Хэдхэн хоногийн дараа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиох гэж байгаа билээ. Энэхүү өдрийг угтсан олон үйл ажиллагаа, тоглолтууд зохион байгуулагдаж байгаа. Өчигдөр гэхэд л Сүхбаатар дүүрэгт нэгэн сонирхолтой арга хэмжээ зохион байгуулагдсан юм. Тус дүүргийн XII хорооноос “Ахмадаасаа суралцъя” нэртэй аяныг зохион байгуулж байгаа аж. 
 
Энэхүү аян нь ахмадуудаа хүндлэх, тэдний ажлын туршлагаас суралцах, уламжлалт ёс заншлыг өвлүүлэх, цаашдын хамтын ажиллагааг чиглүүлэхэд оршиж байгаа юм. Тус аяны хүрээнд “Цайны баяр”-ыг өчигдөр хорооныхоо байранд зохион байгууллаа. Энэхүү аянд тус хорооны одонтой ээжүүд, ахмадууд оролцлоо. Нутаг нутагт төрж, өссөн ээжүүд өөрсдийн гарын цайг чанаж ирсэн байсан юм. 
 
Цай гэдэг хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд эрт нэвтэрсэн ундаа билээ. Манай эриний өмнөх II зууны үеэс эхлэн Азийн орнуудад цайг хэрэглэж эхэлсэн түүхэн баримт байдаг. Цайны ургамал нь Ази тивийн чийглэг, дулаан бүсэд элбэг ургадаг байсан нь ийнхүү хэрэглээнд нэвтэрч эхэлсэн учиртай болов уу.
 
Монголчууд бөөрөлзгөнө, гоёо, гичгэнэ, тэхийн шээг гэх мэтчилэн 100 гаруй төрөл зүйлийн цайг орлох ургамал хэрэглэж байсан судалгаа бий. Үүний нотолгоо болгож “Цайны баяр”-т оролцсон ээжүүд 20 гаруй төрлийн цай чанаж, хүрэлцэн ирсэн зочдоо дайлж байсан юм. Энд борцтой цай, Увсын бөөнтэй цай, Баянхонгорын арвайн гурил, шар тостой цай, Чөмөгний ястай буриад цай ч байлаа. Цай болгоны амт өөр. 
 
Тухайн нутгийнхаа байгаль, цаг уурын онцлогоос шалтгаалаад чанасан цайны амт ч өөр өөр байдаг аж. “Цайны баяр”-ын үеэр ахмадын өөрсдийн чанаж ирсэн цайг оролцогчдод тайлбарлаж байв. Тухайлбал, тус хорооны өндөр настан А.Должин “Би Баянхонгор аймгийн Бууцагаан сумын хүн. Энэ “Цайны баяр”-т өөрийнхөө гарын цайг чанаж ирлээ. Ер нь монголчууд их олон төрлийн цайгаар зочдоо дайлдаг. Цайныхаа дээжийг хамгийн эрхэм нандин хүмүүстээ түрүүлж барьдаг уламжлалтай ард түмэн. 
 
Манай нутаг арвай, буудай элбэгтэй. Тийм ч учраас цайндаа арвайн гурилыг хийцэлж чанадаг юм. Мөн цайг олон самрах тусам тэр хэрээрээ амт нь зөөлөн болдог. Тэгэхээр өөрийн чанасан “зөөлөн” цайгаараа зочдыг дайллаа” гэж байсан юм. Ер нь манайд цайтай холбоотой олон ёс заншил бий. “Цайны баяр”-ын үеэр ахмадууд өөрсдийн мэддэг ёс заншлуудаас хуваалцаж байлаа. 
 
Тухайлбал, монгол гэрт гал дээр тогоогоо тавихдаа үүд рүү буюу урд зүг рүү хазгай тавихыг цээрлэдэг гэнэ. Энэ нь урд зүгийг муу зүг гэж үздэг бөө мөргөлийн уламжлалаас үүдэлтэй аж. Тийм ч учраас тогоог гал дээр тавихдаа хойд зүг рүү үл ялих хэлтгий тавьдаг байна. Түүнчлэн цайны дээж өргөх ёслол, бэр буулгах ёслол, хүүхдийн угаалга, бөө мөргөл дэх цайны ёслол гэх мэтчилэн цайг ёслолын ундаа болгож хэрэглэж ирсэн монгол занншил байдаг байна. 
 
Өчигдрийн “Цайны баяр”-т Япон улсын иргэн Хасако оролцсон юм. Тэрээр хүрэлцэн ирсэн зочдод японы цайны ёслол, цай аягалах ёс заншлын талаар ярьж өгсөн юм. Түүний хэлснээр япончууд аяганд цайг дүүрэн хийхийг цээрлэдэг гэнэ. Учир нь үүнийг муу ёр гэж үздэг ажээ. Цайны ёслол нь маш нарийн дэг жаягтай байдаг аж.
 
“Ахмадаасаа суралцъя” аяны хүрээнд “Бид бүтээж чадна” нэртэй үзэсгэлэн худалдааг ч давхар зохион байгуулсан юм. Энэхүү үзэсгэлэн худалдаанд дэлгэгдсэн бүтээгдэхүүнээс худалдан авалт хийх боломжтой байлаа. Хорооныхоо гарын ур дүйтэй ахмадуудын урласан мөнгөний гахай, хүүхдийн хувцас, хатгамал, ноос ноолууран-эдлэлээс авахуулаад үндэсний хувцас ч энд дэлгэгджээ. Ахмадууд гэртээ зүгээр суудаггүй, үр хүүхдүүдээ юмхнаар юм хийлгэж сургахыг эрмэлздэг нь энэ үзэсгэлэн худалдаанаас харагдаж байлаа.
 
Тус хорооны Засаг дарга Ц.Долгормаа “Бид “Ахмадаасаа суралцъя” аяныг зарласан. Энэ аяныхаа хүрээнд өнөөдрийн арга хэмжээг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулж байгаа юм. Аян зөвхөн “Цайны баяр”-аар зогсохгүй. Тун удахгүй эр цэргийн баярыг угтаж мөн ахмадуудынхаа дунд “Номын баяр” зохион байгуулна. Энэ үеэр хорооныхоо номын санд ном хандивлах үйл ажиллагаа болох юм. Энэ мэтчилэн цааш цаашдаа хийхээр төлөвлөсөн ажлууд их байна” гэлээ. 
Тус хорооны зүгээс ахмадууддаа ихээхэн анхаарал хандуулдаг нь харагдаж байлаа. Тухайлбал, энэ сарын 10-15-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран ахмадуудаа нарийн мэргэжлийн эмч нарын эрүүл мэндийн үзлэгт хамруулах гэнэ. 
 
А.Халиун
Эх сурвалж: "Нийслэл таймс"