sonin.mn

СӨҮЛ. /KoreaTimes/. Гал тогоонд нь 40 жил өлгөөстэй байсан уран зураг Францын алдарт уран зураач Поль Гогены олон жилийн өмнө алга болсон шилдэг бүтээл мөн болохыг Италийн тэтгэвэртээ гарсан үйлдвэрийн ажилтан саяхан мэдчээ.

Энэ ажилтан 1975 онд гээгдсэн зүйлсийн дуудлага худалдаанаас уг уран зургийг 23 еврогоор худалдаж авч байсан аж.

Тэрбээр тэтгэвэртээ гарч, Турин хотоос Сицилийн арал руу нүүхийнхээ өмнө үүнийг гал тогооныхоо өрөөний хананд өлгөжээ.

Урлагийн мэргэжилтэй, уран зураг сонирхож өссөн хүүд нь энэ уран зураг Гогены бүтээл шиг гайхалтай харагдсан байна.

Ингээд тэрбээр мэргэжилтэн дуудахад, үүнийг Гогены 1889 онд зурсан, 13 сая долларын үнэд хүрэх “Ширээн дээрх жимс ба нохойтой натюрморт” бүтээл мөн болохыг баталжээ.

Уг уран зургийг анх Матильда Маркс гэдэг хүн эзэмшиж байсан ч 1970 онд Лондонгоос луйварчид хулгайлсан гэнэ.

 Италийн тэтгэвэртээ гарсан үйлдвэрийн ажилтан энэ зургийг худалдаж, ферм худалдан авахаар төлөвлөж байна.

Г.Доржханд

Эх сурвалж: