sonin.mn
АТГ-аас томилогдсон ажлын хэсэг Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал болон гэмт хэргийн шалтгаан, нөхцлийг арилгуулахаар хүргүүлсэн мөрдөн байцаагчийн мэдэгдлийн хэрэгжилттэй танилцлаа. Тус төвийн дарга Л.Баярхүү нь авлигын гэмт хэргийн шалтгаан, нөхцлийг арилгах хүрээнд санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлэлт, хадгалалт хамгаалалт, хяналтыг сайжруулан, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн газар, дүүргийн нийт 891 сая 21 мянга 405 төгрөгийн хөрөнгийг болон АИФО, Европын Холбооны хамтран хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэмшүүлэхэд туслах” төслийн хүрээнд хандивласан 4 сая 457 мянга 231 төгрөгийн тусламжийн хөрөнгийг үндсэн хөрөнгийн бүртгэлд авч, нийслэлийн Өмчийн харилцааны газрын зохих бүртгэлд оруулжээ.
 
Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргаас эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмчээр сар бүр 200 мянга, санхүүгийн зөвлөхөөр сар бүр 700 мянга, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерээр сар бүр 300 мянга, цитологич эмчээр сар бүр 500 мянга, хуулийн зөвлөхөөр сар бүр 400 мянган төгрөгийн ажлын хөлстэй тус тус ажиллуулах шийдвэр гаргаж, ажил гүйцэтгэгч нартай хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулан хэрэгжүүлснийг АТГ-аас төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулах нөхцлийг бүрдүүлсэн, мөн хөлсөөр ажиллах гэрээгээр гүйцэтгэх ажил, үйлчилгээг нээлттэй сонгон шалгаруулалтаар ил тод зарлах зарчмыг баримтлаагүй гэж үзэж, энэ талын холбогдох тушаалуудыг хүчингүй болгож, нээлттэй сонгон шалгаруулалт зарлах зарчмаар хэрэгжүүлэх саналаа хүргүүлсэн юм. АТГ-аас хүргүүлсэн саналын дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/22 дугаар тушаалаар хууль зөрчсөн дээрх гэрээнүүдээ цуцалж, холбогдох 5 тушаалыг хүчингүй болгожээ. 
 
 
Б.Туул
Эх сурвалж: