Бага насны хүүхдийн хувьд хийж байгаа үйлдлээ хулгай гэж мэддэггүйгээс гадна зүгээр л сэмхэн юмыг авах гэж оролддог. Гэвч эцэг эхчүүд олонтоо давтагдаж байгаа үйлдээс нь ичиж санаа зовсноосоо болоод нуудаг бөгөөд хэрхэн яаж хандахаа мэддэггүй.

Хэрэв хүүхдийн тань цүнхэнд хэн нэгэн хүүхдийн тоглоом ч юм уу аль эсвэл ямар нэгэн эд зүйлс байвал бага насны хүүхэд хэнд юу хамаатай болохыг сайн ойлгоогүй байдаг учир үүнийг нь та бодолцох хэрэгтэй. Хүүхэд юуг авч болох болохгүйг мэддэггүй тул нэлээд гүнзгий бодолд ордог.

Тиймээс эцэг эх нь хүүхдэдээ юуг авч болох, болохгүйг том хүнээс асууж байгаарай хэмээн сайн тайлбарлаж, ойлгуулж өгч байх нь зүйтэй. Хэрэв хүүхэд тань нас биенд хүрсэн мөртлөө хулгай хийхээ зогсоохгүй байгаа бол түүний сэтгэл зүйн асуудалтай холбоотой байж болно.

Тухайлбал: Хүүхдэдээ анхаарал тавьдаггүй аль эсвэл түүнд хайр халамж дутагдаж байгаа бол. Мөн хүүхэд хулгай хийнэ гэдэг муу зүйл болохыг аль хэдийнээ ойлгосон хэрнээ хулгай хийхээ үргэлжлүүлээд байвал үүнд дараах тайлбарыг өгч болох юм.

1. Хүүхэд өөрөө ямар нэгэн юмаар дутагдахгүй байх үүднээс аль эсвэл энэ үйлдлээ эр зоригтой нь холбож ярих болно хэмээн боддогоос.

2. Аль эртнээс авахыг хүсч, мөрөөдөж байсан зүйлийг нь эцэг эх нь худалдаж авч өгөөгүйгээс.

З. Зарим нэг хүүхдүүд эцэг эхээсээ их хэмжээний мөнгө хулгайлж авдаг. Тэр мөнгөөрөө амттан худалдаж авч идэх аль эсвэл найз нөхөдтэй болох үүднээс өөр хүүхдэд өгдөг байх жишээтэй.

4. Бас нэгэн шалтгаан бол хэн нэгэнд атаархснаасаа болж өөрөөр хэлбэл өөрт нь байхгүй зүйл бусдад хангалттай их байна хэмээн боддог байж болох юм.

5. Ихэвчлэн өөрийн гэсэн ухаангүй, юмыг болно болохгүй, эргээд гарах үр дагаврыг хараахан ялгаж салгах, ойлгох ухаан болон ухамсар суугаагүйгээс болдог.

Эх сурвалж: "Багш"