sonin.mn
Монголын урчуудын эвлэлийн гадна хадаастай байх “Халуун тамга” хэмээх содон нэртэй үзэсгэлэнгийн зар байхыг хараад хажуугаар нь зөрөөд өнгөрч чадсангүй. Хоёр давхарт Бэст арт галлерейгаар шагайвал төмрөөр урласан бүтээлүүд нүд булаалаа. Зах хязгааргүй хөврөх “Бодлын чанад”, нялх үрийг минь санагдуулж, эхийн сэтгэлийг хөвсөлзүүлэх “Хүй”, бодол болон удаан харж зогсмоор “Бясалгал”... 
Үнэнийг хэлэхэд хатуу төмөр хүртэл уярч, хүний сэтгэлийн хөгийг илэрхийлж чаддаг гэж өмнө нь бодож байсангүй. Тиймээс энэхүү бүтээлийг урлагч хоёр андын нэг Үйлдвэрлэл урлал, политехникийн коллежийн график дизайны багш Д.Ариунболдтой уулзаж, уран бүтээлийн халуун яриа өрнүүлсэн юм. 
 
-Төмрөөр хийсэн бүтээл гэхээр дархны ажил л гэж ойлгодог. Ингэхэд та ямар мэргэжилтэй вэ?
 
-Би үйлдвэрлэлийн дизайнер мэргэжилтэй. Харин манай анд Т.Отгонбаатар дархан. Бид дунд сургуулийн найзууд. Нэг их сургуульд сурч төгссөн. Бид уран бүтээлийн тал дээр санаа их нийлдэг. Халуун төмрийн аргаар уярааж, хүссэн хэлбэртээ оруулж хийсэн нь энэ үзэсгэлэнгийн гол онцлог юм.
 
-Энэ төрлийн үзэс­гэлэнгийн анхных нь байх аа?
 
-Үгүй ээ. Өмнө нь Ц.Баатарсуурь анд маань халуун төмрийн аргаар хийсэн бүтээлээр бие даасан үзэсгэлэн гаргаж байсан. Бид хоёрдагч болж байгаа юм. Андыгаа амьд сэрүүн ахуйд тусалж, хамтарч бүтээл хийдэг байсан болохоор бүтээлийг нь таслалгүй үргэлжлүүлж, санаа бодлоороо баяжуулж, чадлынхаа хэрээр хөгжүүлье гэж зорьсон юм. 
 
-Ямар төмөр ашигладаг вэ?
 
-Дархчууд бүгд халуун төмрөөр юм хийж чадна. Гэхдээ яг урлаг тал руу нь хандуулсан бүтээл бол цөөн. Өөрөөр хэлбэл, хар төмөр, алт, мөнгө зэрэг металиуд бидний сэтгэхүйд хэрэглээ гэдэг утгаар л буудаг. Бид хоёрын хувьд төмрөөр орчин үеийн баримал хийж үзье гэж бодсон юм. Энэ ч утгаараа бүтээлүүд маань чиг хандлагын хувьд баримлын төрөлд орох байх. 
 
-Бүтээл хийх материал болох төмөр хэр олдоцтой байдаг вэ?
 
-Төмрийн хувьд чанартай, чанаргүй гэдгээрээ ялгаатай. Барилгад ашиглаж байгаа хятад төмрүүдийг ашиглах боломжгүй. Учир нь, найрлага нь хуучны орос төмрийг гүйцдэггүй. Энэ үзэсгэлэнд тавьсан бүтээлүүдийг хуучин социализмын үед ашиглаж байсан жинхэнэ орос төмрөөр хийсэн. Ийм төмөр нь сорьц өндөртэй, төмрийн агууламж сайтай, халааж уяраагаад, хэлбэрт оруулахад задардаггүй, өнгөлгөө сайн авдаг юм. 
 
-“Халуун тамга” үзэс­гэлэнг хүмүүс хэрхэн хүлээж авч байна?
 
-Бид хоёр үзэсгэлэнгийн танхимд ирж байгаа хүмүүст тайлбарлаад өгөхөөр их сонирхож байна. Харин биднийг эзгүй үед ирсэн хүмүүс халуун төмрийн аргаар хийсэн гэдгийг нь мэдэхгүй. Цутгуур эсвэл хэвэнд цутгачихсан зүйл байна гэж бодоод байх шиг байна лээ. 
 
-Төмрөөр бүтээл урлана гэдэг их нарийн хэцүү ажил байх л даа. Тэгэхээр нэг бүтээлийг дундажаар хэдий хэр хугацаанд гараас гаргадаг вэ?
 
-Төмөр их хатуу материал учраас амар хялбар бүтсэн бүтээл цөөхөн л дөө. Тодруулбал, өөрөө босоод ирсэн юм гэж нэгээхэн ч үгүй. Харин зохиомжоо хурдан шийдээд, их хурдан эвлүүлээд өнгөлөөд тавьчихсан бүтээл бол бий. Жишээлбэл, “Өвөл”. “Энэ маань бусад бүтээлийг бодвол ажиллагаа бага ч ч зохиомжин дээрээ багагүй хугацаа зарцуулсан. 
 
Ажиллагаа, хугацаа их шаардсан бүтээл гэвэл “Бодлын чанад”, “Ураг” хоёр байна. Бид үзэсгэлэн гаргах чиглэлээ сонгочихоод зөвхөн хар зурган дээр сар гаруй хугацаанд суусан. Энд тавигдсан бүтээлүүдээс нэгэнд нь ч анх төрсөн санаа тэр чигээрээ буугаагүй. Харин санаагаа тогтсоны дараа бүх бүтээлээ хоёр сар орчим хугацаанд хийж дуусгасан. 
 
-Найз нөхөд аливаа зүйл дээр үзэл бодол нийлж болох ч уран бүтээл дээр яв цав санаа нийлдэг гэхээр бас сонин л санагдаж байна?
 
-Бид үзэсгэлэнгийнхээ зорилгыг тодорхойлчихоод тус тусдаа удаан бодсон. Гаргасан зураг, судалсан судалгаа, бодсон санаануудаа нийлүүлээд уулзана. Бие биенийхээ санааг шүүмжилнэ, зөвлөнө, заримдаа бүр үгүйсгэнэ. Ингэсний эцэст бидний санаа нэг зүйл дээр нэгдэж, нэгэн цогц зүйл болно. Нэгдсэн хар зургаа задлаад нэг шийдэлд хүрнэ. Ажлын зураг, зохиомжин дээр нэг шийдэлд хүрчихээр амар болчихож байгаа юм л даа.
 
-Уран зургийг өнгөний баялгаар илэрхийлдэг. Харин халуун төмрийн аргаар хийж буй бүтээл дүрсний баялгаар илэр­хийлэгддэг бололтой. Гэвч төмөр хатуу учраас сэтгэлд буусан санаа тэр чигээрээ бууж чадах уу?
 
-Абстракт чиглэлээр бүтээлээ туурвидаг зураачид бол огцом сэтгэл хөдлөлөө зургаараа илэрхийлчихдэг. Төмрөөр хийсэн бүтээл урт удаан хугацаа шаардагддаг учраас бодсон зүйлээ шууд илэрхийлэх боломжгүй. Нэг талаар хэцүү мэт боловч нөгөөтэйгүүр давуу тал бас бий. Өнөөдөр хийсэн зүйлээ дуусгаж амжилгүй маргааш, нөгөөдөр, бүр долоо хоног хийнэ. Тиймээс өмнөх нь сэтгэлд хүрэхгүй бол явцын дунд засах боломжтой. Энэ ч утгаараа зарим ажлын шийдлүүд их аятайхан болчихлоо гэж бодож байгаа шүү.
 
-Уран зурагтай хос­луулсан бүтээл олны анхаарлыг нэлээд татаж байгаа бололтой?
 
-Уран зураг дээр материал ашигладаг арга нэлээд дээр үед бий болсон юм. Бид нэгэнт үзэсгэлэн гаргаж байгаа юм чинь уран зураг дээр төмрөөр хийсэн бүтээлээ оруулаад үзье гэж бодсон. Төмрөөр хийсэн бүтээл хүний сэтгэлд амар хялбараар буудаггүй л дээ. Их нухаж хийсэн болохоор зугаа цэнгэл гэхээсээ илүү зовлонтой, гунигтай юм шиг сэтгэгдэл төрүүлдэг. Тийм болохоор хүний сэтгэлийг хөндсөн сэдвүүдийг сонгож авсан. Уран зурагтаа ч мөн бодит амьдралаа хар бараан талаас нь харуулсан боловч аль болох чөлөөтэй сэтгэхийг хичээсэн. 
 
-Уран бүтээл­чийн хувьд өөрийгөө өнгөөр илэр­хийлээч?
 
-Ингэж бодож байгаагүй юм байна. Мэдээж хүнд төрлөөр уран бүтээл хийж байгаа болохоор хүнд гэгээлэг харагдахгүй байх. Тэгээд хар хөх юм уу бор өнгөөр илэрхийлэгдэх болов уу.
 
-Тэгвэл Ариунболд гэдэг хувь хүнийг өнгө гэж бодвол?
 
-Хэн ч байлаа гэсэн хүний сэтгэлийг бараан өнгөөр илэрхийлэхгүй байх гэж бодож байна. Тиймээс тун гэгээлэг гэдэг утгаараа цагаан өнгөөр илэрхийлнэ. 
-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.
 
Эх сурвалж: