sonin.mn
МУИС-Хууль Зүйн сургуулийн оюутнууд өнөөдөр Нийслэлийн СБД-ийн Хүрээ амаржих газарт 7 сая төгрөгийн өртөг бүхий хүчилтөрөгчийн 4 ширхэг аппарат хандивлав. Энэхүү аппарат нь дөнгөж төрсөн, амьсгал гүйцэд авч чадахгүй хүндрэлтэй байгаа нярайд дэмжлэг өгдөг төхөөрөмж юм.
 
МУИС-Хууль зүйн сургуулийг жил бүр 150 орчим оюутан төгсдөг. Эрх зүйч мэргэжлээр 2014 онд төгссөн оюутнуудын санаачилгаар эхэлсэн энэхүү үйл ажиллагаанд жил бүрийн нийт төгсөгчид хонхны баярт зарцуулдаг зардлаасаа хэмнэж ЭХЭМҮТ, ХСҮТ-д шаардлагатай тоног төхөөрөмжийг нь бэлэглэж байжээ.
 
Тус амаржих газарт өдөрт дунджаар 28-30 нярай мэндэлж, 5-6 нярайд ямар нэгэн хүндрэл үүсч энэхүү төхөөрөмж шаардагддаг байна. Мөн 16 инкубатор, дөрвөн халаагч ор тус бүрийн дэргэд нэг хүчилтөрөгчийн аппарат байх ёстой ч зургаан аппарат ажиллаж, хүрэлцээ муугаас хоёр хүүхдийн дунд нэг аппарат ноогддог байжээ.
 
Харин өнөөдөр дөрвөн аппарат нэмэгдсэнээр хүрэлцээ харьцангуй сайжирч буйд баяртай байгаагаа Нярайн тасгийн эрхлэгч Б.Дэлгэрсайхан тэргүүтэй эмч нар хэллээ. Энэ үеэр тус сургуулийн ооюутнууд бусад их дээд сургуулийн төгсөгчиддөө энэхүү тусламжийн үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулахыг уриалав.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг