Д.Хулганажав нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт төрсөн. Бага, дунд сургууль, 1992 онд Дархан хотын АУДуС-ийг сувилагч, бага эмч, 1999 онд “Бэрс” кино урлагийн дээд сургуулийг “сэтгүүлч” мэргэжлээр төгссөн. 
 
1995 оноос “Өнөөдөр” “Ням гараг”, “Хонгорзул”, “Хийморь", “Хотгойд Монгол" сонинуудад сэтгүүлч, редактор, эрхлэгч, 2008-2012 онд УИХ-ын гишүүний бие төлөөлөгч, туслахаар ажиллаж байв. Эдүгээ МЗЭ-д менежерээр ажиллаж буй. Тэрбээр саяхан сэтгүүл зүйн шилдэг бүтээлүүдийнхээ эхний хэсгийг эмхэтгэн уншигчдад өргөн барилаа. Түүний шинэхэн номоос дээжлэн толилуулж байна.
 
"... Таанын үнэрт салхи чи
 
Талаар нисэн өнгөрөхдөө
 
Танхил хонгор түүнд минь
 
Танил дууг минь хүргээрэй...”
 
Пэлжээгийн Адарсүрэнг Монголд танихгүй хүн байхгүй гэхэд маргах хүн үгүй биз. Найман настайгаас эхлээд 80 настан хүртэл хэзээ ч давтагдашгүй өвөрмөц хоолойгоор дуулсан дуунд нь уярч, яасан ч их сувдан хэлхээ урсгаж уясав даа. Дуу гэгч, дуучин гэгч ийнхүү хүмүүний сэтгэлийн алтан чавхдасыг хөглөдгийн бодит ёсон энэ буюу. 
 
Сайхан дуу, сайхан байгальд уярахгүй тийм чулуун зүрхтэн энэхүү хорвоод ховор биз ээ. Чухам ийм сайхан бүхэн л биднийг тэжээж тэтгэнэм бус уу. Ард түмнийхээ дунд “Алдарт” хэмээх цолыг хүртсэн Адарсүрэн ах маань дуулсаар л, дуундаа жаргалтай явна. Монголын ардын дууны нэгэн үеийг эзэгнэнхэн төрсөн энэ хүнтэй уулзан хуучилсандаа баярланам.
 
* * *
 
-Адарсүрэн гэдэг дуучныг Монголын ард түмэн мэднэ. Харин ямар замаар яаж урлагийн ертөнцөд хөл тавьсныг төдийлөн мэдэхгүй байж болох юм?
 
-Би 1942 онд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын нутагт “Хярын зуслан” гэдэг газар зун, намрын заагт өндөр уулын орой дээр төрсөн гэдэг. Тиймдээ ч нутгийн ард түмэн маань ганцаараа уулын орой дээр төрсөн болохоор ямагт золбоотой, хийморьтой явах хүн дээ гэж ерөөдөг байсан. Олон янзын ажил хийж байгаад уран бүтээлийн замд хүрсэн дээ. 
 
1963 онд НАХЯ /хуучнаар/-ны дэргэдэх тусгай мэргэжлийн офицерыг бэлтгэх курс төгсөөд Хятад, Монголын хил дээр чекистээр ажиллаж эхэлсэн. Тэр үед Хятадын Соёлын хувьсгалын үе байсан. Мао Зе Дуны үзэл санааг дэмжигч улс төрийн хэлмэгдэлд өртөөд халагдсан. Дараа нь Ховд аймгийн Булган суманд Цаг уурын станцад ажиглагч хийж байгаад Улаанбаатар хотод шилжиж ирсэн. 
 
Энд Гэр ахуйн модны хоёрдугаар артельд зураачаар ажиллахын зэрэгцээ Гадаад худалдааны яаманд харьяалагдах  “Хоршоолол” нийгэмлэгт самбо, челөөт бөхөөр хичээллэж эхэлсэн. Ингээд 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойг угтсан Бүх ард түмний урлагийн үзлэгээс шалгарч медальт байранд орсон. 
 
Үүний дараа НТХ-ны үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн дарга Тогоохүүгийн шийдвэрээр Төв түүхий эдийн баазад клубын эрхлэгч хийж байтал Соёлын яамны сайд Даваасамбуу, Улсын гавьяат жүжигчин Цогзолмаа гуай хоёр намайг дуудан “Дуучин Гэрэлт-Од хойшоо явах болсон. Түмэндэмбэрэл бие муутай, хөдөө явж чадахгүй нь. Чи манайд ор” гэлээ. Ингээд АДБЧ-д гоцлол дуучнаар орж дуулж эхэлсэн дээ.
 
-Та анх ямар дуу дуулав? Ер нь нийтдээ хичнээн дуу дуулсан бэ?
 
-Анх дөрвөн ятгатайгаар монгол ардын дуу “Хадат ухаа”, “Малчнаараа торойно”, “Дөрвөн улирлын өнгө” дууг дуулдаг байлаа. Монголын радиогийн алтан фондод Монгол ардын домогт харилцаа дуу, богино дуунууд, монголын хөгжмийн зохиолчдын зохиол бүтээл, уянгын дуунууд зэрэг 100-гаад дуу дуулсан нь бий. Үүнээс ардын дуунд тэр чигээрээ, амьдралаараа орсон учраас ардын дуугаа илүү хүндэлж явдаг.
 
-Энэ их олон дуунаасаа алинд нь илүү хайртай вэ?
 
-Мөрдоржийн хөгжим “Намрын өнгө”, Жанцанноровын хөгжим “Сэвтээ нь үгүй сэтгэл”, “Дуучин бүсгүй”, Батсүхийн хөгжим “Ээж минь”, “Намрын баясал”, Сэргэлэнгийн хөгжим “Тэмээн дээрээс наран ойрхон” дуунууддаа илүү хайртай.
 
-Дууг дуулахын ур ухааны тухайд юу хэлэх сэн бол?
 
-Дууг дуулахад хоолой, авьяасаас гадна ухаан их зарцуулагдана. Жишээ нь, үгийг яаж хуваарилах уу гээд л их юм бий. Өөрийн гэсэн өвөрмөц арга барил, цар хэмжээнд захирагдана.
 
-Таныг давтагдашгүй хоолойтой дуучин, Монголд ийм хоолойтой хүн ховорхон төрнө гэдэг.
 
-Тийм ээ, Монголын ард түмэн дахин төрөхгүй хоолой гэж ярьдаг нь үнэн. Мэдээж энэ хоолой дахин төрөх нь төрнө. Гэхдээ Адарсүрэн яг энэ хоолойтойгоо төрөхгүйдээ л учир нь байгаа юм. Миний шавь Мөнхбаяр, Цэрэнчимэд, Баянмандах, Баяржаргал нарыг өөртэй чинь төстэй дуулах юм. Гэхдээ өөрийн чинь хоолойд яасан ч хүрэхгүй юм байна гэж хүмүүс хэлдэг. 
 
Эхлээд би өөрийнхөө дууг сонсохоосоо ичдэг байлаа. Хэдэн жилийн хойно жаахан юм балгачихсан дууныхаа хальсыг магнитофонд тавьж үзээд өөртөө итгээгүй уйлчихсан. Би их уяхан сэтгэлтэй хүн. Муу юм ерөөс боддоггүй. Хүний урдаас хуц гэж хэлж үзээгүй, зүхэж ч үзээгүй. Хүн царай зүс, бие бялдраар ямар ч байж болно. Гагцхүү сэтгэл санаагаар сайхан байхад ард түмэн аяндаа хүрээлдэг.
 
 
-Та гадаадын хичнээн оронд аялан тоглолт хийсэн, хичнээн хэл мэддэг вэ?
 
-Оросын Холбооны Улс тухайлбал Тува, Буриад улс, Москва зэрэг хотуудаар хэд хэдэн удаа явж тоглолт хийсэн. Тува, Буриадын ард түмэн миний дууг сонирхон дагаж дуулдаг байсан. Хэлний хувьд гэвэл орос, хятадаар бага зэрэг ярина аа.
 
-Яруу найрагч, хөгжимчин, дуучин гурвын сэтгэлийн ур нэгдэж сайн дуу төрдөг. Та үүнтэй санал нийлдэг үү?
 
-Уран бүтээл гэдэг санаснаар бүтчихдэг эд биш. “Сэвтээ нь үгүй сэтгэл”, “Янлинхуар” дууг сэтгэлдээ хүртэл дуулж чадаагүй гэж чамлаж явдаг. Дутуу нугалаа ч юм уу, нэг л юм дутчихсан юм шиг санагддаг. Ер нь хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуучин гурав маш нарийн холбоогоор хамтран ажиллах ёстой. Хоорондоо байнга ярьж зөвлөж байж сая сайн дуу бүтдэг.
 
-Хайрлаж явдаг болон хамтран зүтгэгчийнхээ талаар, мөн өнөө үеийн дуучдыг хэр үнэлдэг вэ?
 
-Уран бүтээл хийх хугацаанд сэтгэл санааг үнэнчээр дэмжин, алдаа дутагдлыг шууд хэлдэг хүнд хайртай байдаг. Мөрдорж багш, Батсүх нарын хүмүүс маш их зөвлөгөө өгдөг байлаа. 
 
Миний хүндэлж явдаг уртын дуучин Дорждагва гуай сайхан дуулдаг. Шуранхайлаад ирэхээрээ үнэхээр сайхан даа. Норовбанзад, Жаргалсайхан багш болон сүүлийн үед Эрдэнэбат, Түвшинтөгс, Үнэнхүү, Далантай, Долгор, Жавзандулам, Гэрэлмаа нар олон жил дуулах шинжтэй байна.
 
-Хэзээ ч хуучрахгүй дуу, дуучин хоёр гэж байх юм?
 
-Өчнөөн олон жилийн тэртээд дуулсан дуу өнөө ч хуучраагүй л байна. “Алтай, Хангайн уулс”, “Тэмээн дээрээс наран ойрхон” зэрэг дуунуудаас ард түмэн ер уйддаггүй, хичнээн их дуулуулав аа. Одоо ч гэсэн.
 
-Хүнд шүтээн болсон уул, ус гэж байдаг. Магадгүй тэр шүтээн нь тухайн хүнийг харж явдаг даа.
 
-Тоглолтоор 18 аймгийг хэсэхэд надад хамгийн сайхан санагдсан нутаг Хөвсгөлийн Хорьдол сарьдагийн их уулс, Дархадын цэнхэр хотгор байлаа. Мэдээж төрж өссөн нутаг Отгонтэнгэр хайрхан маань байна. 
 
Би болж өгвөл Отгонтэнгэрийн барааг алсаас ч болов хардаг. Бололцоо таарвал дэргэд нь очдог. Тэнгэр цэлмэг байхад Ганцын даваанаас бүр тод харагддаг. Энэ хавар Завханд ажиллаж явахдаа Очирваань уулынхаа барааг харж нулимс гаргаад л буцаж билээ. Очирваань уул маань завханчуудын сүлд хийморь, бүх юмыг өөд нь өргөж явдаг байх.
 
-Та уул усаа бишрэн шүтдэг юм байна. Ингэхэд бурханд хэр итгэдэг вэ?
 
-Монгол ардын дуунууд тэр чигээрээ бие биесээ сургасан гүн ухааны шинжтэй бурхан багшийн сургаалыг түшиглэсэн байдаг. Залуу насандаа,
 
"...Хээтэй торгонд хөлбөрч
 
Цуутай баян яваагүй
 
Луутай тэнгэрт залбирч
 
Гуутай бурхан тахиагүй” гэж цуурч явлаа. Тэр алдаагаа засах гэж л маанийн зургаан үсэг уншдаг даа.
 
 
-Таныг шүлэг бичдэгийг хүмүүс мэдэхгүй байх. Ер нь яруу найрагчдаас хэн хэнтэй нөхөрлөж явдаг вэ?
 
-19 насандаа Говь-Алтай аймагт сумын заан цол хүртэж явлаа. Төгөлдөр хуур, баян хуур, европын даралтат хөгжим тоглодог. Хэд хэдэн дууны үг, ая хийлээ. 20 орчим дууны шүлэг бичлээ. Энэ бүхэн маань эцэг эхийн удам угсаанаас гадна байгаль ээжийн хайрласан хишиг. Шүлэг бичих минь бага насных байсан. Багаасаа Явуухулан гуайн шүлгийг уншиж цээжлэх дуртай байлаа. 
 
Нэгэн удаа Явуухулан гуайтай тааралдаад “Би таны шүлгийг цээжлэх дуртай” хэмээн яриа эхлүүлэн танилцаж, нэгэн үдшийг хамтдаа өнгөрөөж билээ. Түүнээс хойш их дотно болсон. Б.Лхагвасүрэн, Ц.Чимиддорж бид гурав хоорондоо “амин сүнс” гэсэн үг. 
 
Бас “Мөрөөдлийн дуу”-г ноднин жил дуулахад Дан.Нямаа “Би өөрийгөө сайн яруу найрагч гэж боддог. Гэтэл Адараа ахын энэ шүлэг жинхэнэ яруу найраг байна” гэж хэлсэн. Тэр үед урам орон баярлаж, бичих хүсэл их төрсөн.
 
-Сүүлийн үед ямар уран бүтээл шинээр хийж байна вэ?
 
-“Тэмээн дээрээс наран ойрхон” дууг 1975 оноос өнөөдрийг хүртэл дууллаа. Өөрөөр хэлбэл нэг тэмээг 22 жил солихгүй уналаа гэсэн үг. Мал гэдэг төллөх ёстой шүү дээ. Тиймээс “Тэнэгэр говьдоо тэмээтэйгээ жаргалтай” гэдэг дууг бэлдэж бэлэн болголоо. Дуу маань үр төл нь болж таараа.
 
“...Тайлган шарыгаа
 
Таваглаж уная даа
 
Танхил чамдаа
 
Жонжуулж хүрье дээ
 
Тэнэгэр говьдоо
 
Тэмээтэйгээ жаргалтай...”гээд л дуулдаг. Цаана нь бас бус юм бий.
 
-Эр хүний жаргал эзгүй хээр гэдэг дээ. Адараа ах анд хэр билээ?
 
-Залуу байхдаа анд их хорхойтой байлаа. Хамгийн том ан гэвэл нэг гахай, нэг чоно авласан. Тарвага их агнадаг, маханд нь ч их дуртай. Харин ноцтой ан мэр сэр хийсэн. Тэр бол нууц. /инээв/
 
-Хөдөөнөөс гаралтай хойно эмнэг сургаж, айраг уухад гарамгай биз дээ?
 
-Эмнэг сургадаг л байлаа. Одоо морь унах гээд дөрөөлөхөөрөө цаашаа давж уначих гээд чадахаа байсан байна лээ. Амархнаар нь тэмээ л унадаг. Айрганд бол дуртай, нэг суувал таван литр орчмыг уучихна. Н
 
эг удаа ээжийн дүү Жүгдэртэй Дундговь аймгийн Адаацаг суманд ачаагаа буулгачихаад буцах замдаа Баянбараатад айраг ууя гээд нэгэн айлд ортол ханхар том эр сууж байв. Нэр усаа мэдэлцэж, мэндэлтэл улсын арслан Оргодол гэв. Ингээд хавь ойрынхоо улсыг цуглуулж, найр наадам шахуу юм болов. Өглөө нь Оргодол гуай долоон литр айраг уучихаад хээвнэг мордоод явчихаж билээ.
 
-Үүнээс үүдээд асуухад өөрт тань хөгтэй явдал учирч байв уу?
 
-Алийг тэр гэхэв. Нэг удаа Дорнод аймагт тоглолт хийхээр зуны халуунд явлаа. Тоглолт гадаа хийдэг байлаа л даа. Халуун болохоор костюмаа тайлчихаад турсикэн дээрээ дээлээ шууд өмсөөд дуулдаг байсан юм. 
 
Дадлага хийж байсан Барилгын техникумын бөөн залуучуудын дунд дуулсан. Хөдөлж болохгүй, бүгд тойроод суучихсан байлаа. Гэтэл хуй салхи ирээд хормой сэвээд хамаг юм гаргачихдаг байгаа. Охид ч нүүрээ дарчихлаа. Банди нар шоолж хөхрөөд, би хормойтойгоо ноцолдоод байдаг. Бууж өгдөггүй, ичихээрээ нэг болж билээ.
 
 
-Таны бичсэн шүлэг, дуулсан дуу ихэвчлэн хайр сэтгэл, амьдрах ухааны тухай байдаг. Амьдрал хайр дурлалын тухай?
 
-Амьдрал гэдэг бол амьдрахын ухаан юм. Хүн амьд явахын тулд хоол иддэг бол нийгмийн дунд ямар хэмжээний байр суурьтай байх, хүмүүстэй яаж харьцан амьдралаа зохицуулж явах гэдэг өөрийн санаа бодлоос шалтгаална. Хайр гэдэг бол маш өргөн сэдэв. Дурлал нь удах тусмаа хайр болдог байх. Хайрыг дурлалаас илүү хүндэлж явах ёстой. 
 
Залуучуудад үнэнч хайр дутмаг байна. Эдийн засгийн тооцоотой зүйл л явагдаж байна. Хүнтэй аятайхан харьцаж хөөрдөг тэр сайхан чанар дутуу байгаа юм шиг ээ.
 
-Уучлаарай, таныг чилээчих шиг боллоо. Сүүлийн асуулт. Таныг хүмүүс төр түмнийхээ шагналыг нэг биш хэд хэдэн удаа авах ёстой хүн гэж ярьдаг юм.
 
-Ард түмэн өөрсдийн үнэлгээ, хүсэл бодлоо Ерөнхийлөгч, Засгийн газарт хэд хэдэн удаа тавьсан. Миний тухай материал Ерөнхийлөгчийн Тамгын газарт очиж ч байсан. Гавьяатад тодорхойлж очиход Алтангадас дээр бууж байсан гэдэг. Тоглолтоор явсан бүх байгууллага, хүмүүсийн гарын үсэг одоо ч надад байгаа л даа.
 
-Илэн далангүй, чин сэтгэлээсээ ярилцсан танд баярлалаа. Амьдрал, уран бүтээлд тань өлзий дэмбэрэлтэй сайн сайхны ерөөл дэвшүүлье!
 
“...Соньхон зэрэглээт говь минь
 
Солонгын долоон өнгөтэй дээ
 
Солбио хүрэн aт минь ээ хө
 
Сарын газраас жонжоотой доо хө”.
 
Дуу байгаа орчинд хүмүүн байж, дуу байгаа газарт амьдрал буцалдаг билээ. Г эвч хүмүүний амьдрал, зовлон жаргал, баяр гунигийн туйл аж. Чухам энэ амьдралыг дуу гэгч л мөнхжүүлдэг гэнэм. Дуучин Адарсүрэнгийн амьдрал, уран бүтээлийн хэсгээс уншигч танаа хүргэлээ. Бид амьдад нь хайрлаж чадаагүй явсаар байгаад харуусан дурсаж гэмшдэг улс. Цаг хугацаа урсан өнгөрсөөр л... Адарсүрэнгийн дуу улам өндөр аван Монголын ард түмний уярал, сэтгэлийн далай дундуур урссаар. Дууг нь сонсож жаргаад, дуучныг нь мартаж болохгүй биз дээ.
 
 
МЗЭ-ийн шагналт зохиолч Д.Хулганажав 
Эх сурвалж: "Утга зохиол урлаг" сонин