sonin.mn
ЛОС-АНЖЕЛЕС. /ITAR-TASS/. Америкийн кино урлагийн академаас олгодог “Оскар”-ын шагналын эзэд тодорлоо. Энэ жилийн “Оны шилдэг кино”-гоор найруулагч Алехандро Гонсалес Иньярритугийн бүтээсэн "Бердмэн" /Birdman/ кино шалгарсан байна. “Оны шилдэг кино” шагналд мөн Уэс Андерсоны найруулсан “Гранд Будапешт зочид буудал”, Ричард Линклейтерын “Өсөх нас”, Мортен Тильдумын “Дуураймал тоглоом”, Жеймс Маршийн бүтээсэн “Стивен Хокингийн ертөнц”, Ава ДюВернейгийн “Сельма”, Дэмьен Шазеллагийн “Шаналан” болон Клинт Иствудын найруулсан “Америкийн мэргэн бууч” кино тус тус нэр дэвшжээ.
 
"Бердмэн" кино нь Иньярритугийн хувьд инээдмийн эмгэнэлт киноны төрлөөр бүтээсэн анхны бүтээл нь аж. Эл киноны гол дүрийг Тим Бертоны “Битлжус”, “Бэтмэн”, “Бэтмэн эргэж ирсэн нь” киноны гол дүрээр алдаршсан жүжигчин Майкл Китон бүтээжээ. Китоноос гадна уг кинонд жүжигчин Наоми Уоттс, Эмма Стоун, Эми Райан, Зак Галифианакис нар тоглосон байна.
 
“Шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд “Оскар”-ын шагналын эзнээр “Стивен Хокингийн ертөнц” киноны гол дүрд тоглосон жүжигчин Эдди Редмэйн тодорчээ. Харин “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналыг жүжигчин Жулианна Мур “Still Alice” кинонд бүтээсэн дүрээрээ хүртсэн байна. Жулианна Мураас гадна шилдэг эмэгтэй дүрийн шагналын төлөө Риз Уизерспун /”Wild”/, Марион Котийяр /"Two Days, One Night"/, Фелисити Джонс /"The Theory of Everything"/, Розамунд Пайк /"Gone Girl"/ нар өрсөлджээ.
 
Энэ жилийн “Шилдэг найруулагч” шагналыг Алехандро Гонсалес Иньярриту "Бердмэн" киногоороо хүртсэн байна. Энэ шагналын төлөө Ричард Линклейтер /"Boyhood"/, Беннет Миллер /"Foxcatcher"/, Уэс Андерсон /"The Grand BUDAPEST HOTEL"/, Мортен Тильдум /"The Imitation Game"/ нар өрсөлдсөн байна.
 
Америкийн Холбооны тагнан мөрдөх товчооны ажилтан асан Эдвард Сноудены тухай Лора Пойтрасын найруулсан "Citizenfour" хэмээх баримтат кино "Шилдэг баримтат кино"-ны төрөлд "Оскар"-ын шагналыг хүртлээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: