох боловч Дугарын тээнэгэлзлийг улам хүндрүүлж, учраа олохгүй гүн бодлыг лавшруулан хучих мэт сэтгэгдэл төрүүлдэг.

Үхэр төхөөрч, мөс гэртээ оруулж , түмпэн сав угааж, тэвшинд угаадас хийж банхар нохойгоо дуудах зэрэг малчин айлын энгийн амьдрал үргэлжлэх нь киног бодит амьдралаар чимж, Цэвэлийн гунигтай амьдралыг тодруулсан нь оновчтой дүрслэл болсон.

Дугар амиа хорлохоор шийдэхэд, Сандаг хүү ирж ноцолдож буй хэсгийг зураглаач өргөн өнцөгтэй дуран хэрэглэж авсан нь дүрийн дотоод сэтгэлийн зөрчлийг хурцалж, Дугарын нүүрний ер бишийн аймшигт хувирал түүний амь тэмцсэн хедөлгөөн, зэлүүд орон зай нь Дугарын бачимдлыг тодруулахад зөв шийдэл болсон.

Утга санааны оновчтой дүрслэлийг сонирхолтой илэрхийлж, камерын хөдөлгөөнийг үйл явдалд үзэгчид оролцож байгаа мэтээр хэрэглэж чадсан нь киноны утга санааг зураглаач уран дүрслэлээр хэрхэн илэрхийлж болохыг харуулсан юм. Үйл явдал, агуулгаар киноны ерөнхий өнгийг тодорхойлохыг эрхэмлэн үздэг нь Балчинпүрэвийн бүтээлд тод тусгасан байдаг.

Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч Ж.Биндэрийн “Хүйн холбоо” киног зураглаач Д.Балчинпүрэв, Б.Лхагвадорж хоёр, гол дүр Бурмаагийн (Гавьяат жүжигчин Г.Урнаа) зовлонт амьдралыг зэгэл саарал өнгөөр шийдэхийн тул хар цагаан хальсыг (плёнка) сонгон авсан байдаг.

Балчинпүрэв, “Жүжигчний тоглолтыг чөлөөтэй байлгахыг хичээдэг. “Хүйн холбоо” кинонд Бурмаагийн гомдож уйлж байгааг, жүжигчин хэзээ жинхэнэ сэтгэлээсээ тоглохыг алдахгүй авахын тулд камерыг зогсоохгүй үргэлжлүүлж авсан шүү, алтаар худалдаж авдаг үнэтэй кино хальсаа хайрлахгүй зарцуулсан” гэж ярьж байсныг би санаж байна.

Ийнхүү Балчаагийн бүтээсэн кинонд ямар санаа агуулж, хэрхэн ямар зорилго тавьж, яаж ажилласныг над шиг хүн судалж дүгнэж чадахгүй нь ойлгомжтой. Балчинпүрэв “Уул усны үр сад", “Соёо”, “Агарын гурван сүлжээ”, “Зүүд шигхайр”, “Диваажинд хүрэх зам”, “Алганы хээ”, “Ариусал” гээд 26 уран сайхны, 20-иод баримтат киноны зураглаачаар ажилласан.

Монголын кино урлагийн хөгжилд балрашгүй мөрөө үлдээсэн, өөрийн онцлог арга барилтай, хойч үе маань уламжлан ярих өвөрмөц нэрийн хуудастай уран бүтээлч юм. Би Балчинпүрэвийг хотод төрсөн байх гэж бодсон чинь Ховд аймгийн Дарви сумын нутагт төрж, бүрэн дунд сургуулиа төгсөөд хотод ирж суурьшсан юм байна.

1968 онд “Монголкино” үйлдвэрийн мэргэжпийн курс төгсөөд кино урлагтай одоог хүртэл амьдралаа холбож яваа ахмад уран бүтээлч. 2013-2014 онд баримтат киноны алдарт найруулагч Д.Цэнддоржтой “Сонголт, сорилт, замнал, ирээдүй”, “Монгол бахархал, үндэсний соёлын өв” кинонд хамтран ажилласныг үзэхэд Балчаагийн уран бүтээлийн гал цог хэвээрээ байгаа нь гайхалтай.

Уран бүтээлч хүн тэтгэвэрт гардаггүй гэдэг үнэн. Манай ахмад, ардын уран зохиолч Б.Бааст гуай 90 гаруй насыг зооглосон ч туурвиж бүтээсэн хэвээрээ гялалзаж яваа билээ. Ахмад настан уран бүтээлчдийг зарим залуус хөгширсөн, зөнөглөсөн гэж цоллож, гадуурхах хандпага цухуйлгаж буйг бодоод сэтгэлдээ эмзэглэж явдгийг нуух юун. 60 нас гарчихаад уран бүтээл туурвиж яваа Балчааг хараад атаархмаар шүү.

Тэтгэвэрт гарсан ч биеэ үл хайхран зүтгэж, хуримталсан мэдлэг туршлагаа залуу үедээ шавхаж буй олон сайхан ахмадын гар хумхилгүй зүтгэж буйг үнэлж, урам өгөх санаачлага байхгүй байгааг анхаарах цаг болжээ.

Ардчилсан хөдөлгөөнд оролцогсдыг өндрөөр үнэлж тэдэнд орон сууц өгч хүндэтгэнэ гэсэн мөртлөө социализмын их бүтээн байгуулалтыг хийж, улс орныг жинхэнэ утгаар хөгжүүлэх үйл хэрэгт зүтгэсэн ахмадуудыг гадуурхаж ялгамааргүй байна.

Зураглаач Д.Балчинпүрэв шиг ард түмэн, эх орныхоо төлөө зүтгэж байгаа ахмадуудад төр, засаг алдар цол, хайр халамжаа дүгнэн цэгнэж өгмөөр байна. Хөгшид маань хэдий хүртэл хорвоогийн тоосыг хөдөлгөх билээ дээ. Анхаарах цаг болжээ.

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн кино найруулагч Х.Дамдин