sonin.mn
ЛОНДОН. /InternationalBusinessTimes/. Нэг сарын өмнө хулгайлагдсан занданшуулсан шарилыг байсан газарт нь буцаан хүргэхээр болжээ. Энэ мэтийн гэмт хэрэг дахин гарахаас сэргийлэх бүтэц бий болгоно гэж Улаанбаатарын Буддын шашны их сургуулийн бурханы шашны урлагийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, ахлах судлаач, профессор Г.Пүрэвбат “Siberian Times” сонинд ярилцлага өгөхдөө хэлжээ.
 
Занданшуулсан шарилд зориулж бунхан барих аж. Занданшуулсан шарилыг олсны дараа Улаанбаатар хотын шүүх эмнэлгийн үндэсний төвд хамгаалалтад авсан үед ч хүмүүс залбирахаар очиж байжээ. Монголын нэгэн жүжигчин хамгаалалтад байсан занданшуулсан шарилын дэргэд сэлфи зураг татуулсан нь дуулиан дэгдээсэн юм. Очир завилгаар бясалгал хийж байгаа мэт суусан  энэ лам “тукдам” хэмээх бясалгалыг маш ховор хэлбэрээр үйлдэж байна гэж үзэж байсан хэдий ч таамаглал буруу болох нь нотлогдсон байна.
 
 Уг шарил орон нутагтаа маш нэр хүндтэй буддын шашны номлогч Гэсэрийн шавь болох 70 насандаа өөд болсон Цорж Санжжавын шарил байжээ. Түүнийг багшийнх нь хажууд оршуулсан байна. Занданшуулсан шарилыг уулын агуйгаас олж, хар зах дээр борлуулах гэж байхад нь илрүүлсэн байна. Шарилыг үхрийн арьсанд боосон байсан нь нэгдүгээр сарын 27-нд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргээс олдсон байна.
 
Архангай аймгийн Цахир сумаас 50 км зайд орших Содномдаржаа ууланд мөрдөн байцаагчид очжээ. Уг газарт Гэсэр ламын бунхан байрладаг ажээ. Гэсэр лам нь Хөх нуурын орчимд амьдардаг байсан бөгөөд 1890 оны үед бясалгал үйлдэж байгаад насан өөд болсон байна. Түүний биеийг цэвэрлэж, занданшуулсны дараа бунхан босгосон гэдэг. Тэрбээр шавийнхаа нэгэн адил очир завилгаагаар суусан байсан бөгөөд түүний шарилыг модон хайрцаганд хийж булаад чулуугаар хүрээлсэн байжээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: