sonin.mn
Би энэ сэдэв дор Монголын зохиолчдын эвлэлийг бичнэ. Эдний заль мэх хэтэрч байна. Үүнд гаргах олон баримт байна. Гэвч энэ удаа тэр бүрийг тоочихгүй. Үг үмхийрэхгүй, үнэн худал болохгүй. Зохиолчдын хороо С.Удвалын үед арай ийм байгаагүй. Л.Түдэвийн үед ч бас ийм байгаагүй. Д.Цэдэвийн үед мөн ийм байгаагүй. 
 
Тэдний үед муу юм байсан. Одоо хар, бараг нэг ангийн бөгс, бөөрнөөс өөр авьяас эрдэмгүй хэдэн новш ар өврийн хаалгаар цуглараад байна. Манай ангийнхан гээд зурагтаар хүртэл бүхэл бүтэн нэвтрүүлэг явуулаад л. Л.Түдэвийн санаачилгаар баригдсан зуслангийн байр байшинг ч нэг зальт луйварчин тохитой хүний нэрээр зараад л. Д.Нацагдоржийн музейг сэргээсэн гэж худал хуцаад л.
 
Их юм бий хөө. Туул ресторан зэрэг газар төрийн одон тэмдгийг энгэрийн тэмдэгнээс доош нь хийж тараагаад л. Ухаандаа одоо Зохиолчдын эвлэл гэдэг айлын байр байшинг эд түрээсийн болгон эзэмшээд мөнгөөр нь гадаад дотоодод тэнэж архидаад яваа юм биш үү. Эдний олзыг олох арга ов залийг хэрэг болгоод байгаа ордон чинь учиртай утгатай юм байна шүү. 
 
Эрдэмтэн зохиолч Лодонгийн Түдэвийн 35 дугаар ботийн 293 дүгээр талд “Зохиолчдын ордон бол өөр хэнийх ч биш, зөвхөн зохиолчдын өмч” гэжээ. Тэгээд Л.Түдэв цааш нь зохиолчдын зохиолын фондын хэдэн сая төгрөгөөр боссон зэргийг хөдөлшгүй баримтаар гаргажээ. Энэ ботидоо Л.Түдэв Шадивлангийн зуслан Д.Нацагдоржийн музейн асуудлыг ч босгожээ. 
 
Сүүлийн үед хамгийн эвгүй сэтгэл төрүүлээд байгаа сэдэв бол Монголын зохиолчдын 15 дугаар чуулган гэдгийг эд хийж, халтуур номоо ч “Миний лобби” гэж гарчиглаад үндэсний хэл, сэтгэлгүй сайд нэртэй авгайтай, Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал хаягтай Гомпилдоогийн Мөнхцэцэг 80 саяын асуудлаар холбогдоно. Үүнийг Авилгалтай тэмцэх газар шалгасан уу, шалгасан. Асуудал гарсан уу гарсан. Босоод ирсэн асуудлыг Ардын цолтой хоёр зохиолч нөгөө хэн дээр орж найруулсан гэж яриад байна, энэ үнэн үү? Энэ худал уу?
 
Би бол яахав муу нэртэй луу данстай юм бүхнээс хасагдаад сурчихсан. Үхэхийг унтахын чинээ санадаггүй, үзэлцээд эхэлбэл үгээ татаж буцдаггүй, яахаас ч буцахгүй хэрүүлч, заргач, дошгин түргэн, балмад араншинтай, хутга шиг хурц хамгийн муу муухай хүний нэг. Үүнийг хамгийн сайн мэдэх хүмүүс бол Монголын зохиолчид. Миний балмад танхай зэрлэг дошгин авирыг төр засаг ч, нийгэм ч мэдэж байхад ер нь зүгээр шүү. Өөрийнхөө муу талыг нууж хаалгүй, илэн далангүй үнэн мөнөөр нь хэлчихлээ. Простите меня отечества.
 
Би энэ сэдэв дор мөн “Цагийн хүрд”-ээр зохиолчдыг хулгайч гэсэн. Энэ үгийг тайлбарлах нь зүйтэй. Нэг л жишээ гаргасугай. Билгийн тооллын XVII жарны Шаргачин могой жилийг улируулан үдэж 1990 онд миний санаачилж гаргасан “Шувуун саарал” богино өгүүллэгийн наадмыг эд дээрэмдэн булааж “Утгын чимэг” нэр өгөөд архидаж найрлаж байна. Сүү долоосон гөлөг шиг юмнууддаа тэргүүн шагнал хайрлаад бүлэглэж бүрэлгэж байна. 
 
Энэ мэт олон асуудлыг шүүхэд өгсөн ч болно. “Утгын чимэг” 2014 хэмээх номдоо “Утгын чимэг" наадмын тэргүүн гэсэн нэрэн дор Л.Түдэвийг Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт 1990 оны “Утгын чимэг”-ийн тэргүүн шагналт гэжээ. Лодонгийн Түдэв бол ойр зуурын бага сага уралдаанд бараг оролцдоггүй зохиолч.
 
Харин миний санаачилсан “Шувуун саарал” наадамд “Эрхий дарам зайд мянган заан" өгүүллэгээ ирүүлж түрүүлсэнд олон түмэн баярлаж байсан. Утгын чимэг гэгчээр биш “Шувуун саарал" наадмаар тэргүүлсэн юм шүү. Хараажаар юмыг луйвардаад үзээжээр юмыг хулгайлаад байгааг би баримт түшиглэж олон номдоо бичсэн. Амаар худлаа ярьж болно, гомоор худлаа ярьж болохгүй. Эдгээр асуудлыг би зүгээр орхихгүй. 
 
Зундуйн Дорж