sonin.mn
Харилцаа холбооны салбарт төрөөс баримтлах бодлого, ардчилсан нийгмийн үнэт зүйл болсон иргэдийн мэдээлэл авах, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх эрхийн асуудал олон улсын хэмжээнд идэвхтэй яригдаж байгаа үед Монгол Улс “Интернэтийн эрх чөлөө” эвслийг тэргүүлж байгаа юм. Манай улс тус эвслийг 2014-2015 онд тэргүүлж байгаагийн хувьд  эвслийн  орнуудын сайд нарын 5 дугаар бага хурлыг Улаанбаатар хотноо 2015 оны 5 дугаар сарын 4-5-ны өдөр  зохион байгуулахаар бэлтгэж байна.
 
Энэхүү бага хуралд зарим улс дээд түвшинд оролцох, мэдээлэл холбооны  дэлхийд нэр хүндтэй пүүс компаниуд, иргэний нийгмийн байгууллагуудын нийт 400 орчим төлөөлөл ирж оролцох гэж байна. Одоогийн байдлаар Австрали, Норвеги улс эвсэлд нэгдэж орох хүсэлтээ илэрхийлжээ. Олон улсад  өндөр нэр хүндтэй энэхүү арга хэмжээг өөрийн оронд амжилттай зохион байгуулахын тулд Монгол Улсын Их Хуралд нэр бүхий гишүүдийн санаачилгаар бүлэг байгуулах, интернэтийн холбогдолтой зарим хуулийг батлах буюу нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа Гадаад хэргийн яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Г. Ганболд манайд мэдээллээ. Мөн энэ өдрүүдэд “Мэдээлэл, холбооны технологи 2015“ үзэсгэлэнг зохион явуулахаар төлөвлөж буйг  Мэдээл технологи шуудан, харилцаа холбооны газар, Монгол Улсын Техникийн их сургууль, Харилцаа холбооны сургуулиуд хамтран оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг хийхээр төлөвлөж байна.
 
Бага хуралд сайтар бэлтгэж, харилцаа холбооны төдийгүй хүний эрх, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын оролцоотойгоор амжилттай зохион байгуулахаар Гадаад хэргийн яам,Мэдээлэл холбооны технологи, шуудангийн газар, Мэдээллийн үндэсний парк, “Торгоны зам Сан”, “Цахим өртөө” төрийн бус байгууллагууд хамтарсан Ажлын хэсэг  байгуулжээ.
 
Мэдээлэл холбооны технологи түргэн хурдацтай хөгжсөн өнөө үед, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, ил тод, хөнгөн шуурхай болгоход интернэт нэн тустай. Нөгөө талаар, хүний бодол сэтгэлгээ, ахуй амьдрал, соёл, эдийн засаг, төдийгүй улс нийгэм, олон улсын харилцаанд  ч интернэт хүчтэй нөлөө үзүүлж байна.Ойрын жишээг дурдахад хэн боловч интернэтийг ашиглан мэргэжил, мэдлэг туршлагадаа тулгуурлан орон зай, цаг хугацааны эрхшээлгүйгээр бизнес эрхэлж ашиг орлогоо нэмэгдүүлэхээс гадна шинэ сэргэг зүйлийг олж мэдэх, мэдээлэл авах, сэтгэж бодох, итгэж үнэмших, эвлэлдэн нэгдэх, нийгмийн амьдралд оролцох эрхээ эдлэх боломж нэмэгдэж байна. Аливаа зүйлд эерэг хийгээд, сөрөг тал байдаг учир бидний амьдрал кибер халдлага, тагнан турших ажиллагаа, зохион байгуулалттай гэмт үйлдэл, гадны заналхийлэлд өртөх магадлал нэмэгдэж байгааг ч үгүйсгэх аргагүй.
 
Айх эмээх аюулгүй аж төрөх нь чухал боловч үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхэд саад учруулах бус харин ч зэрэгцэн оршиж бие биенээ нөхөх өөрөөр хэлбэл, интернэт найдвартай байхын хэрээр  хүн бүр түүнийг чөлөөтэй хэрэглэх боломж бүрдэх учиртай. Одоогоос таван жилийн өмнө 2011 оны 12 дугаар сард Нидерланд улсын  Гадаад хэргийн сайд Ури Розенталийн санаачилгаар интернэтийн эрх чөлөөг баталгаажуулахад төр, засгийн гүйцэтгэх үүргийг 15 улс  Гаага хотноо хамтран  хэлэлцээд “Интернэтийн эрх чөлөө” эвслийг байгуулсан нь өдгөө нөлөө бүхий олон улсын хөдөлгөөн болоод байна.
 
Хүний эрх, эрх чөлөөний төлөө, тухайлбал цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхийг баталгаажуулах, эрх нь зөрчигдсөн хүмүүст тусалж дэмжихийг зорьдог энэхүү хөдөлгөөнд эдүгээ Австри, АНУ, Британи, Канад, Кени, Кострика, Гана, Гүрж, Герман, Ирланд, Кени, Латив, Литва, Мальдив, Мексик, Молдав, Монгол, Нидерланд,Эстони, Финланд, Франц, Чех, Швед, Тунис, Япон зэрэг 25 улс  гишүүнээр нэгдсэн бөгөөд НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөл,  НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан,соёлын байгууллага, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага зэрэг засгийн газар хоорондын, Цахим засаглал чуулга уулзалт, Интернэтийн асуудлаарх Стокгольмын чуулган, Глобаль дижитал партнерс зэрэг иргэний нийгмийн болон бизнесийн олон байгууллагатай хамтарч ажилладаг болов.
 
Төр, засгийн газрууд бизнесийн болон иргэний нийгмийн байгууллагуудын  идэвхтэй оролцоотойгоор, албан  болон албан бус хурал, уулзалтуудыг олонтаа зохион байгуулдаг “Интернэтийн эрх чөлөө” эвсэл 2012 онд Кени, 2013 онд Тунис,2014 онд Эстони улсад сайд нарын түвшинд хуралдаж мэдээлэл холбооны салбарт төрөөс баримтлах бодлого, интернэт орчинд үзэл бодлоо илэрхийлэх хэм хэмжээ, чөлөөтэй бөгөөд найдвартай интернэт, ил тод байдал хийгээд хүний нэр төр, хувийн нууц, нийгэм-эдийн засгийн хөгжилд интернэтийн ач холбогдол, интернэтийн ирээдүй, цахим засаглал, интернэтийг хааж хориглохын  хор уршиг зэрэг өргөн хүрээтэй сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлж, мэдээ мэдээлэл солилцохын зэрэгцээ Олон улсын цахилгаан холбоо, Олон улсын цахилгаан холбооны дэлхийн бага хурлын хүрээнд байр сууриа уялдуулан зохицуулж ирлээ.
 
Тус эвсэл жил тутам сайд нарын түвшинд ингэж чуулахын зэрэгцээ Найдвартай, чөлөөтэй интернэт, Интернэтийн ил тод байдал ба хувь хүний нууц зэрэг сэдвээр 15-20 гишүүдтэй Ажлын хэсэг, Анд нөхдийн бүлгүүдийг байгуулж аюул заналхийлэлд өртсөн блогчид, онлайн идэвхтнүүдийг хамгаалах, интернэтийн эрх чөлөөнд тулгамдсан асуудлуудыг оновчтой шийдвэрлэх, хандивлагчдын тусламж дэмжлэгийг дайчлах, Интернэтийн эрх чөлөөний зөвлөмж, Дижитал хамгаалагчдын түншлэл зэрэг санал санаачилгыг дэвшүүлж, блогчид, хүний эрхийг хамгаалагчид, төрийн албан хаагчид, тэр байтугай хакеруудад сургалт зохион байгуулах зэргээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байна.
 
Ж.Болор
Эх сурвалж: