sonin.mn
 
 
Хүнсний аюулгүй байдлыг хангах хуулийн хэрэгжилт сул байгааг “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал: Өнөөдөр ба ирээдүй” сэдэвт онол практикийн бага хурлын үеэр мэргэжилтнүүд онцоллоо.
Тодруулбал эрх зүйн баримтуудын уялдаа сул байгаагаас гадна хууль хэрэгжүүлэхэд шаардлагатай  журам байхгүй байгааг гадны судлаачид шүүмжилж байна. Стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төслийн хүрээнд тус бага хурлыг зохион байгуулж буй бөгөөд  Засгийн газрын болон 130 гаруй хүнс үйлдвэрлэгч, эрдэмтэд, олон улсын төлөөлөгчид оролцож буй юм.
 
Бага хурлын үеэр Олон улсын санхүүгийн корпорациас хүнсний аюулгүй байдлын тухай судалгааг 300 гаруй бизнес эрхлэгчдийн дунд явуулсныг  танилцуулсан юм. “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль” 2012 онд батлагдсан бөгөөд дээрх судалгаагаар үйлдвэрлэгчдийн хуулийн мэдлэг дутмагаас болж ажиллах чадвар хангалттай биш  байгаа хэмээн дүгнэжээ.Түүнчлэн хоол үйлдвэрлэгчдийн хувьд нийслэлээс Сонгинохайрхан дүүрэг, орон нутгаас Сүхбаатар, Хөвсгөл аймгууд чанар, үзүүлэлтээрээ сүүл мушгиж буйг мэргэжилтнүүд анхаарууллаа.    
 
Цаашид Монгол Улс хүнсний аюулгүй байдлыг хангахад бүх талын оролцоог дээшлүүлэх, хууль журмыг мөрдөж ажиллах нь чухал хэмээн Олон улсын санхүүгийн корпорациас дүгнэснийг хурлын төлөөлөгчид дэмжлээ.
 
Дашрамд дурдахад Олон улсын санхүүгийн корпорациас хоол үйлдвэрлэлийн бизнес эрхлэгчдэд зориулан “Аюулгүй хүнс-Сайн бизнес” гэсэн багц зөвлөмж гаргажээ.   
 
Б.Заяа
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг