sonin.mn
Бидний монголчуудын идээ ундааг хүртэж хэрэглэж байсан ёс заншил маш эртний, маш нарийн, өөрийн гэсэн өвөрмөц дэг жаягтай ажгуу. Идээ ундааг хэрэглэхдээ хүний бие махбодын онцлог, цаг агаарын онцлог, насны онцлог, хэмжээ чанар, өнгө зэрэг олон зүйлийг харгалзан үздэг байжээ. Идээ ундааг зөв хэрэглээгүй, дээр дурдсан онцлогийг харгалзахгүй бол эрүүл мэндэд хортой нөлөөлөх, ихэнх өвчнийг үүсгэх нөхцөл болно, харин тохируулан хэрэглэвэл аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж, идэвхтэй, аз жаргалтай урт наслана гэж үзсээр иржээ. Энэ удаад монголчууд маань зөвхөн дөрвөн улиралд идээ ундааг хэрхэн тохируулж хэрэглэж байсныг товчхон дурдъя.
 
ХАВАР
 
Цас мөс хайлж, газар гэсч, цэцэг ногоо дэлгэрч байвч өвлийн сүүл сарын хүйтэн, хаврын тэргүүн сарын бүлээн уур амьсгал харшилдаж, цаг агаар хэдэнтээ хувьсан өөрчлөгдөж байдаг. Миний бие Монголдоо нэртэй маарамбуудын нэг Доржжанцан гуайтай багш шавийн барилдлага үүсгэж, Анагаах ухааны хүрээлэнгийн эм зүйн секторт хэсэгхэн зуур ч хамт ажиллах ховорхон аз завшаан тохиосон билээ.
 
Олон жилийн тэртээх хавар Доржжанцан маарамба Анагаах ухааны хүрээлэнгийн удирдлагаас хавар ээлжийнхээ амралтыг авъя гээд бүтээгүй билээ. Ажилд ороод арван нэгэн сар арай болоогүй байжээ. Арвин их туршлагатай, асар их мэдлэгтэй тэр эрхэм хүнд дипломгүй гээд дунд мэргэжилтний туслахын цалин өгч байхад бид мэт нь дээд боловсролтой гээд хоёр дахин өндөр цалин авахдаа ичихийн дээдээр ичдэг байж билээ. 
 
Хавар ээлжийх нь амралтыг өгөхгүй гэхээр “Хэзээ амрахаа хэрмэл түшмэдээр заалгахгүй” гээд тэр атугай олон зүйлд гомдсон эрхэм маарамба ажлаасаа гарчихаж билээ. Ер нь их шулуун шударга хүн байсан юм. Тэгэхэд тэр эрхэм хүн, “ Хаврын хахир цагт ус хүртэл эцдэг юм, болж өгвөл хаврын цагт амарч, хоол ундаар биеэ тордож бай хүү минь” гээд эцгийн ёсоор сургамжаа хайрлаж байсан юм.
 
Хүн амьтан байтугай ус хүртэл эцдэг хаврын энэ улиралд хамгийн зохистой идээ нь халуун хүйтнийг тэнцүүлэх бүлээн гаралтай идээ байх ёстой гэж Монголын уламжлалын анагаах ухаанд үздэг юм. Тэр сайн идээ бол шар идээ юм. Тослог, хөнгөн, илчлэг ихтэй идээний төрлийг шар тосоор төлөөлүүлж бэлгэдэж шар идээ гэж нэрлэдэг. Хаврын цагт улаан идээ буюу махан идээг арай багасгаж, шар идээг түлхүү хэрэглэнэ. 
 
Шар идээнд шар тос, арвайн гурил, шар будаатай цай, шар тостой цай, ээзгий, бяслаг, өрөм, зөөхий, уураг, хайлмаг зэрэг олон төрлийн идээ ундаа багтана. Шар идээ нь улаан идээг бодвол шингэц сайтай, ходоодны галын илчийг сэлбэж, илчийг үүсгэдэг учир хувирамтгай цаг агаар, салхи жаврыг давахад чухал үүрэгтэй юм. Ахмад үе маань шар тостой арвайн гурил зуурч, аарцтай шөл, сонгино сармистай бууз, шар тосонд гурилдсан цай ууж биеийн эсэргүүцэл, аливаа өвчнөөс сэргийлэх дархлаагаа сайжруулж хаврын хүнд улирлыг санаа амар давдаг байжээ.
 
Хавар хаварт ханиад томуу ихэсч, хууч өвчин хөдөлдөг болохоор идээ ундаа хэрэглэх уламжлалт ёс заншлаа эрэгцүүлэн бодож, дагаж мөрдвөл зохилтой санагдана.
 
ЗУН
 
Нар хур тэгширч хүний бие махбод гол төлөв чийрэг, тамир тэнхээтэй болох тул хоолны шингээлт муудаж илчлэг багатай, хөнгөн идээ ундааг бие махбод шаарддаг нь хэн бүхэнд тодорхой билээ. Тиймээс зуны цагт монголчууд маань цагаан идээг өргөн дэлгэр хэрэглэдэг. 150 гаруй цагаан идээг хэрэглэж байсан нь үнэхээр гайхаж биширмээр. 
 
Цагаан идээг ерөнхийд нь идээний зүйл, ундааны зүйл гэж хоёр ангилдаг. Идээний зүйлд нь ааруул, ээзгий, бяслаг, өрөм, зөөхий, цөцгий зэрэг багтдаг бол ундааны зүйлд сүү, цэгээ, ээдэм, айраг, тараг, аарц, хоормог, шимийн архи багтана. Монголчууд маань цагаан идээг эрүүл энх, урт наслахын сурвалж гэж үзэн шүтэн хэрэглэдэг бөгөөд шим тэжээлээр төгс хангагдаж, таван цул эрхтэний тамирыг арвитгаж байдаг бөлгөө.
 
Сүү л гэхэд үнээ, хонь, ямаа, гүү, ингэний сүү гээд олон төрөл бөгөөд амт, шим, илчлэг зэрэг онцлогийг харгалзан олон төрлийн идээ ундаа бэлтгэж, заримыг эмчилгээний зорилгоор хэрэглэдгийг монгол хүн бүр андахгүй мэдэх болохоор нурших нь илүүц юм.
 
НАМАР
 
Намрын улиралд хур бороо татран хуурайшиж, нар буцаж, сэрүүн үүссэнээс дотоод дулаан сэргэж, бодисын солилцоо түргэсч идэвхждэг. Энэ үед амтлаг, гашуун исэглэн хоол ундаа, ногоон идээг үндсэн идээ болговол сайн юм. Ногоон идээ олон төрлийн амин дэмтэйгээс гадна хүний бие махбод, ходоод гэдсийг цэвэрлэх туулгын чанартай байдаг. 
 
Монголчууд маань эртнээс сонгино, сармис зэрэг хүнсний ногоо, үхрийн нүд, аньс, долоогоно, мойл зэрэг зэрлэг жимс, зөгийн бал хэрэглэж заншжээ. XIII зууны үеийн Италийн жуулчин Марко Поло, Хятадын жуулчин Чжан-Да-хуй, XVIII зууны Манжийн хааны эмч Тулишин зэрэг хүмүүсийн замын тэмдэглэлээс үзэхэд монголчууд тариа, ногоо тариалж багагүй хэрэглэж байсныг тэмдэглэсэн байдаг.
 
Сүүлийн үед Монголд газар тариалан хөгжиж төрөл бүрийн хүнсний ногоог жилийн турш ялангуяа намар өргөнөөр хэрэглэх болсон нь сайшаалтай юм. Мөн сэрүүн улирал эхэлж байгаатай холбогдуулан ногоон идээний зэрэгцээ тослог өөхлөг шар болон улаан идээг бага зэрэг хослуулах хэрэгтэй байдаг. 
 
ӨВӨЛ
 
Өвөл хүйтэрч, газар ус царцан хөлдөж, усны нүх сүв хаагдахын хамт хүний биеийн шар усны нүх сүв битүүрч хаагдах бөгөөд бие махбодын бодисын солилцоо өөрчлөгддөг. Өвлийн улирлын хүйтнээс бие махбод өөрийгөө хамгаалах үүднээс биеийн дотоод халуун туйлдаа хүрч, шарын гал бадарч, ходоод гэдэсний чадал төгөлдөржиж, хоолны шингэц сайжирдаг. 
 
Иймээс өвлийн улиралд монголчууд улаан, шар идээг түлхүү хэрэглэж байжээ. Улаан идээ болох махан зоогийг хуурай газар амьдардаг амьтны, усны амьтны, газар уснаа амьдардаг амьтны гаралтай гэж ангилж хуурай газар амьдардаг амьтны буюу таван хошуу малын махыг түлхүү хэрэглэж иржээ. Ялангуяа улаан идээний охь болсон хонины мах, хонины шөлөөр биеийг шимжүүлэн урт өвлийн хүйтнийг даван туулж иржээ. 
 
Монголчууд махан хоолны 200 гаруй төрлийн идээг хэрэглэж байсан юм. Хонины махны зэрэгцээ үхэр, адууны махыг өвлийн улиралд өргөн дэлгэр хэрэглэдэг. Зарим төрлийн хүнсний ногоог даршлан улаан идээний аагийг тэнцүүлэх зорилгоор хэрэглэх нь бас зохистой юм. Мөн зээр, буга, гахай зэрэг зэрлэг амьтны махыг их хэмжээгээр хэрэглэж байсан нь түүхэн ном судраас тодорхой байдаг юм. Улаан идээ болох махан идээ нь нүүдэлчин монголчуудад хамгийн их зохицсон, Төв Азийн эрс тэс уур амьсгалыг даван туулах эрч хүч болсон байлаа.
 
Харин хүн амын ихэнх нь хот газарт суурьшиж, дулаан орон сууцанд амьдрах болсон орчин үед амьдралын болон ажиллах нөхцөлдөө тохируулан хооллох нь чухал боловч олон зуун жилийн заншлаа огцом орхивол бие махбодын дасан зохицох чадварт муугаар нөлөөлж болзошгүйг бас анхаарах нь зүйтэй болов уу.
 
Монголчуудын идээ ундаа хэрэглэх ёс заншлын талаар академич Ш.Болд, хүнс судлаач доктор Г.Лхагва, уламжлалт анагаах ухаан судлаач Ш.Сүхбат, Монголчуудын ёс-заншлын судлаач Д.Гонгор нарын бүтээлд дэлгэрэнгүй бичигдсэн байдгийг энэхүү бяцхан өгүүллийнхээ эцэст эрхэм уншигчдадаа сонордуулъя. 
 
Доктор, профессор Л.Хүрэлбаатар