sonin.mn
Мэргэжлийн дуучны чадал чансаагаар бахархасан сайхан үдэш байлаа. Өнгөрсөн үдэш Улсын филармонийн концертын танхим үзэгчээр дүүрэн байж, хаан хуурын аялгуутай романс эгшиглүүлж, симфони оркестрийн хүчирхэг эгшигт мэргэжлийн хэмжээний дуунууд үзэгчдийн сэтгэлийг огшоолоо.
 
Энэ бол Улсын филармоний дуучин, “VOICE” хамтлагийн ахлагч, МУСТА Сүхбатын Баттулгын “Миний эх орон” цуврал тоглолтын 3 дахь тоглолт байсан. Дуучин С.Баттулга хэр хэмжээний дуучин бэ гэдгээ энэ орой үнэхээр харуулж чадлаа.
 
 
Учир нь нүсэр том хөтөлбөртэй энэ тоглолтын эхний хэсэгт манай хөгжмийн урлагийн шилээвэрүүд гэгдэх Төрийн хошой шагналт, АЖ, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Төрийн соёрхолт, УГЗ хөгжмийн зохиолч Б.Шарав нарын алдартай романсууд эгшиглэсэн. Романс гэдэг нь бодрол дуу бөгөөд хэмжээний хувьд жижиг ч болж буй үйл явдал, утга санааныхаа далайцаар их өргөн байдаг.
 
Дуулаачаас ихээхэн ур чадвар, хоолойн цараа шаарддаг энэ төрлийн олон бүтээлийг тэрээр чадварлаг амилуулсан. Тухайлбал Б.Шаравын хөгжим, Р.Чойномын шүлэг “Борлог номхон толгод”, “Аав бид хоёр” , “Шувтарсан цагаан бумба”,“Танхи явж дээ би” зэрэг романсуудыг тэрээр тус бүрийнх нь утга санааг гарган аялгуу бүрийг өөрөөрөө дамжуулан илэрхийлэн гаргасан.
 
Хөгжмийн зохиолч Б.Шаравын бүтээлүүдэд Р.Чойномын шүлгээр бүтээгдсэн хэд хэдэн романс байдаг бөгөөд асуудал хөндсөн ч юм шиг, зөрчил тэмцэл ихтэй, хүний дотоод асуудлыг түлхүү гаргасан хурц үг хэллэгтэй шүлэгт хөгжмийг ч бас хурцаар тавьж өгсөн байдаг. Романс өөрөө богино хэмжээнд том үйл явдлыг багтаадаг учир Чойномын шүлгүүд романс болоход зохиомжтой, нийлэмжтэй байсан мэт санагдсан.
 
 
Харин Жанцанноровын “Би хувьтай гэгдэх хүний нэг”, “Аз жаргалын бороо” романсуудыг сонсоход монгол романс ямар уянгалаг, утга учиртай юм бэ хэмээн бодогдсон. Олон сайхан романс эгшиглэсэн энэ тоглолтод өдгөөгөөс 50 жилийн тэртээ дуулагдаж байсан АЖ, Төрийн шагналт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа, Ш.Шажинбат нарын “Бэр цэцэг” романсыг дахин амьдруулсан нь үзэгчдийн талархалыг ихээр хүлээсэн.
 
МУАЖ, Хөдөлмөрийн баатар Г.Хайдав гуайн дуулж үзэгчдийн танил болгосон “Шаргын сайхан тал” романс бол эрэгтэй хүний цээл хоолойд зориулсан бүтээл. Дуучин Баттулга энэ романсыг 1 өнгө доошлуулан дуулсан бөгөөд энд дуулагдсан бүтээлүүд бүгд сопрано, тенор, басс хоолойд зориулагдсан том том романсууд байсныг 1-3 өнгө тон доошлуулах ба дээшлүүлэн дуулснаараа дуучин хүний ур чадвар, хоолойн чадал цараагаа батлан харуулсан.
 
Төгөлдөр хуурын эгшигтэй хосолсон дуучны хоолой гайхамшигт романсын үдшийг ийнхүү бэлэглэсэн. Хөгжмийн урлаг хөгжиж байгаагийн нэг илэрхийлэл энэ тоглолт байсан гэж хэлж болохоор байсан. Хөгжмийн урлагийн хөгжлийг гоцлол дуучид, хөгжимчид илүү өсч бие даан тодорч ирснээр, мөн түүнийг нь сонсож чаддаг үзэгч сонсогчид бий болж буйгаар тодорхойлдог гэдэг.
 
Энэ бүх тодорхойлолт уг тоглолтод байсан. Харин тоглолтын хоёр дахь хэсэгт үзэгч сонсогчдын танил дотно, мэргэжлийн хэмжээний олон сайхан дууг дуучин Баттулга Улсын филармонийн симфони найрал хөгжимтэй дуулсан. Үнэхээр л мэргэжлийн хэмжээний дуу, мэргэжлийн дуучин гэж ямар байдгийг тодхон харуулсан гэж хэлж болно.
 
 
С.Баттулгын хэрэгжүүлж байгаа “Миний эх орон” төслийн 3 дахь тоглолт урьд өмнөх тоглолтуудаас өвөрмөц, тогтсон нэг хэвшмэл байдлаас зайлс хийсэн, илүү мэргэжлийн талруугаа давамгайлсан, ялангуяа тоглолтын эхний хэсгийн тайзны шийдэл үзэгчдээ хүндлэн ойр дотно сэтгэгдэл төрүүлэхээр зассан тайз, өнгөний шийдэл бүгд сайхан байсан.
 
Эхний хэсгийн тайзыг Улсын филармонийн концертын танхимын үүдний фоёнд зассан нь энэ юм. Харин тоглолтын хоёр дах хэсэг концертын танхимын тайзнаа болсон. Хоёр дах хэсгийн тайз мөн л цагаан фонн дээр цэвэрхэн шийдэлтэй байсан нь хүндлэлтэй, бас өнгөлөг байсан. Хүндлэлтэй байхаас ч аргагүй.
 
Учир нь дуучин маань энэ удаагийн тоглолтоо Монголын төрийг тасралтгүй 44 жил барьсан төр нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын дурсгалд зориулсан юм. Монгол түмэн мартах учиргүй, мартах ёсгүй энэ эрхэм хүнийг залуу хойч үе нь дурсан санаж байх ёстойг тэрээр энэ тоглолтоороо сануулж, уран бүтээлч хүнийхээ хувьд өөрийн чадах зүйлээрээ ийнхүү хувь нэмрээ оруулж эх орны тухай олон сайхан дууг эх орны хүүд зориулан дуулсан.
 
Тайзны дээд хэсэгт байрлуулсан самбарт Ю.Цэдэнбал агсны сайхан инээмсэглэсэн зургийг байрлуулан дэргэд нь “Эх орон ард түмнийхээ төлөө эгнэшгүй гавьяа байгуулсан их хүмүүнийг өнөөгийн бид мартах учиргүй. Юмжаагийн Цэдэнбал агсны дурсгалд зориулав” хэмээн бичжээ. Энэ хэсэгт дандаа мэргэжлийн томоохон дуунууд дуулагдсан.
 
Дуучны ард Улсын филармонийн симфони найрал хөгжим, удирдаач Нямдашийн удирдлага дор тоглосон нь тоглолтыг сүртэй, хүчтэй, уянгалаг, хөгжимлөг болгож чадсан. Хөгжмийн гайхамшиг энэ биз. “Нутгийн чулуу”, “Тольтой мөнгөн эмээл”, “Хайрхан уулын бараа”, “Би хаана төрөө вэ”, “Дуулъ юу”, “Аав ээж хоёр минь” гээд монгол хүн бүрийн сайн мэддэг, мэргэжлийн хэмжээний том дуунууд дуулагдсан нь үзэгчдийн сэтгэлд ойр хүрч, зарим үед бүр зритель тэрчигээрээ даган дуулж байсан.
 
Дуучин бүхэнд нэрийн хуудас болсон дуу гэж байдаг. Баттулга дуучны нэрийн хуудас болсон уянгалаг сайхан дуу болох “Намрын дурсамж” дууг үзэгчид үнэхээр сайхан хүлээн авч даган дуулсан нь сэтгэл хөдөлгөсөн агшин байсан. Бараг 3 цаг гаруй хугацаанд үргэлжилсэн тоглолтыг үзэгчид сэтгэлээсээ хүлээн авч, дуулахдаа дуулан, чив чимээгүй болон амьсгаа даран сонсохдоо сонсож сэтгэлийн таашаал авсан.
 
 
Тоглолтын төгсгөлд Цэдэнбал академийн тэргүүлэх хүмүүс баярласан талархаснаа илэрхийлэн, академийнхаа тэргүүн шагналыг дуучинд гардуулсан. Улсын филармоноор овоглосон дуучны энэхүү тоглолтоор тус байгууллага энэ удаагийн үзвэрийн улирлын хаалтаа хийж байгаа бөгөөд ирэх намар хүртэл "хөгжмийн хүрээлэн" нам жимхэн байж дараагийн үзвэрийн улирлынхаа шинэ уран бүтээлд бэлтгэх бизээ. 
 
Дуучин С.Баттулга “Миний эх орон” төслийг 2012 оноос эхлэн хэрэгжүүлж тэр цагаас хойш жил бүхэн энэ тоглолтоо цувралаар үзэгчиддээ хүргэж байгаа. Өмнөх онуудын тоглолтуудыг үзсэн үзэгчид сайн санаж байгаа байх.
 
Цуврал тоглолтын эхний хоёрт нийтийн дуу, эстрад дуу, арироманс, попопера дуу ч дуулагдаж байсан бол энэ удаагийн тоглолтод дандаа мэргэжлийн, бүр тэр тусмаа том хэмжээний бүтээлүүд багтсан нь цуврал тоглолтын чанар сайжирч байгаа, дуучны хоолойн чадал цараа ид жигдэрч жилээс жилд чадвар нь улам нэмэгдэн байгааг бэлхнээ харуулна.
 
Ингэж маш том хөтөлбөртэй тоглолт үзэгчдэд хүрэн, дандаа мэргэжлийн хэмжээний томоохон дуу, романсуудыг сонссон сайхан үдэш өнгөрлөө. “Дөч гарсан эр, дөрөө дарсан ат” гэсэг шиг Тулгаа маань ид жигдэрсэн сайхан насан дээрээ ид хаваа харуулан гайхууллаа. Үнэхээр тэр аргагүй л урлагийн гэр бүлийн удмыг залгаж яваа мэргэжлийн дуучин юм.
 
Урлаг судлаач, нийтлэлч Ё.Мөнхзаяа