Эрт цагт нутаг усандаа нэр хүндтэй, эхнэр нөхөр хоёр амьдран суудаг байжээ. Эхнэр нь үзэсгэлэнтэй нэгэн байсан тул нутгийн өөр нэг залуу дурлаж, хос хоёрыг салгах арга бодож олов. Тэгээд хошууны ноёнтойгоо хуйвалдан, нөхрийг нь хугацаагүй цэргийн албанд явуулжээ. Эр нөхрөө хэзээ ирэхийг мэдэхгүй бүсгүй давхар биетэй хоцорсон юмсанж. 
 
Хорон санаат мөнөөх залуу “нөхрөө авчрахыг хүсвэл надтай амьдарч суу, үгүй бол мөнгөн ембүү өг” хэмээн бүсгүйг зовоосоор хамаг хөрөнгийг нь баржээ. Тэгээд нөхөр нь 9 жилийн дараа гэртээ харьж иртэл хайртай эхнэр нь өвчний улмаас нас барж, гэр орон нь үгээгүй ядуу болчихсон байв. Харин гал голомтыг нь ээжтэйгээ жигтэйхэн адилхан охин нь сахин сууж байлаа. 
 
Охинтойгоо тэрээр уулзан учир явдлыг сонсож, эхнэрийнхээ үлдээсэн эд зүйлийг үзтэл, маш чамин гоё хээ угалзтай хутга, гал ноцоох хэт, гаанс, даалин зэрэг зүйлүүд байжээ. Эхнэр нь сүүлчийн мал хөрөнгөө зарж, тэдгээр эд зүйлийг хийлгээд “эр хүний чимэг болж, миний хайрыг тэр минь үүрд дурсаг” хэмээн охиндоо хэлж захин, үлдээсэн юм байж. 
 
Нутгийн ардууд эхнэрийнх нь чин сэтгэлийг хүндлэн биширч, харин нөхөр нь тэдгээр эд зүйлийг насан туршдаа нандигнан зүүж, хэрэглэж, эр биеэ гоёж ирсэн тэр цагаас хойш хэт хутга, гаанс, даалин, аяганы уут, хөөрөг зэрэг нь эр хүний гоёл болсон гэдэг домог бий. 
 
Эх сурвалж: "Хөдөлмөр" сонин