sonin.mn
РАБАТ. /ITAR-TASS/. “Эбола” вирусээр үүсгэгдсэн өвчний /ЭВҮӨ/ халдвар тархсантай холбогдуулан тогтоосон хөл хорионы цагийг Либерийн эрх баригчид цуцлах шийдвэр гаргасан тухай тус улсын ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлжээ. “Либерийн Ерөнхийлөгч Эллен Жонсон-Серлиф улс орон даяар тогтоосон хөл хорионы цагийг ням гарагаас буюу хоёрдугаар сарын 22-ноос эхлэн цуцлах захирамж гаргалаа” гэж тус улсын ерөнхийлөгчийн тамгын газрын мэдээлэлд дурдсан байна.
 
Үүнээс гадна, ЭВҮӨ-ий халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хаасан байсан хилийг ойрын хугацаанд нээх шийдвэр гаргажээ. Либерид "Эбола"-гийн халдварын шинэ тохиолдлын тоо сүүлийн хэдэн сарын хугацаанд эрс буурсан нь хатуу хязгаарлалтыг сулруулах шалтгаан болсон байна.
 
Гэхдээ гаднаас аюултай вирусийн халдвар орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор авч буй цогц арга хэмжээгээ Эрүүл мэндийн яам үргэлжлүүлнэ гэж Либерийн Засгийн газар мэдээлжээ.
 
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, "Эбола” вирусийн халдвараар нас барагсдын тоо 9500 орчим болсон бол 23300 гаруй хүн халдвар авсан байна. Нас барсан тохиолдлын дийлэнх нь Баруун Африкийн гурван орон болох Либери, Сьерра-Леон болон Гвиней улсад бүртгэгджээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг