sonin.mn

Өнөөдөр Зулын 25-ны их дүйчин өдөр тохиож байна. Буддын шашинт улс орон, түүний дотор монголчууд өвлийн тэргүүн сарын билгийн 25-ныг “Зулын 25-ны их дүйчэн өдөр” хэмээн олон зуун жил ёслон тэмдэглэж ирсэн түүхтэй.

Шарын шашныг үндэслэгч бөгөөд эрдэм номын туйлд хүртлээ гэгээрсэн соён гийгүүлэгч их билгийн хүн хэмээн Ази даяар алдаршсан Богд Зонхова орчлонд мэндэлж мэлмий гийсэн, жанч халж, үүл далдалсан өдөр нь өвлийн тэргүүн сарын билгийн 25 юм. Богд Зонхова 1357 он буюу “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жил мэндэлж “Хөврөгч” хэмээх шороон гахай жил /1419 он/ жанч халжээ.

Богд лам 63 нас сүүдэр зооглосон өдрөө буюу 25-нд “Сундуйн жүд” айлдаж байгаад есдүгээр бүлгийн доторх “Жалбийн сарайсү живар жүр” зарлигийг уншаад таалал төгссөн гэдэг.

Энэ нь “Би ялгуусад /Бурханы хүү/ болж төрлөө” гэсэн зарлиг юм. Тэр цагаас хойш энэ жил бүр энэ өдрийг зулын 25-н хэмээн Гэлэгвангийн данбатай улс гүрэн бүхэн тэмдэглэж Дончод буюу мянган тахилын зул хүж өргөж их хурал ерөөл хурах болсон төдийгүй айл бүхэн зул асаан их буян үйлдэх болжээ.

Монголчууд өвөл идэх идшээ энэ дүйчэн өдрийн өмнө төхөөрч дуусгаад олон амьтны /малын/амь тасалсан нүглээ наманчилж, малынхаа төрлийг дээшлүүлэх буянд шамдан зул өргөж зулын 25-ны хурлыг даган баясдаг. Энэ өдөр сүсэгтэн олон “Мигзэм”-ийг олон уншвал түм бум болон үржих учиртай юм байна. Зул өргөхдөө идшинд төхөөрсөн малынхаа баруун бөөрний өөхийг хайлан зул өргөдөг заншилтай аж.

Өнөөдөр Монголын Бурхан шашинтны шинэ төв Монголын их хүрээ хийдээс оройн 18 цаг хүртэл сүсэгтэн олонд үнэ төлбөргүй ном айлдахаас гадна маань хөгжөөх, маанийн тайлбар, зул өргөх ёслолын ажиллагаа зохион байгуулах юм.

Харин бусад хийдүүд монголчууд эв түнжинтэй сайн сайхан байхын тухайд, цаашлаад дэлхийн бүх улс хоорондоо эвтэй найртай, бүх хүмүүсийн санасан сэдсэн зүйл нь сэтгэгчлэн бүтэх ерөөлийг дэвшүүлэн ном хурах юм байна.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг