sonin.mn

ЖЕНЕВ. /KAZINFROM/. “Эбола” вирусээр нас барагсдын тоо 8594 болжээ.  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдэгдсэнээр, нийт 21614 хүнд энэ вирус халдварласан байна. Баруун Африкийн Гвиней, Либери болон Сьерра-Леонд “Эбола”-гийн халдвар авсан хамгийн олон тохиолдол бүртгэгджээ. Либерид “Эбола”-гаар хамгийн олон хүн нас барсан байна. Тодруулбал, тус улсад 8435 хүн “Эбола”-гийн халдвар авсны 3587 нь нас  баржээ.

Тус улсын араас Сьерра-Леон (10306 хүн халдвар авсны 3132 нь нас барсан) болон Гвиней (2837 хүн халдвар авсны 1875 нь нас барсан) орж байна. Энэ сарын 16-наас хойш тус гурван улсад “Эбола”-гаар нас барсан 126 тохиолдол, шинээр халдвар авсан 241 тохиолдол нэмж бүртгэгджээ.

Мали, Нигери, Сенегал, Испани, Их Британи болон АНУ-д мөн “Эбола”-гийн халдвар авсан хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн юм. Нигерийг эс тооцвол эдгээр улсад “Эбола”-гийн халдвар авсан 10-аас олон тохиолдол бүртгэгдээгүй. Нигерид 20 хүн халдвар авсны найм нь нас баржээ. ДЭМБ-ын мэдэгдсэнээр, энэ нь маш хүнд өвчин бөгөөд өвчилсөн тохиолдолд амьд үлдэх магадлал тун бага юм. Уг вирус нь араатан амьтдаас хүнд халдварлаж, улмаар хүнээс хүнд дамждаг аж.

Вирусийн гаралтай энэ өвчин хамгийн анх ширэнгэн ойд ойрхон Төв Африкийн алслагдсан тосгодод тархаж байжээ. Гэхдээ сүүлийн тархалтад Баруун Африкийн томоохон хот, суурин газар болон хөдөө орон нутгийн аль аль нь нэрвэгдсэн юм. Одоогийн байдлаар, энэ өвчнийг эмчлэх ямар нэг эм, вакцин байхгүй байгаа бөгөөд зөвхөн “тайвшруулах, эрчимт эмчилгээ” хийж байна.      

Г.Доржханд

Эх сурвалж: