sonin.mn

Мөнх Хөх Тэнгэр Эцэг би түмэн олон монголчууддаа хандан охин Чинтэнгэрээр дамжуулан хэлж анхааруулах асуудлууд гарлаа. Та нар минь хүлээн авч хойшдын ажил амьдралдаа хэрэгжүүлэх аваас гарцаагүй ач тусыг нь хүртэх болно гэдгийг амлаж байна.

Юуны өмнө энэ цаг үе тун эгзэгтэй, дэлхийн улс орнууд эдийн засаг болон улс төрийн хувьд тогтворгүй эргэлтийн үедээ ирчихээд байна. Ийм үед дотроо бодолтой, дороо суурьтай байж аливаад туйлшралгүй “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй Бүлээн усаар угаавал хиргүй” зарчмыг барьж ажиллаваас хожмын өдрүүдэд биесээ буруутгахгүй амар байхаас гадна нэгэнт хэлэлцэн гаргасан шийдвэрийн ард нийтээрээ хүлээн зөвшөөрч ажил хэрэг болгоход дөхөмтэй байх нь мэдээж. Энэ зарчмыг улс орны дотоод, гадаад аль аль талдаа баримтлаваас зохилтой.

Ер нь улс бол Ард түмэн билээ. Ард түмний хүсэл зоригийг хэрэгжүүлэгч байгууллага бол Төр юм. Төрөөс гарах аливаа шийдвэрт ард түмний хүсэл сонирхлыг нийцүүлэх нь төрийн үүрэг. Ингэж чадваас улс орон өнөд мөнх оршин тогтнох нь мэдээж. Энэ цаг үеийн Монгол улс олон сонголтын өмнө ирээд байна. Юуны өмнө дотооддоо бэхжиж төрөө зөв зохион байгуулах нь зайлшгүй хэрэгтэй байна. Богино хугацаанд оновчтой зөв зохион байгуулж чадваас гарч болох аливаа хүндрэл бэрхшээлүүдийг амжилттай даван гарч хөгжил дэвшлийн зам дээрээ бат зогсох юм.

Янз бүрийн нөхцөл байдпаас хамаарч гарч болох хүндрэл бэрхшээлүүд бий. Амаргүй байх болно. Ийм үед зөв оновчтой зохион байгуулалтаар л түмэн олондоо хүрч ажиллаж чадах юмаа. Хэн хүнгүй дарга цэрэггүй , хот хөдөөгүй нөхцөл байдал хүндрэх болно. Энэ үеийг л тэсч давах хэрэгтэй. Хэзээ вэ? Яг юу болох вэ? гэсэн асуултууд гарч буй.

Байгаль дэлхийд гарах аливаа өөрчлөлтийг хоног хугацаа цаг минутаар хэлэх боломжгүй. Харин бэлтгэлээ сайтар базаан ямарч хүндрэл бэрхшээлийг даван гарах байгуулалтад орох хэрэгтэй. Илүү ойрын илэрхий шинж тэмдэг мэдэгдэх аваас дахин анхааруулах болно.

ТЭНГЭР ЭЦЭГ,  МӨНХ ХӨХ ТЭНГЭРИЙН ШҮТЛЭГТНИЙ ХОЛБОО