sonin.mn
 
 
Сансар огторгуйн олон гаригийг алимтай зүйрлэбэл, тэр дунд ганцхан алим  шаналж, зовж, тарчилж байгаа. Энэ бол дэлхий. Өтөж муудаад, сүйрлийн ирмэгт ирсэн дэлхийгээ аврахаар  хорхой шавьж, жигүүртэн шувууд, ан амьтан, хүн төрөлхтөн нэгдэж байгаа тухай өгүүлэх нэгэн тоглолт удахгүй Төмөр замын дуу бүжгийн чуулгад болно.
“Алим” хэмээх энэхүү хөтөлбөрийг циркийн найруулагч Ю.Гэрэлбаатар найруулжээ. Хүүхдэд урлагийн боловсрол олгохын зэрэгцээ байгаль эх дэлхийгээ хайрлан, хамгаалж, бусадтай нэгдэн, хамтран зүтгэж, сайн сайхныг цогцлоохын ач тусыг ойлгуулах тус хөтөлбөрийг “Бяцхан Моцарт” ТББ-ын тэргүүн Х.Баттуяа санаачилжээ.  Хөтөлбөрт акробат, гимнастик, жонглёр, тэнцвэр, чанга утас гэсэн циркийн үндсэн төрлийг танилцуулна. Шувуудын дүрд агаарын гимнастикч, ажилчдын дүрд жонглёрчид, эрвээхэйн дүрд цагаригаар наадагч, сармагчны дүрд акробатын жүжигчид хувирах юм.
 
Циркийн урлагийг видео арттай хослуулсан тус хөтөлбөрийн компьютер графикчаар Г.Түвшинбат, бүжигчдийн нүүр будалтыг “Kryolan” студийнхэн хариуцаж буй. Хөтлөгч Т.Төрболд, Э.Чинзориг нар тоглолтын үеэр ойн савдгийн дүрд хувирах аж.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг