sonin.mn

Манай өнөөгийн хүмүүсийн харилцаанд “жиргэх” гэсэн үг хэллэг олонтаа тааралдах юм. Үүнээс үүдэн гарчгийнхаа агуулга буюу хүн байгалийн хүйн холбооны талаар хэдэн үг хэлье.

Уг нь жигүүртэн шувуу л жиргэдэг юмсан. Хөөрхөн бор болжмор (бусад оронд өнгө өнгийн болжмор бий) шувуу зун намрын сайхан улиралд бут бутны салаа мөчир бүхэн дээр бөөгнөрч суугаад сайхан жиргэж найрлах юм билээ.

Би нутагтаа хааяа очиход Улаангом хотын дээд талд байгаа хэдэн өвгөн улиасны мөчир салаа бүхэн дээр завсар зайгүй хуран цутарсан бяцхан болжморууд өдөржин найрлан жиргэж байгаа чимээ шуугианыг олонтаа чагнаж сонирохдог байлаа. Тэдгээрийн жиргэх аялгууг сонсох нь чихэнд чимэгтэйг яана.

Хаврын цагт алс холын дулаан орноос манай нутгийг зүглэн зэллэн нисч ирээд намар нь буцдаг. Монгол “эх оронч” усны шувууд ангир, хун, галуу, нугас, тогоруун цувааг харж тэдгээрийн анир чимээг сонсоод манай ахмад настнууд цацал, сүүгээ тэнгэрт өргөж мялаадаг сайхан заншилтай.

Урьхан хавар, зун хөвч тайгад хөхөө шувуу донгодохыг сонсох, алиа бяцхан хэрэм модны мөчир салаа дамжиж үсрэн тоглох, (хэрвээ анчны сум зэвэнд өртөж цус дусалбал модны давирхай нааж амиа аврахыг оролддог), өхөөрдөм хөөрхөн бүжин туулай анир чимээнээс айж дэгдэн цовхчин зугтах, эрээн цоохор зөгийнүүд цэцгийн баланд шимтэн эргэлдэн дүнгэнэх, уулын буга урамдах чимээ, ар энгэрээр нь аргаль угалз архаалдан идээшлэх, говийн зэрэглээн дундуур зээрийн сүрэг тоос манаруулан давхих, элээ шувуу янцгаадаж, айлын гэр дээрээс аарц, цагаан идээ шүүрэх, шаазгай шувуу хөдөөгийн ганц нэгээр байгаа айлд нисч хүрээд зочин ирж яваа мэдээг шагшран сонсгодог, гэрийн хажуухнаас, тарвага, зурам дошин дээрээ гарч хошгирон орчныг ажиглах, говь хээрийн дов, толгод, төөрөм бүрдийн айлуудаас алсын бэлчээрт гарсан ингэн тэмээ уяатай ботгондоо яаран ирж яваа эх, угтсан ботгоны энгүй уянгын буулиан, адуун сүрэг давхилдан янцгаах, малчин айлын хотны эх, төл мал сүрэг саалийн дараа хонины “их найр” шуугиан дундаас бие биеэ төдөлгүй олж эхийнхээ сүүг шимж хөхөөд нэг амсхийх, хүн малын нүүдэл суудлын үеийн дуулиант хөл хөгжөөн зэрэг үйлдэл хөдөлгөөн бол зөвхөн манай малчин Монголын амьдралд тохиолдох ертөнцийн нэгэн гайхамшигт увдис гэлтэй.

Сэвшээ зөөлөн салхины илбээ, алтан нарны илч гэрэл, ариун хурын жимээр амилсан мөрөн гс горхины урсгал, чимээ шуугиан сонсох, ой тайга, хээр талд өнгийн цэцэг навч, өвс ургамал алаглан найгах, нүүдлийн дундуур аян цахилгаантай мөндөр, борс шаагин орох, намрын цагг мс шарлаж навчаа гүвэх, улмаа өндөр сүрлэг уулсын хяр, оройгоо цасан, манан бударч, цагаа дуулгаа нөмрөх нь Монгол нутгий дөрвөн цагийн өнгө төрх юм. Хүмүүс байгалийн энэ хувирлыг дагаж “Уулыг цас, унгацыг мөс хучлаа” хэмээн өвөлд бэлтгэж ажи; амьдралаа, шамдан амжуулдаг.

Ийнхүү цагийн аясыг даган хүний сэтгэл санаа хувьсганан урам зориг орно, баясаж цэнгэнэ өлчиржиж хатуужна, бас уйтгар гуниг, ажил амьдралын бэрхшээл саад ч бишгүй тохиолдоно. Хүний алжаал ядаргааг байгаль тайлж. амьдрах, аж төрх ухааныг байгаль эх баяжуулж ухааруулдаг.

Энэ дашрамд манайхны хэл ярианы зарим гажуудлын талаар нэгэн зүйлийг тэмдэглэе. Тухайлбал, энэ ингэж жиргэж, тэр тэгж жиргэв, хэмээн бие биенээ шүүмжлэн адлах, маягаар бичиж ярих юм. “Ням гариг” сонины хуудсанд (2014-10-10) жиргэж эхлэв жиргээчид, жиргэж байна гэсэн үг арваадхан мөрийн дотор гурав давтагджээ.

Амьтнаас ялгарах дээд зэргийн хөгжилтэй хүний яруу тод хэл аялгууг жигуүртний дуу чимээтэй адилтган бичсэн нь хачирхалтай. Мөн Монгол хэлний хүндэтгэлийн үг айлдвар (Бурхан багшийн сургаал айлдвар гэх мэт) зарим хүн алив юмыг буруу зөрүү ярьсан сөрөг утгаар тэр ингэж айлджээ гэх мэтээр хэрэглэж энэ үгийн жинхэнэ үнэ цэнийг бас л гуйвуулж байна. Хэл ярианы ийм гажуудал, хэвлэл мэдээллийн үг үсгийн алдаа мадгийг тоолж баршгүй.

“Хүн хэлээрээ, мал хөлөөрөө” гэсэн үг байдаг. Бурхан багшийн айлдварт “Үгийн эндүүрлээс ангижирвал орчлонгийн төөрөгдлийн тэн хагасаас гэтэлнэ” хэмээн сургажээ.

Хүн төрөлхтөн эдүгээ бурхан багшийн үеэс асар өндөр хөгжлийн шатад хүрсэн атлаа хүний хэл яриа оюун санааны амьдралд ихээхэн эндэгдэл, төөрөгдөл, самуурал, худал хуурмаг зүйл оршсон хэвээр байна.

Өсөхөөс сурсан утга, агуулга төгөлдөр үндэсний баялаг сайхан Монгол хэлээ харийн орноос зээлдсэн ойлгох, үл ойлгогдох үгсээр (... мажоритар, пропроциональ систем,улс төрийн амбиц, карьер хөөцөлдөх, имиж, эмоци, плюрализм, популист амлалт, моргейжийн зээл, стресс, супер, лобидох, шантажлах, улаан фени, мафи, тоталитар, авторитар гэх мэт) зэрэмдэглэж, хот орны хаяг, шошгыг хүртэл гадаад хэлээр бичиж байгаа нь үндэсний хэл соёлоо үл тоомсорлон, ард түмнээ доромжилж байгаа хэрэг.

Манай төрийн түшээ, дээд албаны хүмүүсийн хэл яриа ч заримдаа халтирч, ялангуяа хурал, чуулганаа явуулахдаа хоорондоо хэрэлдэж, мэтгэлцэн “агсам тавих” нь холгүй аашилж загнах нь харагдах юм.

Улс төрийн соёлгүй, ухаалаг, дөлгөөн, үлгэр жишээч биш ийм харилцаа олон түмэнд таалагдахгүйгээр үл барам бас төр засгийн нэр хүнд, үйл ажиллагаанд ч харшилж байна.

“Үүрдийнхээс зуурдынхыг, үнэнээс худлыг, үнэтэйгээс хямдыг ялгаж сур” гэсэн мэргэн сургаалыг санан авах гээхийн ухаанаар хандаж, хууль дүрэм, ард түмний уламжлалт ариун ёс заншлыг хүндэтгэн дагаж, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө нэгдмэл үйл хэрэгт олон нам, эвсэл, бүлэгт тасран хуваагдаж үндэсний язгуур эрх ашигт харшлахгүйгээр эв хүчээ нэгтгэн, шударга үнэнчээр хүчин зүтгэснээрээ “жиргэж бус” бүх нийтээрээ хэм тэгш жаргаж амьдрахыг эрхэмлэн дээдэлье.

Ардын намын ахмад зүтгэлтэн, өндөр настан Ш.Жумдаан