sonin.mn
 
 Хямд үнээр зорчигч тээвэрлэгч Германы иргэний агаарын тээврийн “Germanwings” компани болон тус компанийн толгой компани “Lufthansa”-гийн тэргүүн нар  осол болсон газар болох Францын өмнөд нутаг дахь Альпийн нуруунд очжээ.
“Germanwings”-ийн захирал Томас Винкельман, “Lufthansa”-гийн захирал Карстен Шпор нар “A320” нисэх онгоц осолдсон газрын ойролцоох Сен тосгонд лхагва гарагт очсон байна.
 
Уг онгоц гуравдугаар сарын 24-нд осолдсон бөгөөд зорчигчид, нисэх багийн гишүүд болох 150 хүн бүгд амь эрсэдсэн юм.
 
Эрлийн ажлын явцын талаар цагдаа нар товч танилцуулсны дараа удирдлагууд ойролцоох Ле-Верне тосгонд очиж, ослоор амиа алдсан хүмүүсийн дурсгалыг чимээгүй зогсон хүндэтгэлээ.
 
Хоёрдугаар нисгэгч Андреас Лубиц “A320” онгоцыг санаатайгаар сүйрүүлсэн гэж мөрдөн шинжээчид үзэж байгаа юм.
 
Зургаан жилийн өмнө Лубиц сэтгэл санааны гүн хямралд орсны улмаас хэдэн сарын чөлөө аван эмчилгээ хийлгэн эдгэрснээр ажилдаа буцаж орж байсныг “Lufthansa” мягмар гарагт мэдэгдсэн билээ.
 
“Осол болсонд бид маш их харамсч байна. Манай компани хохирогчдын ар гэрийнхэнд тусална” гэж “Lufthansa”-гийн захирал Шпор хэллээ.
 
“Germanwings”-ийн нисэх онгоцны ослын шалтгааныг тогтооход нэлээд хугацаа орно гэдгийг тэрбээр онцлон дурдсан байна.
 
Гэхдээ хоёрдугаар нисгэгчийн сэтгэцийн эрүүл мэндийн талаар тус компани мэдэж байсан эсэх тухайд тэрбээр тодорхой зүйл хэлсэнгүй.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг