sonin.mn

Энэ удаагийн “Өглөөний зочин”-оор “Нэр төр эрхэмсэг амьдрал” ТББ-ын тэргүүн, Монгол орноо ойжуулан ногооруулах “Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян”-ыг санаачлан хэрэгжүүлэгч Дамдинсүрэнгийн Наранцогт уригдаж өөрийнхөө санаж сэдэж, хэрэгжүүлж яваа бахархалтай сайхан ажил үйлсийнхээ талаар сонирхолтой яриа өрнүүлсэн юм. Инээмсэглэн суух хууз сахалтай энэ эр тун донжтой хэлбэр гарган зассан урт үсээ толгойныхоо ард гөрөөлөн сүлжиж, хүннү эмжээртэй гоёмсог цамц өмссөн нь аргагүй л Монгол ахуй, ёс заншлаа дээдлэн хүндэлдэг, түүнийгээ үг, үйлдэл бүрээрээ илэрхийлдэг нь илт. Ингээд “Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян” өрнүүлж яваа түүний яриаг болгооно уу.

-Өөрийн тань цахим хуудасны эхэнд “Бусдад тохиолдож байгаа баяр, гуниг, зовлон жаргалыг хуваалцах нь намайг аз жаргалтай болгодог” гэсэн үгс байна лээ. Энэ хэдхэн үгийг таны амьдралын зарчим гэж ойлгож болох уу?

-Та сүрхий гярхай ажиглажээ. Товчхондоо тийм. Хэн нэгэнд итгэл найдварын халуун гараа сунгаж, өөрөө ч зарим үед хэн нэгнээс халуун, дулааныг мэдрэх л хүний амьдралын амин чухал мөн чанар гэж боддог.

-Монголын нийгмийн тодор­­хой хэсэг нь Д.Наранцогт гэдэг залуугийн хийгээд яваа тэнгэрлэг сайхан ажил үйлсийг мэддэг, гадарладаг болжээ. Хоёулаа яриагаа өөрийн тань төрсөн нутаг, сургууль соёлоос эхлэх үү?

-Би Дундговь аймгийн Өндөршил сумын уугуул хүн. Өндөршил сум дараа нь Дундговь аймгийн төв дээр дунд сургуульд суралцаж төгссөн. Ажил хөдөлмөрийн гараагаа төрөлх сумаасаа эхэлсэн ч 2000 оноос Улаанбаатарын суугуул болсон доо. Түм түчигнэж, бум бужигнасан их хотод орж ирээд “Хүмүүс” сонингоос эхлээд “Амьдрал”, “Монгол төрх”, “Монго туургатан” зэрэг сонинд сурвалжлагч, сэтгүүлчээр ажиллаж байсан. Их хотод хөлөө олох, амьдралын мөн чанартай танилцаж эхлэхэд эдгээр сонинд ажиллаж байсан он жилүүд маань жинхэнэ амьдралын их сургууль болсон доо.

-Сонины сурвалжлагч яагаад гэнэтхэн мод тарих ажил руу зүтгэчихсэн хэрэг вэ?

-Нэг л өдөр арай өөрөөр амьдрах, нийгэмд илүү хэрэгтэй зүйл хийх цаг болсныг ойлгосон гэх юм уу даа. Тэгээд 2009 онд “Нэр төр эрхэмсэг амьдрал” ТББ-аа байгуулж өнөөдрийг хүртэл багагүй ажил амжуулаад явж байна. Манай ТББ-ын хэрэгжүүлж байгаа гол ажил “Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян” маань 2010 оноос эхэлсэн. Өнгөрсөн таван жилийн хугацаанд Монгол орны хамгийн их цөлжиж, хөрс нь сийрэгжин хийсч алга болж байгаа говийн болон төв, баруун аймгуудын нутгаар мод тарих ажил хийж ирлээ.

-Өнгөрсөн хугацаанд аль аль аймгийн хэдэн суманд, хэдий хэмжээний мод тарьж ургуулав аа?

-Тийм. Хийсэн ажлын бодит үр дүн хамгийн чухал. Тийм ч учраас би хийсэн болон, хийх ажлаа маш тодорхой бичиж тэмдэглэн тодорхой дэс дараа, цэгцтэй ажиллахыг эрмэлздэг. Бид өнгөрсөн таван жилийн дотор зургаан аймгийн 33 сум, нийслэлийн долоон дүүрэгт 14 нэр төрлийн 52 мянга 310 ширхэг мод тарьсан. Нийт тарьсан мод маань 90 орчим хувийн ургалттай байгаа. Мод суулгаад орхино гэдэг бол нэг хэрэг. Хамгийн гол нь нялх хүүхэд шиг эмзэг тэр суулгацаа уйгагүй эргэж тойрч, усалж тордсоор 2-3 настай болгох нь л хамгийн чухал. Түүний дараа өөрөө бие даан ургах чадвартай болдог юм.

-Хамгийн анх аль аймгийн ямар суманд хэдэн мод тарьсан бэ. Одоо бодвол анхны суулгацууд ургаж томроод, хөөрхөн төгөл болчихсон байгаа даа?

-Тэгэлгүй яах вэ. Би хамгийн анх төрөлх Өндөршил сумаасаа энэ ажлаа эхэлсэн. Учир нь манай сум Монгол орны цөлжилтийн нэгэн төв цэгээр тодроод байсан юм. Манай сум бол социализмын үеэс “Мод огтхон ч ургахгүй” гэсэн тодорхойлолттой болчихсон байсан юм. Бид анх 2000 ширхэг улиас, хайлаас, бургас, сухай, чацаргана, харгана, агч зэрэг мод тарьсан нь өнөөдөр 100 хувь ургаж, таны хэлснээр төгөл болчихоод байгаа. Бидний анхны тэр ажил ихээхэн урам зориг төрүүлсэн. Социализмын үеэс мод ургуулах гээд чадахгүй хатааж үхүүлчихээд байсан газарт бид өөрсдийн гараар төгөл байгуулж чадсандаа өнөөдөр ч сэтгэл өндөр явдаг. Мод тариад орхих амархан. Хамгийн гол нь арчилгаа, байнгын ажиллагаа нэн шаардлагатай байдаг. Тийм ч учраас бид мод тарьсан газар болгоныхоо сум орны удирдлагууд, тодорхой албан байгууллагуудтай үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг. Тэгээд дараа нь үр дүнгээ тооцож, тодорхой урамшуулал бусад боломжтой хэлбэрээр хамтран ажилладаг. Энэ л бидний ажил амжилттай хэрэгжих гол үндсэн нөхцөл юм.

-Зургаан аймгаа яаж сонгож авсан бэ?

-Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэн болон бусад мэр­­гэжлийн байгуул­­лагуудаас зөвлөлгөө дэмжлэг авсны үндсэн дээр Төв, Дундговь, Дорноговь, Говь-Алтай, Хэнтий, Завхан аймгуудад мод тариад байгаа. Жишээ нь ус муутай гэгддэг Говь-Алтайн төв Есөнбулаг суманд гурван жилийн өмнө тарьсан моднууд маань 90 дээш хувийн ургалттай байгаа. Хамгийн сүүлд Францын “Арева” компанийн ураны хайгуулын үйл ажиллагаатай холбогдон багагүй хохирол амссан Дорноговь аймгийн Улаанбадрах суманд өнгөрсөн онд мод тарьсан. Улаанбадрах сумын Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу сумын төв дээр тарьсан моднууд давгүй ургаж байгаа. Түүнээс гадна “Арева” компанийн том машинууд заган ойг ихээхэн сүйтгэсэн байсан. Бид “Арева”-д тодорхой санал тавьсны дагуу энэ жилээс тэдний том машины дугуйгаар талхлагдсан заган ойг сэргээх төсөл хэрэгжиж эхэлнэ.

-Танай байгууллагын эхлүүл­­сэн мод тарих энэхүү тэнгэрлэг аяныг АНУ, Европ, БНСУ, Япон гээд дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа монгол­чууд маань дэмжиж санхүү­­гийн болон, сэтгэл санааны ихээхэн дэмжлэг үзүүлдэг юм билээ?

-Тэгэлгүй яах вэ. Өнгөрсөн таван жилийн хугацаанд 52 мянга гаруй модыг Монгол орны өнцөг булан бүрт суулгаж, арчилж тордсоор ирэхдээ бид төрөөс ганц ч төгрөг авч үзээгүй. Хамгийн гайхалтай урам зориг, эрч хүч өгдөг нь Монголчуудын маань тэнгэрлэг сайхан сэтгэл л байгаа юм. Өнгөрсөн таван жилийн хугацаанд бидний ажлыг дэмжиж 20 мянга гаруй хүн мод тарьж, арчлах ажилд оролцсон байна лээ. Эх орон маань цөлжиж, ой мод устан алга болж байгаад сэтгэл нь шимширч явдаг Монголчуудаас гадна өнгөрсөн хугацаанд бүх тивийн 10 гаруй орны иргэд бидний ажлыг дэмжин мод тарьж, бага гэлтгүй санхүүгийн дэмжлэг үзүүлсээр ирсэн. Жишээлбэл хаа хол Африк тивийн Кени улсын иргэн ирж мод тарьж байсан. Азиас бол Япон, Солонгос, Хятад, Лаос, Вьетнам, Кампучи, Европоос Англи, Швед, Польш орны иргэд хүрэлцэн ирж мод тарилцаж байсан. Гадаадад ажиллаж, амьдардаг Монголчуудын маань сайхан сэтгэлийн хандив тусламж өнгөрсөн таван жилийн хугацаанд байнга шахуу ирж байсан Өнгөрсөн хугацаанд нийтдээ 130 гаруй сая төгрөгийн хандив, тусламж хүлээн авсан. Энэ 130 сая төгрөгөөр л зургаан аймгийн 33 сум, нийслэлийн долоон дүүрэгт 14 төрлийн 52 мянга гаруй мод тарьж, арчилж тордсоор ирлээ.

-“Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян”-ыг төр засгийн зүгээс яагаад дэмждэггүй юм бол. Шийдвэр гаргах түвшний сайд, дарга нартай уулзаж, ярилцаж үзсэн үү?

-Өнгөрсөн таван жилийн хугацаанд төр засагтай хэл амаа ойлголцох гээд чадахгүй л яваад байгаа. Өмнө нь Д.Цогтбаатар, Л.Гансүх, С.Оюун нарыг Байгаль орчны сайд байхад нь уулзах гэж хэдэн удаа оролдоод чадаагүй. Харин Д.Оюунхорол сайдад хандаж амжаагүй л байна. Ерөнхийлөгчийн байгаль орчны зөвлөх Л.Эрхэмбаярт санал тавьсан ч “Та нарын хийсэн ажлыг судалъя” гээд л чимээгүй болсон. Гэтэл Дэлхийн байгаль хамгаалах сан болон өөр олон шугамаар яг бидний хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх зориулалттай багагүй хэмжээний төсөв, мөнгө орж ирдэг юм билээ. Бид судалж явж л мэдсэн. Харин тэр мөнгийг шал өөр зорилгоор товчхондоо “дээгүүрээ хуваагаад идчихдэг” юм билээ.

-Та бүхэн хийж байгаа болон хийхээр төлөвлөөд байгаа ажлаа олон нийтэд яаж сурталчилж, туслалцаа дэмжлэг авдаг юм бэ дээ?

- Бид анхнаасаа л төр засаг болон томоохон компаниудад хандаж туслалцаа дэмжлэг хүсч байгаагүй. Харин бидний байгаль дэлхийнхээ төлөө хийж байгаа энэ ажлын талаарх мэдээллийг хүмүүс ихэвчлэн цахим ертөнцөөс л олж сонссон байдаг юм. Өнгөрсөн хугацаанд Монгол орноо ойжуулах, ногооруулах энэ ажилд нийгмийн бүх л давхаргын, ёстой янз бүрийн хүмүүс халуун гараа сунгаж тус нэмэр үзүүлж байсан. Жишээлбэл нэг удаа гудамжинд шил, лааз цуглуулдаг эхнэр хоёр уулзаад “Бидний өмнөөс мод тариарай” гээд 20 төгрөг өгч байсан. Гэтэл ноднин Дорноговийн Улаанбадрах явах гээд замын зардал хүрэхгүй сандрахдаа УИХ-ын гишүүн Ж.Батсуурьт хандан “Төрсөн нутагт чинь мод тарих гэсэн юм, туслах боломж байна уу” гэтэл “Та нар юу яриад байгаа юм.

Би та нарын наад ажлыг чинь ойлгохгүй байна” гээд дэмжих нь битгий хэл урдаас загнаад унасан. Товчхондоо эх дэлхийгээ хайрлах хүмүүсийн сэтгэхүй ийм л өдөр, шөнө шиг ялгаатай байгаа юм. Хамгийн анх ажлаа эхлэхдээ Монголын залуучуудын холбоотой хамтраад үзье гээд учир байдлаа ярьтал тэр үеийн ЕНБД байсан Оюунчимэг гэдэг хүүхэн “Та нар мод тарина гэж моодноос гарсан юм битгий яриад бай. Бид нар та нарыг дагаад хөдөө хөхөрч, гадаа гандаад жалга, шуудуунд мод суулгаад явж байх юм уу. Битгий балай юм яриад бай” хэмээн минчийтлээ уурлаад хөөж байсан. Эрх мэдэлтэй нөхдүүд нэг иймэрхүү л ойлголттой байдаг юм билээ. Тэр ч байтугай миний тарьж ургуулсан модыг үзүүлж, зааж байгаад НүБ-ын Даян дэлхийн байгаль хамгаалах сангийн нөхдүүд хэдэн хүнтэй нийлж цэвэр залилан хийгээд 20 мянган ам. доллар аваад идчихсэн байсан. Хайж байж тэр этгээдүүдийг олсон ч “хохь чинь, чадаж байгаа юманд арга байхгүй” гээд л өнгөрсөн. Хууль хяналтынхан ч сүйдтэй хэрэгсдэггүй юм билээ.

-Цахим ертөнцөөс харж байхад АНУ-д амьдар­­даг тодорхой хүмүүс та нарын ажлыг нэлээн сайн дэмждэг юм байна лээ. Тэр хүмүүсийг нэрлэж болох уу?

-Бололгүй яах вэ. Хэдийгээр бие нь тэнд байгаа ч сэтгэл зүрхээрээ Монгол эх орноо гэсэн, ирээдүйд нь санаа зовж, сэтгэл гаргадаг жинхэнэ халуун эх оронч хүмүүс олон бий. Жишээлбэл яруу найрагч Х.Тэргэлийг хэлэхгүй өнгөрч болохгүй. Бурхан болсон аавынхаа хойдын буянд зориулан 500 мянган төгрөг шилжүүлснээр нь суулгац авч Дорноговийн Улаанбадрах, Хамарын хийдэд 100 ширхэг гүйлс буюу Монгол сакура тарьсан. Энэ мод өөрөө маш их энерги, эрч хүч ялгаруулдаг гэх юм билээ. Одоо хүмүүсийн дотор Гандан орж ном уншуулъя гэхээсээ илүүтэй байгаль эх дэлхийдээ ганц ч болтугай мод тарьж суулгая, түүнийгээ арчилж тордоод ургуулъя гэсэн сэтгэхүйтэй болж байгаа нь үнэхээр маш тэнгэрлэг сайхан бодол ухаан, буян юм. Одоо Англид амьдардаг нэг хүн байнга холбогдож “Ээжүүдийн мөнх тэнгэр төгөл” байгуулж, хамтран ажиллъя гээд л байгаа. Түүнчлэн хамтран ажилладаг Өвөрмонголчууд маань “Монгол туургатны цэцэрлэгт хүрээлэн” байгуулахад гар бие оролцьё, ивээн тэтгэе гэсэн санал тавьж байна.

Хөвсгөлийн Ренчинлхүм сум уг нь Монголын Швейцарь нэртэй байсан ч сүүлийн үед цөлжилтөд идэвхтэй нэрвэгдэж байгаа. Тэр сумын иргэд ч хамтран ажиллъя, мод таръя гэсэн хүсэлтээ ирүүлээд байна. Мөн яруу найрагч Ичинхорлоо дүү Нарангийнхаа гэр бүлтэй хамтраад Өвөрхангай аймгийн Бүрдийн нуурыг хамгаалан мод тарьж эхлээд байгаа. Энэ ажилд нь хамтран оролцохоор ярьж байна. Хамгийн сүүлд Бээжингийн их сургуулийн доктор, Өвөрмонголын иргэн Буянхишиг бидэнтэй холбогдож Монголд 2000 мод таръя, санхүүжилтийг нь өөрөө гаргана гэдгээ мэдэгдэж хамтран ажиллахаар болоод байна. Энэ хүн хятадад эхний тавд ордог физикийн шинжлэх ухааны том эрдэмтэн юм билээ. Буянхишиг гуай ирэхдээ ч зүгээр ирэхгүй дунд сургуулиудад бэлгэлэх физикийн лабартори тоног төхөөрөмжүүд авч ирнэ гэсэн. Харин аль сургуульд бэлэглэхийг нь та нар зохицуул гэсэн үүрэг өгсөн. Түүнээс гадна бидэнтэй хамтран ажилладаг байсан Өвөрмонголчууд Шведэд очоод ТББ байгуулсан юм билээ. Тэд нар ч гэсэн ирэх жилээс санхүүжилт босгоод мод тарихаар тохиролцсон.

-“Нэр төр эрхэмсэг амьдрал” ТББ-ынхан өнгөрсөн 18-ны өдөр Монгол бичгээр хэвлэсэн анхны номынхоо нээлтийг хийсэн байна лээ. Энэ номынхоо талаар товчхон танилцуулахгүй юу?

-Худам Монгол бичгээр хэвлэсэн "ШИНЭ ЗУУНЫ МОНГОЛ УЛС" номын маань нээлт 2015 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр "BEST ART GALLERY"-д болсон. Монголын бүх цаг үеийн түүх, соёл, боловсрол, гарамгай хүмүүс, эдийн засгийн тухай Монгол бичгээр хэвлэгдсэн анхны номонд минь хамтран ажилласан үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон дэлхийн брэндүүдийн Монгол дахь салбарын төлөөлөгч нарт талархаж байгаагаа энэ завшааныг ашиглан илэрхийлмээр байна. Энэ номыг хэвлүүлэхэд бүх талын туслалцаа үзүүлсэн Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын дарга С.Мөнхчулуун болон санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлсэн АНУ-д ажиллаж амьдарч байгаа “Tulga P Orgudai”-даа маш их баярлалаа. "ШИНЭ ЗУУНЫ МОНГОЛ УЛС" номын борлуулалтын орлогоор цөлжилт ихтэй байгаа газар нутгуудад 100 мянган мод тарих юм. "ШИНЭ ЗУУНЫ МОНГОЛ УЛС" номыг 13 мянган хувь хэвлүүлсэн бөгөөд 25 000 төгрөгөөр борлуулж байгаа юм. Гэхдээ Өвөрмонгол хамтрагчид маань ихэнх хэсгийг урагш нь аваачиж борлуулахаар болоод байгаа. Өнгөрсөн намар Дундговь аймагт очиж 100 мянган мод тарих 55 хүнээ шилж сонгон сургалтад хамруулсан. Өвөрмонголын сэтгүүлч Уд өнгөрсөн намраас бидэнтэй хамтран ажиллаж номын борлуулалтыг хариуцахаар болсон. Бид л мэддэггүй болохоос биш манай үндсэний үйлдвэрлэлийн бүх л бүтээгдэхүүн хоромхон зуур борлогдох маш том зах зээл Өвөрмонголд бэлээхэн байж байна. Сүүлийн үед Өвөрмонголчууд олноороо ирж монгол хүний гараар урлан бүтээсэн бүх бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр авч байгаа. Миний мэдэхийн “Алтан тариа”-ны нэг кг-аар савласан гурилыг бөөн бөөнөөр нь авч түүнийгээ Өвөрмонголдоо очоод хүмүүст бэлэглэдэг юм билээ. Нөгөөдүүл нь ч бөөн баяр болон авч байхыг нүдээрээ харж л явсан. Хамгийн дотно хүмүүстээ “Алтан тариа”-ны гурилаар хоол хийж өгдөг юм билээ.

Тэр байтугай хятадын талх идэхгүй гээд эндээс байнга бор гурилын талх зөөдөг хүмүүс ч байгаа. Хуурай сүү, дээл хувцас, бэлэг дурсгал гээд Өвөрмонголчууд монголчуудынхаа гараар бүтээгдсэн юм болгоныг авч хэрэглэх үнэхээр том давалгаа үүсчихээд байгаа юм билээ. Европ, Азийн жуулчид монголд ирээд 3-7 хоног аялчихаад жаахан бэлэг дурсгал аваад буцдаг бол Өвөрмонголчууд гурав хоног аялаад сүүлийн хэд хоногтоо Улаанбаатарын бараг бүх томоохон дэлгүүрээр хэсч үндсэний үйлдвэрлэгчдийн барааг бүх мөнгөө дуустал нь аваад буцаж байна. “Говь”-ийн дэлгүүрт ороод цаг гаруй болсон 10-аадхан Өвөрмонгол арван хэдэн саяын худалдан авалт хийгээд гарахад нь би дагаад л явж байсан. Миний харилцдаг 10 гаруй хүн хамгийн хямд нь 900 мянган төгрөгийн үнэтэй “Говь”-ийн дээлийг захиалан хийлгэсэн. Товчхондоо Өвөрмонгол гэдэг маш том зах зээл бидний хажууд байж байна. Бид энэ номоороо ч энэ харилцааг нээж өгөхийг зорьсон юм.

-Танай ТББ хэдэн хүнтэй вэ?

-Манайх гуравхан хүнтэй. Манай дэд тэргүүн Баярхүү гэж залуу Англи, япон хэлтэй болохоор гадаад харилцааг төвөггүй зохицуулаад явчихдаг. Хамгийн сүүлд нэг Тайланд хүн ирээд нэг сая төгрөг хандивлаж, энэ хавар хамтран мод тарихаар ярилцаж тохиролцоод явсан. Бас нэг Голланд хүн ирээд Улаанбаатарын хамгийн их хүн явдаг гол гудамжы гич бүрэн тохижуулах, мод тарих, зүлэгжүүлэх зөвшөөрөл аваад өгөөч, би хөрөнгөө гаргаад тэр ажлыг үлгэр жишээ хийгээд өгье гэсэн. Удахгүй тэр талаар хөөцөлдөх санаатай сууж байна. Маш сайхан сэтгэлтэй, зүгээр ч үгүй бэл мөнгөтэй гадны олон хүн бидэнд хандаад байгаа учир нь “Монголд итгэл даах, удтал хамтран ажиллах сэтгэлтэй, ноён нуруутай хүмүүс олдохгүй байна, ихэнх нь мөнгө авангуутаа зугатаад алга болчихдог” гэдэг.

Тийм ч учраас тэд маш сайн судалгаа хийж, өмнө нь тарьж ургуулсан модыг биечлэн үзэж байж хамтрах эсэхээ шийддэг. Бид олон хамтрагчтай болж, өнөөдрийг хүртэл хийсэн ажил маань амжилттай явж байгаа нь энэ ажлыг байгаль дэлхий, эх орныхоо маргаашийн төлөө хоёргүй үнэнч сэтгэлээр хийж яваатай минь холбоотой гэж боддог. Түүнээс биш хүмүүсийн сайхан сэтгэлийг ашиглаж мөнгө олох гэсэн, хувьдаа зарцуулах гэсэн хулгайч сэтгэхүйгээр ажилласан бол өнөөдөр би ийм амжилтад хүрэхгүй байсан. Тэгээд ч би өнөөдрийг хүртэл үнэнч сэтгэл, уйгагүй хөдөлмөрөөрөө энэ бүхнийг хийж бүтээсээр ирсэн. Хойшдоо ч тарина, ургуулна, амьдруулах болно. Түүнийхээ үр шимээр ч би, миний үр хүүхэд, гэр бүл минь сайн сайхан амьдрах учиртай.


Эх сурвалж: