sonin.mn

Монголын сайхан залуусын нэг, загвар өмсөгч О.Амгаланбаатартай ярилцлаа. Тэрбээр хэдийгээр мэргэжлийн жүжигчин биш ч дэлгэцийн бүтээлд, тэр дундаа гол дүрд тоглоод байгаад нь хүмүүс ам сайтай байдаг. Мөн загварын eртөнцөд ч нэр хүндтэй нэгэн билээ.

-Юуны өмнө “Аsian Тор Fashionable 2014”-д амжилттай оролцоод ирсэнд баяр хүргэе. Сүүлийн үед юу хийгээд байна вэ?

-“Аsian Тор Fashionable 2014”-д Монгол Улсаа төлөөлөн оролцоод ирлээ. Энэхүү тэмцээнд Азийн 20 гаруй орон оролцсон. Манайхаас долоон хүний бүрэлдэхүүнтэй баг очоод тавдугаар байрт шалгараад ирлээ.

Би Их засаг их сургуулийн Олон улсын худалдаа, эдийн заcгийн ангийг төгссөн. Найзтайгаа хамтраад мэргэжлээрээ багахан хэмжээний бизнес эрхэлдэг. Одоогоор тэр ажилдаа анхаарч байна. Хүнд ер нь гадаад хэл маш их шаардлагатай юм байна.

Ажил төрлөө амжуулах ч юмуу, ямар нэгэн зохиол уншаад ойлгож байтал талд нь ороод гацчих юм. Тийм учраас англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхээр суралцаж байна. Шинэ жил ойртож байгаа болохоор хэд хэдэн газарт хөтлөгч хийхээр болсон. Сүүлийн гурван жил байгууллагуудын шинэ жилийг хөтөлсөн байна.

-Анх загвар өмсөгч болсон тань маш сонирхолтой санагдсан. Тэр талаараа сонирхуулна уу?

-Сургуулиа төгсөөд нэг хэсэг амарч байтал нөгөө ангид сурч байгаад сургуулиас гарсан залуу ирж уулзаад “Дипломоо өгөөч ээ, нэг зүйлд ашиглачихаад орой авчраад өгье” гээд аваад явсан. Тэр оройдоо буцааж өгөөгүй. Бараг жил гаран хугацааны дараа олж авсан л даа.

Оюутан байхдаа гайгүй сурдаг байлаа. Дөрвөн ч газраас ажлын урилга авсан. Даан ч дипломгүй болсон учраас ажлын байраа алдсан. Яг тэр жил ажилгүй явж байхдаа загварын талаар сонирхож эхэлсэн.

Анх “Шаанс” агентлагт топ модель Г.Уранцэцэг багшийн шавь болсон. Топ Урнаа багш бол хүн танихдаа маш сайн. Мундаг ч хүн. Дараа нь “Монгол модель” агентлагт орсон. Одоо бодоход сонирхол маань оносон санагддаг.

-Загвар өмсөгч эрчүүдийн дунд өрсөлдөөн хэр байдаг вэ. Загвар өмсөгчдөөс бүсгүйчүүдийг нь онцлоод байдаг ч хувцас амилуулах үүрэг нь адилхан байх?

-Энэ салбарт эмэггэйчүүд давуу оролцоотой байдаг. Хамгийн наад зах нь эмэгтэй хүн бусдаас үлгэр жишээ авч хувцасладаг бол эрчүүдийн олонх нь хувцасныхаа сонголтод төдийлөн анхаардаггүй.

Тиймээс эмэгтэйчүүд энэ салбарт илүү их үүрэг оролцоотой байдаг. Тэр хэрээрээ олонд танигддаг юм. Загвар өмсөгч, модель гэдэг бол эмэггэй хүнд илүү тохирох ажил юм шиг санагддаг. Яагаад гэвэл нийгэмд хүлээх үүрэг, гэр бүлээ тэжээхээс эхлээд эрэгтэйчүүд загвараар насаараа явна гэдэг зах зээлийн өнөө үед хэцүү.

Загвар өмсөөд явъя гэвэл гэр бүлийн амьдрал орхигдоно. Монголд загвар дөнгөж хөгжиж байна. Жилд, сард хэдхэн шоунд оролцоод гэр бүлээ авч явна гэдэг боломжгүй. Миний бодлоор тийм зүйл байхгүй л гэж хардаг. Яахав тодорхой нөхцөлд хоорондын цагаан өрсөлдөөн байдаг л байх.

-Та саяхан цахим хуудастаа нэг хүнд зориулж ширүүхэн үггэй пост бичсэн. Тэр бичсэн постыг одоо сайт бүрт тавьсан байна. Энд яг ямар асуудал үүсээд, хэнд зориулж тийм зүйл бичив ээ?

-Манай нийгэмд, ялангуяа загварынхны дунд нэгнийгээ өмсөж зүүсэн хувцас, эдэлж хэрэглэж буй зүйлээр нь дүгнэх болжээ. Гэхдээ хүнийг “Хувцсаар нь угтаж, ухаанаар нь үддэг” гэдэг шүү дээ. Хэтэрхий туйлширсан үзлээсээ салах хэрэгтэй.

Өнөөдөр би их юм мэддэг хүн шиг ярьж байж магадгүй. Гэхдээ мэдэх зүйлээ бол мэднэ. Хэлэх үгээ ч хэлнэ гэж боддог. Энэ асуудалд залруулга хийж зөөлрүүлэх шаардлагагүй гэж бодож байна.

-Загварынхныг “Завхай” гэж зарим хүн ярьдаг. Гэвч үнэхээр сайхан бие, сэтгэл, царай зүсээрээ шударга хөдөлмөрлөөд явж байгаа нэгэн давхар муу нэр зүүгээд байгаа юм шиг?

-Хувь хүмүүсийн л асуудал байх. Тэр хүмүүс хоорондоо зохицоод сонирхлынхоо дагуу ямар нэгэн үйлдэл хийж байгаа бол би түүнд оролцох шаардлага, тийм ёс зүй ч байхгүй. Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ. Нэг хэсэг бүлэг хүн бий л дээ.

Тэдний 20-30 хувь нь ийм замаар мөнгө олдог байх. Зарим тохиолдолд загварын ертөнц нь өөрөө залуу хүүхдүүдийг эвдээд байгаа юм шиг санагддаг. Учир нь загвар өмсөгчдийн хэрэглээ маш өндөр гэж хэлэхэд болно. Сүүлийн үед эдийн засгийн хямралаас болоод сард нэг шоу зохиож бараг чадахгүй байна. Ер нь нийгмийн ямар ч салбарт ийм асуудал байгаа байх.

-Гадаадын загварын агентлагаас урилга ирж байсан уу?

-Манайд техник технологи маш хурдацтай хөгжиж байна. Яагаад би ийм зүйл ярьж байна вэ гэхээр бүх зүйл нээлттэй болсон. Жишээлбэл, аль ч салбарын хэн нэгэн хүн гадаадын агентлагтай холбогдоод өөрийн мэдээллийг чөлөөтэй хүргэж болно. Гэхдээ чөлөөтэй холбогдож сонгогдохоос гадна тухайн хүний чадвар маш чухал л даа. Миний хувьд гадны агентлагаас урилга авч байгаагүй.

-Та хэр шударга хүн бэ?

-Намайг хүмүүс “Хуучинсаг үзэл бодолтой гэдэг. Багаасаа эмээ өвөөтэйгээ өссөн учраас тийм байж мэднэ. Манай эмээ, өвөө хоёр бол дэндүү шударга хүмүүс л дээ.

-Орчин үеийн залуусыг ямар байгаасай гэж хүсдэг вэ?

-Цаг хугацааг хий дэмий алдахгүйгээр суралцаж, аливаа зүйлийг бүтээж байх учиртай. Цаг хугацааг алдвал үнэт зүйлээ алдаж байна гэж боддог. Би өөрөө ч гэсэн үнэт цагаа хий дэмий зүйлд зарцуулж байгаа аа мэдэрдэг. Гэхдээ цаашид үлдсэн үнэт цагаа алдахгүй үр бүтээлтэй байвал болно шүү дээ.

-Одоогийн залуус бэлэнчлэх сэтгэлгээтэй, эцэг эхээрээ тэжээлгэх сонирхол нь их болсон гэлцдэг. Үүнтэй санал нийлэх үү?

-Эцэг, эхээрээ тэжээлгээд явах боломжтой хүүхдүүд бол эрхлээд сууж байх нь буруу биш байх. Буруутгах ч үндэслэл байхгүй. Харин хорвоогийн жамаар эцэг, эх нь бурхан болоход хөл алдалгүй өөрийгөө хүн шиг аваад явбал өөр хэрэг. Гэхдээ бидний дунд эцэг, эхийнхээ хуруу, хумсаа хуйхлан байж олсон хэдэн төгрөгийг үрчихээд сууж байдаг залуус бий.

Одоо болих хэрэгтэй. Урдаа тавьсан зорилгогүй хүн гутамшигтай амьдарч байгаа юм шиг санагддаг. Залуу хүнд сэтгэл байхад л болно шүү дээ. Заавал мөнгө, байр, машинтай байх нь сайхан амьдралын эхлэл биш. Харин түүнийгээ өөрөө бүтээх хэрэгтэй.

-Таны хувьд санхүүгээ хэр зохицуулдаг вэ. Гэр бүлийнхээ талаар ярина уу?

-Би нэг ах, нэг эрэгтэй дүүтэй. Өөрийгөө болгоод л явж байна. Эмээгээсээ “Мөнгө өгөөч” гэж шаналгадаггүй. /инээв/ Миний хувьд эмээ, өвөө дээрээ өссөн. Эмээ, өвөөгийн л хүүхэд дээ.

Эмээ маань хөдөө байдаг. Ээжтэйгээ тийм ч дотно өсөөгүй. Бага байхдаа гомдох ч юмуу, тиймэрхүү асуудал байдаг байсан. Нас яваад юмны учрыг олдог болоод ирсэн чинь ээжийгээ бага зэрэг ойлгож эхэлж байх шиг.

-Ургийн бичиг хөтөлж эхэлсэн үү. Нэг хэсэг энэ талаар цахим ертөнцөөр мэдээлэл тарж байсан?

-Харин тийм ээ. Тэр нэг тиймэрхүү юм болсон. Өмнө нь үерхэж байсан охинтой хамаатан байснаа сүүлд мэдсэн. Одоо бид хоёр жирийн ах дүүгийн харьцаатай. Ургийн бичиг бичихийн ач тусыг өөрөөрөө ойлгосон.

Эрт дээр үеэс л монголчууд ургийн бичиг хөтөлж ирсний бас нэг шалтгаан надад тохиосон. Одоогоор яг хөтөлж эхпээгүй байна. Шууд хөтөлье гээд хөтөлчихдөг зүйл биш юм билээ. Өвөө, эмээгээс дээш үе рүү очоод гацчихаж байна. Тийм болохоор нэлээд судалж байж хөтөлнө дөө.

-Та олон кинонд өөрийнхөө дүрийг мөнхлөөд амжсан. Ер нь жүжиглэх амархан байв уу?

-Хамгийн анх "Монгол фильм” групп, найруулагч Д.Золбаярын “Учиртай гурав" кинонд тоглосон. Анхны кино учраас хүндрэл бэрхшээл их тулгарсан. Хамгийн наад зах нь кино зураг авах үед үг хэллэгийг ойлгохгүй будилах, буруу амьсгал авахаас эхлээд их хэцүү байснаа нуугаад яах вэ.

Тэр киног Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” зохиолоос сэдэвлэсэн. Үүнд үзэгчдийн анхны дүрээс нь гадна орчин үеийн хэсэг ч бас гардаг. Тэр утгаар хамжлагат засгийн үеийн Юндэн, орчин үеийн Хангай гэх зохиолч залуугийн дүрийг бүтээсэн.

Энэ хоёр дүр зан араншин, аливаад хандах хандлагын хувьд надаас тэс хөндлөн. Гэхдээ аль болох дүрдээ орж, амилуулахыг хичээсэн. Үнэлгээг үзэгчид өгнө шүү дээ. Таалагдсан л юм шиг байна лээ. Мөн “Big fish”, “Содура”, “Саарал өнгө” зэрэг кинонд тоглолоо. Намайг тоогоод кинондоо тоглуулсан бүх хүмүүст баярлалаа.

-”Учиртай гурван толгой” дуулалт жүжгийг мэдэхгүй хүн байхгүй. Жүжгийн алдартай зохиолоор бүтсэн киноны гол дүрд тоглохдоо “Дүрийг нь сайн гарахгүй байх вий” гэж эмээж байсан уу?

-Тэгэлгүй яах вэ. Маш их эмээж байлаа. Өмнө нь би кино үзэж байснаас тоглож байсангүй. Тэгэхдээ кинонд өнгөцхөн дүгнэлт ч өгдөг байсан. Гэвч богинохон хугацаанд үргэлжилдэг ч гэсэн кино хэмээх бүтээлийн ард зохиолч, найруулагч, зураглаач, зураач, арын албаны ажилчид, ивээн тэтгэгч гээд маш олон хүний хүч хөдөлмөр, хөлс шаардсан ажил байдаг юм байна.

Эдгээр хүмүүсийн нөр их хөдөлмөр зүтгэл амжилттай болох эсэх нь жүжигчнээс хамаардаг. Иймд “Жүжигчин хүний үүрэг асар их юм” гэдгийг ойлгосон. Киноны хувьд хэд хэдэн удаа пробонд орсны дараа тэнцлээ гэсэн нэг талаар их айдастай байсан ч, бусад хүн намайг “Чи чадна” гэж урам өгсөн учир итгэлийг нь даахыг хичээсэн. Сонирхолтой нь, кино зураг авалт дуусах үед л ерөнхийдөө нэг дөртэй болсон шүү.

-Цаашид кинонд тоглох уу?

-Нэг хэсэгтээ кинонд тоглохгүй. Тоглосон кинонуудаа үзэхэд санасандаа хүртэл сайн тоглож чадахгүй байх шиг санагдсан. Маргаашнаас эхлээд ирэх зургадугаар сар хүртэл жүжиглэх талд бэлтгэл хийхээр болсон.

Залуу байгаа дээрээ улам ихийг сурч, энэ чиглэлийн ойлголтыг авмаар байна. Суралцахад заавал сургуульд нь сурах шаардлагагүй гэж боддог. Тийм ч учраас судалгаа хийнэ. Мөн зохиол бичиж байгаа. Ямар ч байсан хоёр киноны зохиолын ерөнхий суурийг нь тавьсан.

Мэргэжлийн хүний заавар зөвлөгөө авч, зассаныхаа дараа “Бэлэн боллоо” гэж дүгнэнэ дээ. Одоо байгаадаа хангалттай гээд яваад байвал хэзээ ч хөгжихгүй. Би багаасаа л ямар нэгэн зүйл бичих дуртай хүүхэд байсан. Ер нь кино зохиол бичих миний мөрөөдөл.

-Сүүлийн үед олон кино хийж байна. Шинээр нээлтээ хийж байгаа киног очиж үздэг үү. Чанартай, чанаргүй олон кино гарч байгааг юу гэж боддог вэ?

-Буруутгах ганцхан шалтгаан байж болох юм. Тэр нь юу вэ гэхээр киноны трейлэр нь маш гоё, сүртэй цацагдаад хүмүүсийн анхаарал татдаг. Үзэгчид түүнийг нь үзээд, тасалбарыг авч очоод үзэхэд тийм ч сайхан мэдрэмж авч чаддаггүй талаар олон хүнээс сонсч байсан.

Үзэгчдийн урлагийн мэдрэмж сайжирч, гоё сайхан сурталчилгаанд хууртахаа болино. Хэчнээн маркетинг сурталчилгаа цацсанаас илүүтэй хүмүүсийн ам дамжсан яриа их хүчтэй. Цахим хуудаст “Ёо тэр ёстой гунигийн кино байна лээ” гээд бичихэд тодорхой хэмжээний үзэгчээ алдана.

-Ярилцсанд баярлалаа.

Ц.Заяа

Эх сурвалж: