sonin.mn
Тоглолтынхоо орлогоор Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийг шинэчилж,“Хүүхдийн тасаг”, Уламжлалт анагаах ухааны төвийн дэргэдэх Хоол тэжээл, сэргээн засах сувилалд 300 мянган төгрөгийн тоглоом, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэргэнцэр бэлэглэж байсан Ц.Ухаанзаяа охин  “Энэ цагийн эгэл баатар-2014”-ийн эзнээр тодорсон. Тэрээр хүмүүнлэгийн ажлаа үргэлжлүүлэн Төв аймагт тоглолт хийхээр болжээ. 
 
-Тоглолтоо хийх гээд завгүй явна уу. Эгэл баатар болсноосоо хойш юу амжуулав?
 
- Тоглолтын бэлтгэл хийгээд, сургуулиасаа чөлөө авсан. Маргааш Төв аймагт тоглоно. Ээжтэйгээ хамт маш их ажил амжуулаад завгүй байна. Он гарснаас хойш шатрын их мастер А.Энхтуул, мисс Б.Бадамцэцэг эгч нартай хамтраад “Сэтгэлийн өглөг” хүмүүнлэгийн ажил зохион байгуулсан. Баянзүрх дүүргийн асрамжийн газарт өнчин хүүхдүүдтэй хамт цагийг өнгөрөөж, тэдэнд тусалсан. Анхны тайлан тоглолтоо хийж байхдаа асрамжийн газрын хүүхдүүдтэй очиж уулзаж байсан. Эгэл баатар болсныхоо дараа ч гэсэн  очихоор шийдсэн.
 
-Цаашид ямар хүмүүнлэгийн аян өрнүүлэх вэ?
 
 -Аав, ээжийнхээ төрсөн нутагт “Ачийг тань хариулья” тоглолтоо хийж, хүмүүнлэгийн ажлаа үргэлжлүүлэхээр төлөвлөсөн. Аавын маань төрсөн нутаг Төв аймгийнхан намайг маш сайхан хүлээж авсан. Төв аймгаас миний тоглолтыг зохион байгуулахаар  ажлын хэсэг гарч ажиллаж байгаа учраас билет борлуулахад санаа зоволтгүй гэсэн. Намайг халуун дотноор хүлээн авч тусалж, дэмжиж байгаа аймгийн Засаг дарга Д.Баярбат болон, Банзрагч багш, бүх хүнд талархсанаа илэрхийлье. Миний тоглолтыг Болор-Эрдэнэ эгч хөтөлж байгаа. Мөн “Дэлбээ” хамтлаг, Монгол туургатан чуулгын уран бүтээлчид оролцоно. Тоглолтынхоо орлогоор Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Уламжлалт анагаах ухааны тасгийн  төмөр орнуудыг  шинэчилнэ. Тэр тасагт дандаа настай хүмүүс хэвтэж эмчлүүлдэг учраас хуучин орон дээр хэвтэх хүндрэлтэй байдаг гэсэн. 
 
- Ээжийнхээ төрсөн нутагт хэзээ очих вэ?
 
-Ирэх сарын 1-нд ээжийн төрсөн нутаг буюу Говь-Алтай аймагт тоглоно. Улаанбаатараас 1000 км зайтай учраас тоглолтын бүрэлдэхүүн цөөрч магадгүй. Гэхдээ  ивээн тэтгэх газар олдвол бүрэлдэхүүнээрээ явна. Миний тоглолтыг “Тэнүүн пресс”, “Соёмбо” принтинг ивээн тэтгэж урилга, анонс гээд бүгдийг хийж өгдөг. Төв аймагт болох тоглолтод Засаг даргын Тамгын газраас гадна “Арж капитал” гэдэг компани унаа болон мөнгөөр тусалж байгаа.
 
Ээжийнхээ төрсөн нутагт тоглолтоо хийгээд аймгийн Нэгдсэн эмнэлэгийнх нь Төрөхийн өмнөх тасгийн 18 орыг солино. Мөн багачуудын хайртай “Нөхөрлөл” зусланг сэргээхэд бусдыг уриалж, тодорхой ажлуудыг хийх учраас Говь-Алтай аймагт  2-3 удаа тоглох байх. 
С. Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин