sonin.mn
БЭЭЖИН. /WantChinaTimes/. Дэлхийн хүн амын 800 сая орчим нь Монголын удирдагч Чингис хаан, Хятадын удирдагч Абаожи ба Гиокангга, Ляо улсын эзэн хаан болон Киданы Их хаан зэрэг 11 удирдагчдын үр удам байна гэж Их Британийн “Daily Mail” сонинд мэдээлжээ. Генетикчид Азийн 121 угсаатны 5321 залуугийн ДНК-г шинжилж, тэдний өвөг дээдсийг тодорхойлсон байна. Шинжилгээнд хамрагдагсдын 37.8 хувь нь 11 хүний цусан төрөл байснаар У-хромосомын 11 өвөрмөц залгамжлалыг тэд олжээ. Үүнээс үзэхэд, 800 сая орчим залуу эдгээр 11 өвөг дээдсийн аль нэгний У-хромосомтой болохыг олсон байна.
 
Энэ цусан төрлийг МЭӨ 2100 болон  МЭ 1100 оны хоорондох Зүүн өмнөд Азиас Ойрхи Дорнод хүртэлх өргөн уудам тивээс улбаатай хэмээн үзэж байна. Тухайн үеийн нийгэмд нөхөн үржихүйн эрүүл мэндийн байдал сайн, хүүхдийн эндэгдэл бага байсан бөгөөд эрчүүд нь олон тооны эхнэр болон бэлгийн хамтрагчтай байсан байна гэж шинжээчид ярьжээ. Ази тивийн өргөн уудам газар нутгийг эзэлж, улмаар Ойрхи Дорнод, Европт эрх мэдлээ тогтоосон Чингис хаан энэ байлдан дагууллаараа хэдэн зуун үр удмаа үлдээсэн байх магадлалтайг шинжээчид дурдсан байна.
 
Мөн 1644-1912 оны хооронд Хятадыг захирч байсан Чин гүрнийг байгуулсан Зүрчидийн /дараа нь Манж улс болсон/ удирдагч Гиокангга нь олон эхнэртэй байсан учир маш олон хүүхдийн эцэг байсан байж магадгүй үзэж байна. Торгоны зам дагуу бөөгнөрөн суурьшсан иргэдийн төрлийн холбоог шинжээчид тодорхойлсон бөгөөд энэ нь монголчууд эсвэл зүрчид хүмүүс буюу Өрнөд Сяо бүс нутгийн Киданы эзэн хааны үр удам байж магадгүйг харуулж байна. Ляо улсын эзэн хаан болон Киданы Их хаан Абаожи энэ цусан төрлийн язгуур байж магадгүй гэсэн таамгийг шинжээчид дэвшүүлжээ.
 
Энэхүү судалгааг баталгаажуулах ганцхан зам бол дээрх 11 удирдагчийн ДНК-г олж шинжлэх явдал юм. “Үүнийг цаашид сайн судлах шаардлагатай байна. Гарсан үр дүнг Хүний Генетикийн тухай Европын сэтгүүлд нийтэлсэн байгаа” гэж Лестерийн их сургууль дахь судалгааг ахлагч, генетикч, профессор Марк Жоблинг ярив.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: