sonin.mn
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Зүүн Хойд Азийн хотуудын “Хотын ногоон хөгжил” форум Улаанбаатар хотноо өчигдөр эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх форумыг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нээж үг хэлсэн юм. Энэ удаагийн форумд бүс нутгийн дөрвөн улс буюу БНХАУ, ОХУ, БНСУ, Япон улсын найман хотын дарга, орлогч дарга болон ОУ-ын байгууллагын төлөөлөгчид оролцож байна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Өчигдөр форумын хүрээнд “Зүүн хойд Азийн хотуудын ногоон өсөлтийн чиг хандлага”, “Зүүн хойд Азийн хотуудын ногоон өсөлтийн стратеги, бодлого”, “Зүүн хойд Азийн хотуудын ногоон тээврийн асуудал”, “Зүүн хойд Азийн хотуудын ногоон өсөлт, хөгжлийн чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа”, “Ногоон ажлын байр”, “Улаан-Үүд хотын тогтвортой хөгжил” зэрэг олон сэдвээр ярилцлаа. Өнөөдөр форум “Хот газрын цэвэр, тогтвортой эрчим хүч”, “Цэвэр эрчим хүчний ирээдүй”, “Хот хөдөөгийн амьдралыг хослуулан эрүүл амьдалын хэв маягийг бий болгох нь”, “Хотын ногоон өсөлтөд тулгарч буй хүндрэл, бэрхшээлүүд болон тэдгээрийг даван туулах арга зам”, “Хот суурин газрын эрчим хүчний хэмнэлттэй барилга, байгууламж” зэрэг сэдвээр үргэлжилнэ. Хотын хүн амын төвлөрөл саарахгүй, төлөвлөлтгүй суурь­шил бий болсон нь хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлж, экологийн тэнцвэрт байдал алдагдаж, агаар, хөрсний бохирдол байх ёстой хэмжээгээс хэд дахин нэмэгдсээр буй нь Улаанбаатарын тулгамд­сан асуудал болсон.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хүн өөрөө байгаль орчноо бохирдуул­чихаад эргээд тав тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломж­ийг  эрэлхийлдэг.  Үүнээс  харахад,  одооноос  хотын ногоон хөгжлийн бодлогоо тодорхойлж, Улаанбаатар хотоо ногооруулах ажлыг төр, иргэдтэйгээ хамтран нэгдмэл байр суурин дор эхлүүлэх ёстой гэж хотын удирдлагууд харж байгаа. Тиймээс ч оновчтой хотын ногоон хөгжлийн стратегийг боловсруулахын тулд Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын туршлагыг нь судалж, саналыг нь сонсч байгаа юм. Хотуудтай ийнхүү ногоон хөгжлийн асуудлаар ярилцсанаар “Ногоон хөгжлийн мастер төлөвлөгөө”-гөө эцэслэн батлаж дуусгахаар төлөвлөж байгаа аж. Энэхүү мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чухалчилж байгаа гол зүйл нь ногоон хөгжлийн хүрээнд иргэдийн амьдарлыг дээшлүүлэх, ялангуяа орлого багатай иргэдийг орлоготой болгох үйл ажиллагаа руу чиглүүлж байгааг хотын дарга онцолж байлаа. Тухайлбал, европын орнуудад гэр хорооллын байшинтай айлуудын дээвэр дээр нь нарны зайн хураагуур байршуулаад, илүү гарсан эрчим хүчийг улс нь худалдан авдаг байна. Хэрвээ манайд ийм жишиг дэлгэрвэл гэр хорооллын айл өрхүүд цахилгаан нийлүүлдэг болно гэсэн үг.

Форумын үеэр Сөүл хотынхон гудамжнуудынхаа хоосон талбай бүрийг ногоон цэцэрлэг болгож байгаа­гаа дуулгасан. Тухайн цэцэрлэгүүд­дээ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж. Үүний нэгэн адил гэр хорооллын айл өрхүүд хашаандаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэж өгвөл тэрийг нь худалдан авдаг болох зэргээр нэг талаас ногоон хөгжлийн асуудал нөгөө талаасаа гэр хорооллын айл өрх  бүрийг орлоготой болгох асуудлыг шийдэх бололцоотой хэмээн харж байгааг албаныхан онцолж байсан юм.
 
 
 
 
 
 
 
 
 
 
Э.Бат-Үүл: Хотын тулгамдаж буй асуудлуудыг оновчтой шийдвэрлэх олон туршлага сонсоно /Нийслэлийн Засаг дарга/
-Энэ удаад Зүүн Хойд Азийн хотууд “Ногоон хотын хөгжил” сэдвээр хэлэлцэж, ярилцахаар Улаанбаатар хотод чуулж байна. Хотын хүн амын төвлөрөл саарахгүй, төлөвлөлтгүй суурьшил бий болсоор байгаа нь хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэх, экологийн тэнцвэрт байдал алдагдах, агаар, ус, хөрсний бохирдол, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, орон сууцны хомсдол, тэгш бус байдал үүсэх, оршин суугчдын тав тухтай амьдрах орчин эрсдэх зэрэг асуудлууд байсаар байна. Тиймээс энэ удаагийн хуралдаанаар хотын тулгамдаж буй асуудлуудыг оновчтой шийдвэрлэх тухай олон сайхан туршлага, яриа хэлэлцүүлгийг сонсоно гэдэгт итгэж байгаа.

Дэлхий дахинаа, түүний дотор Ази тивийн хотууд хот суурин газрын хөгжлийн хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөнд илүү анхаарал тавих болж, хот суурин газрын ногоон хөгжлийн бодлогоо гаргах болсон боловч бохирдол, хог хаягдал, эрчим хүчний хэрэглээний өсөлт зэрэг сорилт хот суурин газар бүрт нүүрлэж байна. Эдгээр сорилтыг давахын тулд бүс нутгийн хотууд аж үйлдвэр, тээвэр, орон сууц, хүнсний үйлдвэрлэл зэрэг салбарт ногоон технологи нэвтрүүлж, орчны бохирдлыг бууруулах, эрчим хүчийг үр ашигтай ашиглах, амьдрах орчныг сайжруулахад анхаарал хандуулан ажилладаг болжээ.

Улаанбаатар хотын оршин суугчдад тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэх, Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чадварыг бий болгох, хотод ногоон хөгжлийн бодлого хэрэгжүүлэх үүднээс бид Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон Үндэсний ногоон хөгжлийн бодлоготой уялдуулж “Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратеги”-ийн төлөвлөгөөний төслийг боловсруулж байна. Энэхүү хуралдаан нь арванхоёрдугаар сард Франц улсын Парис хотноо болох “Нэгдсэн Үндэстний байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын 21 дүгээр талуудын бага хурал”-ыг угтан бүс нутгийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Бид энэхүү хуралдаанаас гарсан уриалгыг дээрх хуралдаанд өргөн барьж, танилцуулан ажиллахаар бэлдэж байна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
Т.Бат-Эрдэнэ: Улаанбаатар маш цэгцтэй ногоон хот болж чадна /Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч/
-Зүүн Хойд Азийн хотууд хэдэн зуун жилээр хөгжөөд ирчихсэн. Маш хатуу дэд бүтэцтэй хотууд байдаг. Тэгвэл манай Улаанбаатар хот харьцангуй залуу хот. Өөрөөр хэлбэл, Орчин үеийн хотын элементийг шингээсэн анхны байшин, хороолол 1960-аад онд ашиглалтад орж байлаа. Түүнээс хойш 60-70 жил л болж байна. Өнгөрсөн хугацаанд бид зарим нэг зүйлийг тийм ч муу хийгээгүй. Тиймээс яг одоо шинэ хөгжлийн гараан дээр бусад хотуудын туршлага дээр суурилаад зарим зүйлээ өөрчилж чадвал Улаанбаатар маш цэгцтэй ногоон хот болж чадна.

Дээр нь хүн ам, байгаль орчиндоо ээлтэй хот болох бүрэн боломжтой. Ийм хот байхын тулд бүс нутгийнхаа хотуудыг уриалан дуудаж, олон улсын байгууллагуудад Улаанбаатар хотын санаачилга, оролдлогуудаа нээж өгөх ёстой. Сая Сөүл хотын даргын илтгэлд дурьдсанчлан энэ оны арванхоёрдугаар сард Франц улсын Парис хотноо болох “НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын 21 дүгээр талуудын бага хурал”-д Улаанбаатар хотод энэ хоёр өдөр хуралдсан Зүүн Хойд Азийн хотуудын уриалгыг нийслэлийн Засаг дарга хүргэж өгнө. Тухайн хурал дээр Зүүн Хойд Азийн хотууд НҮБ-аас зарлаж байгаа тогтвортой хөгжил буюу ногоон хөгжлийн чиг баримжааг дэмжиж байгаагаа илэрхийлнэ.

Энэхүү хоёр өдрийн хуралдаанаар яригдах өөр нэг чухал асуудал нь Улаанбаатар хотын байгаль орчинд ээлтэй бүтээн байгуулалтыг дэмжих санхүүгийн механизмыг хэрхэн тодорхойлох асуудал юм. Тиймээс ч энэ удаагийн форумд 10 гаруй гадаадын банк болон санхүүгийн байгууллагууд оролцож байгаа. Эдгээр байгууллагууд Улаанбаатар хотыг хэрхэн дэмжих боломжтой эсэхээ ярилцана. Энэ хүрээнд нийслэлийн зарим нэг сайн ногоон төслүүдийг гадны хөрөнгө оруулалтаар, хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэх том ажил байгаа.

Хотуудаас сайн туршлагуудыг судлаад ногоон хот болох боломжтой

Зүүн Хойд Азийн хотуудын “Хотын ногоон хөгжил” форумын үеэр төлөөлөгч нарын сэтгэгдлийг сонслоо.
 
 
 
 
 
 
 
 
 
 
Такэёши Фуруки: Бидний туршлага Улаанбаатар хотод хэрэг болох байх /Япон улсын Нигата хотын Дэд дарга/
-Нигата хот болон Улаанбаатар хотын хамтын ажиллагааны хүрээнд ялангуяа ногоон хөгжил, усны асуудал дээр хамтын ажиллагаа өргөжүүлэх бодолтой байгаа. Тиймээс энэ хурлын үр дүнд уг асуудал дээр ямар нэгэн ахиц гарна гэж найдаж байна.

Нигата хотын хувьд маш том гол хотын дундуур урсдаг. Тухайн голынхоо эргэн тойрныг иргэддээ  нээлттэйгээр тохижуулаад ногоон болгосон. Энэ мэт туршлага маань Улаанбаатар хотод хэрэг болох байх гэж бодож байна. Улаанбаатар хот сүүлийн жилүүдэд зах руугаа нэлээн тэлж байгаа юм билээ. Тиймээс тэр өргөн хүрээг ногоон хэвээр байлгах гэдэг хэцүү асуудал байж магадгүй. Гэхдээ олон хотуудаас сайн туршлагуудыг судлаад, ногоон хот болох боломж байгаа гэж бодож байна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
Александр Голков: Бидний хамтын үйл ажиллагаа цаашид бүх салбарт өргөжин тэлнэ /ОХУ-ын Буриад улсын Улаан – Үүд хотын дарга/
-Бид Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлтэй байнга уулзаж байгаа. Саяхан Улаан-Үүд хотын 349 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцсон. Энэ үеэр Улаан-Үүдэд Улаанбаатар хотын соёлын өдрүүд болсон. Улаан-Үүд хот ногоон хөгжлийн асуудал дээр сүүлийн үед нэлээн анхаарч ажиллаж байгаа.

Тухайлбал, сүүлийн жилд хоёр том явган хүний паркийг ашиглалтад оруулсан. Олон тооны мод тарьж байгаа гээд өөрсдийн боломжоороо ногоон хөгжлийн ажлыг зохион байгуулж байна. Тиймээс ч энэхүү форумд оролцож Зүүн Хойд Азийн хотуудын ногоон хөгжлийн туршлагыг судлахаар ирээд байгаа юм. Манай хоёр хотын хувьд бусад хотуудыг бодвол аль эртний хамтын ажиллагаатай хотууд гэдгээрээ онцлог.

2008 онд Улаан – Үүд хот Улаанбаатар хотод эдийн засгийн форум зохион байгуулж байлаа. Тиймээс хоёр хотын бизнесменүүд хоорондоо уяалдаа холбоотой ажилладаг. Тэгээд ч Буриад, Монгол Улсын соёл их ойролцоо учир бидний хамтын ажиллагаа соёлоороо дамжиж нягт холбоотой байдаг гэж боддог. Хоёр улсын иргэд визгүй зорчиж байгаатай холбоотойгоор бидний хамтын үйл ажиллагаа цаашид бүх салбарт өргөжин тэлнэ гэж найдаж байгаа.
 
 
 
 
 
 
 
 
 
 
Пак Вон Сүн: Олон асуудал дээр туршлагаа хуваалцаж, хамтран ажиллана  /БНСУ-ын Сөүл хотын дарга/
-Та бүхэн мэдэж байгаа. Сөүл хот 1970-1980 он, 1990-ээд оны эхэн үед маш их тоосжилттой, цэлмэг тэнгэрийг харахад хэцүү саарал тэнгэртэй хот байсан. Гэхдээ өнөөдөр Сөүл хотын тэнгэр маш сайхан цэлмэг болсон. Агаарын бохирдол буурсан. Тэгэхээр ийм болоход гол хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн нэг нь зам тээвэр, нийтийн тээврийн асуудлыг шийдэж чадсан явдал. Гол нь бензинээр ажилладаг нийтийн тээврийн хэрэгслийг халж, байгалийн хийгээр ажилладаг нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлсэн нь зохих хувь нэмрээ оруулсан гэж бодож байгаа.

Танай улсын хувьд гэр хорооллоос гарч байгаа утааны асуудал хүндрэл учруулж байгаа. Тэгвэл бид энэ асуудлаас гарахын тулд иргэддээ гэртээ хоолоо хийхдээ ч газ хэрэглэж, нүүрсний угаар гаргахгүй байлгах арга хэмжээг маш удаан хугацаанд буюу 10-20 жилийн хугацаанд авч хэрэгжүүлсэнээр уг асуудлыг шийдсэн.

Мөн Сөүл хотод машингүй гудамжуудыг олноор байгуулсан, хотод ногоон төгөл байгуулах, агаарыг цэвэршүүлэх зэрэг асуудалд маш их хөрөнгө мөнгө зарцуулсан. Энэ мэтээр олон жилийн турш шат дараатай ажил хийсний үр дүн одоо гарч байгаа. Цаашдаа бид бодлогын хүрээнд олон тал дээр хамтарч ажиллах байх гэж найдаж байна. Тухайлбал, гэр хорооллын дахин төлөвлөлт, ухаалаг хотын захиргаа, нийтийн тээврийн асуудал зэрэг олон асуудал дээр туршлагаа хуваалцаж, нягт хамтран ажиллана.
 
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин