sonin.mn

МОСКВА. /NHK/. Дэлхийн өвүүдийн нэг болох Байгал нуурын усны түвшин эрс доошилжээ. Оросын Засгийн газар энэ нуурын зэргэлдээх бүсүүдэд онцгой байдал зарлах тухай  хэлэлцэж байгаа аж. Сибирийн энэ нуур маш тунгалаг бөгөөд загас болон далайн бусад ургамал, амьтад элбэгтэй. Энэ нь дэлхийн цэнгэг устай хамгийн том нуур юм.

Гэхдээ бороо орох нь багассан болон бусад шалтгааны улмаас уг нуурын усны түвшин сүүлийн 60 жилд байгаагүйгээр доошилжээ. Шинжээчдийн үзэж буйгаар, уг нуурын гүн ирэх хоёрдугаар сарын эхээр 456 метрээс багасч болзошгүй. Энэ нь ОХУ-ын Засгийн газрын тооцоолсноор байж болох хамгийн доод түвшин юм. Буриад улс болон Эрхүү мужид онцгой байдал зарлах талаар хэлэлцэж байна гэж Оросын Байгалийн нөөц, байгаль орчны сайд Сергей Донской мэдэгдлээ.

Уг нуурын уснаас нутгийн иргэдийн аж амьдрал нэлээд хамааралтай байдаг юм. Учир нь тэд нуурын усыг усан цахилгаан станц болон ундандаа ашигладаг ажээ. Байгал нуурын усны түвшин доошилж байгаа нь 70 мянган хүний ахуй амьдралд сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Шинжээчдийн урьдчилан таамаглаж байгаагаар, энэ оны дөрөвдүгээр сар хүртэл уг нуурын усны түвшин доошлох төлөвтэй байна.

Г.Доржханд

Эх сурвалж: