sonin.mn
/дурсамж/
 
Сүүлийн хэдэн өдөр би гадаа хашаанд шүүр бариад цэвэрлэгээний ажил хийж байгаа. Лав сар гаруй үргэлжилнэ. Залуучууд хараад ихэд гайхаж байна. Угтаа бол би анх 1984 онд кино программын хэдэн өвгөдтэй гар, хөлийнх нь үзүүрт гүйж цэгцэлсэн кино фондоо дахин цэгцлэх гэж шамдан орсон нь тэр юм. Би телевизэд 1983 онд орсон.
 
Гэвч Оюутны 1-р курсэд буюу 1979 онд анх нэвтрүүлэг хийхээр Ц.Пунсаа эгчийн удирдлага дор гарч 20 минутын сурвалжлага хийсэн маань 16 мм киногоор сая олдсон юм. Бага залууд минь эмх цэгцтэй байсан фонд одоо уул овоо шиг хог болох шахсан байгаа. Энэ хийж байгаа ажлаа Дашзэвэг, Гэндэнсүрэн гуай, Налжир гуай, проекцоны Цэцгээ эгч архивын Ганбаатар зэрэг их сайхан хүмүүстээ зориулна. Тэд телевизийн кино архивыг анх эмхэлж бий болгосон сайхан хүмүүс байж билээ.
 
...Намайг дээд сургууль төгсөөд телевизэд орсон тэр намар киноны орчуулгын редакторын ажил хий гэснээр би телевизийн хүн болсон. Энэ бол 1983 оны намар. Тэр үед киноны редакц гэж тусдаа байсангүй. Харин Программ төлөвлөлтийн хэлтсийнхээ дотор Цэрэн-Очир гэж хүн ганцаараа хийдэг ажил байлаа.
 
Кино бүрийг долоо хоног сараар нь төлөвлөнө. Телевизээр гаргах киног гол төлөв социалист орнуудаас шуудангаар авдаг байсан. Бага байхдаа шимтэн үздэг байсан Польшийн олон ангит уран сайхны “Нохойтой дөрвөн танкчин” киногоо хүсвэл фондоос авчирч зааланд ганцаараа суугаад үзэх боломжтой болов. Сонин сайхан санагдаж байлаа. Намайг ажилд орсны маргааш нь -Ардчилсан Солонгосын Хөдөлмөрийн намын ой болно. Элчингээс нэг кино ирэх юм. Дожоодорж орчуулна. Текст нь орос хэл дээр юм гэж анхны даалгавар өгөв. Ингэж л үзэл суртлын фронтын шинэ цэрэг болж билээ.
 
Долоо хоног бүрийн кино зарлуулах нь амаргүй ажил байлаа. Нэг навсгар халтар номтой. Тэр нь лав арваад жил гар, гар дамжсан. Монгол кино үйлдвэрт орчуулсан Зөвлөлтийн уран сайхны киноны лавлах байжээ. Хуучин манай улсад Кино үзвэрийн Хэрэг эрхлэх газар гэж байсан бөгөөд аймаг орон нутгийн театрын ажлын хэрэгцээнд тийм лавлагаа товхимол гаргадаг байжээ.
 
За тэгээд номоо харж байгаад хэдэн кино тэмдэглэж аваад унаа захиалж гарна. Кино үзвэрийн газраас очиж авна. Кино үзвэрийн газрын фондны хэдэн агуулах нь хойшоо Долоон буудлаас нэлээд явж байгаад зүүн тийшээ зам салж очдог уулын энгэр газарт байсан нэг давхар хэдэн цагаан байшин. Цаад талд нь Ганц худаг гэх шорон байлаа.
 
Үзвэрийн кинонууд нь Зөвлөлт Улсаас худалдаж авсан кинонууд. Соёлын яамныхан урьдчилан үзэж сонгосон учраас телевизийн бид агуулга сэдэв шалгадаггүй ердөө л бүлэг тус бүрийг хайрцган дотроо солигдчихоогүй байгаа гэж үзнэ. Гэхдээ л кино зааланд бүгдийг нь дэлгэцэнд гаргаж шалгах үүрэгтэй.
 
Ялангуяа баярын өмнөх өдрүүдэд дараа долоо хоногийн төлөвлөсөн бүх кино үзнэ. Мөн олон цагаар суудагсан. Үзэл суртлын хариуцлага ихтэй байжээ. Би нэг кадр дүрс, орчуулгын үг өгүүлбэр, цэг таслал бүрийг хичээнгүй няхуур шалгаж байж бэлэн болгоно.
 
Энэ үеэс алив кино нэвтрүүлгийн утга, агуулга сэдвийг олон талаас нь шалгаж байх нь үзэл суртлын ажлын гол хариуцлага юм гэж залуу уураг тархиндаа тогтоож авав. Социалист орнуудаас ирж байгаа киноны үзэл суртал шалгана гэж юу байх билээ гэж бодогдож болно. Бас болоогүй долоо хоног бүр нисэх явна.
 
Социалист орнуудаас ирүүлсэн хэдэн арван хайрцаг кино зөөж авчирдаг байв. Машин дүүртэл чихнэ. Их сайхан баримтат болон хүүхдийн кинонууд ирэх. Авчраад л зааландаа шалгана гээд хэдэн арван цаг сууж үздэгсэн.
 
Тэр үеэс герман болон чех, болгар хэлний наад захын хэдэн үг гадарладаг болсон байх. Текст шалгаж байгаа хүн анхааралтай сонсож үзнэ. Надад их тус болсон. Удалгүй би герман хэлнээс анх удаа хүүхдийн хялбар киног төвөггүй орчуулдаг болсон байж билээ. Түүнд 150 төгрөг аваад учиргүй баярласан сан.
 
За тэгээд л киногоо үзээд сууна. Гадаа юу болж байгааг мэдэхгүй. Киноноос манайд таарахгүй зарим нэг юм л хайдаг байлаа. Жишээ нь, Унгарын кинонд ор хөнжлийн явдал олонтой, бас нүцгэн хагас сцена ихтэй. Бидэн шиг сая төгсөж ирсэн хир тоосгүй гэнэн томоогүй залуучуудыг үзэл суртлын хулчгар туулайнууд болгох гэж тэгж хариуцлагатай ажил хэмээн айлгадаг ч байсан юм бил үү хэн мэдлээ.
 
Сонор сэрэмжтэй бай. Хашир муу санаатай байхад хал балгүй гэж бусад байнга сануулна. Цаг үе нь тийм байж. Одоо бодоход өрөвдөлтэй санагдах юм. Талийгаач Жалан- Аажав гуайг 1984 онд улс төрийн хэргээр хэл аманд ороход эсэргүү байсан гээд баахан киноноос дүрсийг нь хасуулж байлаа.
 
Яагаад улс төрийн хэрэгтэн болсныг сайн ойлгоо ч үгүй. Хятад Румын хоёр сүжирсэн гээд Румынээс ирсэн баримтат киног бараг гаргахгүй. Албани улсын тухай бүр юу ч дуугарч, юм үзүүлж болохгүй. Герман, Чехээс ирсэн кинонд эр, эм хоер удаан үнсэлцэх, нүцгэлээд усанд орох зэргийг ажил болгож хасуулсан хэвээр. Нөгөө нэг хэцүү нь орчуулга.
 
Тэр үед орос хэлний сайн боловсролтой хүн олон байсан учраас шүүмжлэгч олон. Хэлний мэдлэг, орчуулах чадвар, бичиг найруулгадаа манайдаа сайн бузгай хашруудад киногоо өгч орчуулуулна. Нэг бүлэг болох арван минутын кино орчуулахад 60 төгрөгөөр бодож шагнал олгоно.
 
Орчуулагчид бүрэн уран сайхны киног бичвэрээс нь харж орчуулахад дунджаар 480-550 орчим төгрөгийн шагнал авдаг байлаа. Залуухан бид нарт хааяа нэг хүүхэлдэйн, ганц, хоёр бүлэг баримтат кино олдоход их баярлана. Тэр үед М.Чойжил гуай телевизийн дарга байлаа.
 
Дэндсэн гэмээр хашир. Бүтээл эзэнтэй. Хийж байгаа юмыг чинь хэнийх вэ гэдгийг нь үзэгчид мэдэж байх ёстой. Нэвтрүүлгийнхээ төгсгөлд нэр усаа гаргаж бай гэснээр 1985 онд бүх нэвтрүүлгийн араас уран бүтээлчдийнх нь нэр урсдаг болсон юм. 
 
 
Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Золжаргал