sonin.mn
Австрали Улсын иргэн, адал явдлын аялагч, зохиолч Тимоти Жон Көүпийг Аялал жуулчлалын тэргүүний ажилтан цол тэмдэг, Монголын аялал жуулчлалын элч төлөөлөгч өргөмжлөлөөр өргөмжилснийг БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол өнөөдөр гардуулж өглөө. Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчилж байгаа онцгой хувь нэмрийг нь үнэлж, цаашид Монголын аялал жуулчлалын элч болж, нүүдэлчин ахуй, соёлыг дэлхий нийтэд улам сайн сурталчлахыг хүсч уг шагналыг өгч буйгаа  БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол онцолсон юм. 
 
Австралийн иргэн Тим Көүп адал явдалт аяллаараа дэлхийд танигдсан, Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, томоохон нийгэмлэгүүдтэй хамтран ажилладаг, тэдгээрт данстай аялагч юм.  Түүнийг Үндэсний газар зүйн нийгэмлэгээс 2007 оны адал явдалт аяллын шагналтнаараа тодруулжээ. Мөн Австралийн 2006 оны шилдэг адал явдалт аялагч болж, аяллын сонин сайхнаараа олон зохиол бичиж, кино найруулж, илтгэл тавьжээ.
 
Тим Көүп дэлхийн олон орноор олон томоохон аялал хийсэн байна. “Арктик, Финландын ойн бүс болон Оросын Баруун Хойд бүсэд зэрлэг талын хөтөчийн сургалт” сэдэвт аяллыг 1998-1999 онд, Орос, Монголоор дайрсан 10,000 км дугуйн аяллыг 1999-2000 онд,  Сибирээс Хойд мөсөн далай хүртэл завиар 2001 онуудад тус тус аялжээ.
 
“Чингис хаан болон XIII зууны нүүдэлчин монголчуудын мөрөөр” аяллыг Хархориноос  Унгар хүртэл  мориор 2004-2007 онд гурван жил хагасын хугацаанд аялсан нь хамгийн том аялалд тооцогддог. Аяллынхаа дараа “Чингис хааны мөрөөр-нүүдэлчдийн нутгаар хийсэн домогт аялал” ном туурвин бүтээсэн ба уг ном нь Австрали, АНУ, Канад, Их Британи, Герман зэрэг улсуудад олон тоогоор худалдаалагджээ.
 
Тим Көүп уг бүтээлээрээ 2013 оны Банфф олон улсын уулчдын ном, киноны фестивалаас “Шилдэг адал явдалт аяллын ном” шагналаар шагнуулсан байна. Нүүдэлчдийн амьдралын өвөрмөц хэв маягийг харуулсан уг сонирхолтой номыг монгол хэл дээр хэвлүүлэн гаргахад санаа тавихаа  БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол мөн хэллээ. Мөн аяллынхаа тухай зургаан хэсэг кино бүтээж Австралийн “Эй Би Си” телзвизээр олны хүртээл болгон, гурван ч кино наадмаас шагнал авчээ.
 
Тим Көүп БОНХАЖ-ын сайдаас шагналаа авсны дараа аяллын хугацаанд цуглуулсан бүтээлээсээ товчлон бэлтгэсэн богино хэмжээний кино болон гэрэл зургуудыг үзүүлж, аяллын сэтгэл хөдлөм түүхээсээ сонирхуулсан. Тэрбээр хасах 40 хэмийн хүйтнээс хэдхэн см эсгийгээр халхлагдаж чаддаг гайхамшигтай тэвчээртэй ард түмэн гэж монголчуудыг үнэлэв. Мөн нүүдэлчдийн амьдрах арга ухаан бол ерөөсөө л хамтач үзэл гэж ойлгосноо ч хуваалцав.
 
Ноён Тим Көүп-д шагнал гардуулсны дараа БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол сүүлийн үед Засгийн газар, БОНХАЖЯ-наас хийж хэрэгжүүлж буй зарим ажлаа танилцууллаа. Өнгөрсөн зургадугаар сарын 29-нд Монгол Улсын Засгийн газраас анх удаа “Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталж, хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг БОНХАЖ-ын сайдын тушаалаар батлаад байна.
 
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх  бодлого зохицуулалт оновчтой болж, хөрөнгө оруулалтын асуудлууд шийдвэрлэгдэж,аялал жуулчлалын салбар тогтвортой хөгжих эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдэх юм. Аялал жуулчлалын хөтөлбөрийг 2016-2025 онуудад 10 жилийн хугацаанд  хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
 
Мөн Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Торгоны замын аялал жуулчлалын төслийн нэгжийг байгуулах шийдвэр гаргав. Ингэснээр Ази, Европын 30 гаруй орныг нэгтгэсэн Торгоны замын аялал жуулчлалыг Монгол Улсад хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарын бүс нутгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, шинэ бүтээгдэхүүнийг бий болгоход бодит үр дүн гарах юм.
 
БОНХАЖ-ын сайд тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн зургадугаар сард БНХАУ-ын Сиань хотод болсон Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын  Торгоны замын аялал жуулчлалын хуралд оролцсон. Уг хурлын үеэр Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифай Торгоны замын аялал жуулчлалын хөтөлбөрийн дотор шинээр “Нүүдэлчдийн замаар аялахуй” дэд төслийг бий болгож, Монгол Улс тэргүүлэх байр суурьтай оролцохыг санал болгосон байна.
 
Торгоны замын аялал жуулчлалын санд манай урд хөрш Хятад улс л гэхэд 40 тэрбум ам.доллар хуримтлуулжээ. Тиймээс Монгол Улс хэдийчинээ идэвхтэй байна,төдийчинээ хожно гэдгийг онцолж байна.
 
Түүнчлэн Улаанбаатар хотоос баруун тийш 100 км-т орших Аглаг бүтээлийн хийдийн орчны тохижилтыг сайжруулах ажлыг Зам тээврийн яамтай хамтран хэрэгжүүлэхээр  ажиллаж, өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар засмал замаас уг хийд хүртэлх долоон км замыг концессийн гэрээгээр гүйцэтгүүлэх шийдвэр гарав.
 
Тэнд мөн нийтийн бие засах газрыг барьж байгуулах ажлыг хийж байна. Бурханч лам Пүрэвбатын бүтээн босгож буй уг хийд орчмыг шашин, түүх соёл, аялал жуулчлалын жишиг бүс болгон хөгжүүлэхэд төр, засаг бодитой дэмжлэг үзүүлэх ёстой гэж БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол хэллээ.