sonin.mn

СИНГАПУР. /ITAR-TASS/. Өнгөрсөн оны 12 дугаар сард Ява тэнгист осолдсон “AirAsia” компанийн онгоцны хошуу хэсгийг Индонезийн аврагчид эрэг рүү гаргажээ. Энэ тухай тус улсын Эрэх, аврах үндэсний агентлагийн төлөөлөгч мэдээлжээ. Түүний хэлснээр, нутгийн загасчид “даваа гарагийн орой онгоцны хошуу хэсгийг усны гадаргууд байхыг харсан байна. Эрлийн баг энэ том хэлтэрхийг эрэг рүү чирч гаргажээ”. Онгоцны нисэгчдийн бүхээгийг хараахан олоогүй байгаа аж.

Үүний зэрэгцээ онгоцны их биеийн хэсгийг болон онгоцны далавч байж магадгүй хэлтэрхийг шумбагчид дээш татаж гаргах ажлаа үргэлжлүүлж байна. Гэвч бороо, хүчтэй салхи болон усан доорх ширүүн урсгал аврагчдын ажлыг хүндрүүлж байгаа аж. Одоогийн байдлаар онгоцны ослоор амиа алдсан 53 хүний цогцсыг аврагчид илрүүлж чадсан юм. Амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь онгоцны их биеийн хэсэгт байгаа гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Шинжээчид “хар хайрцгууд”-ын бичлэгийг сэргээн, сонсож дууссан гэж мэдээлж байгаа боловч ослын шалтгааныг хараахан дурдаагүй байна.

Д.Жаргал

Эх сурвалж: