sonin.mn
МУИС-ийн 2015-2016 оны хичээлийн жилийн төгсөлтийн ёслол өнөөдөр МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны гаднах талбайд боллоо. Тус сургуулийг энэ хичээлийн жилд 2418 бакалавр,  354 магистр, 8 доктор амжилттай дүүргэж, удирдлага, эрдэмтэн багш нараас ромбо, дипломоо гардав.
 
Эрдмийн баярын нээлтэд МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ хэлэхдээ, “Залуу идэр насны цог золбоо дүүрэн оюутны амьдралыг туулж ажил хөдөлмөрийн шинэ гараагаа эхэлж байгаа оюутнуудын  эрдмийн баяр бол та бидний хамтын баяр юм. Төрөлх сургуулийнхаа  нэр хүндийг эх орондоо төдийгүй дэлхийд алдаршуулагч төгсөгчдөөрөө бид бахархаж байдаг.
 
Та бүхнийг тосон угтаж буй ирээдүй сорилт боломжоор дүүрэн байгаа. Аливаа сорилтыг даван гарах гарц байнга байдаг. Үүнд МУИС-д суралцах хугацаандаа эзэмшсэн боловсрол, энэ гарцыг олж амжилтад хүрэх түлхүүр тань болно гэдэгт итгэлтэй байна.
 
Та бүхэн үе үеийн төгсөгчдийн бахдам уламжлалыг үргэлжлүүлэн ирээдүйгээ нэр төртэй  цогцлуулж, Монгол Улсынхаа нэрийг дуурсгасан их нээлт, амжилт бүтээлийн эзэд болно гэдэгт төрөлх сургуулийн хамт олон бид итгэл төгс байна” гэв.
 
Төгсөлтийн ёслолд төгсөгчид, тус сургуулийн удирдлагууд, Эрдмийн зөвлөлийн гишүүд, эрдэмтэн багш нар хүндэт докторын өмсгөлөөрөө гоёж ирсэн нь Эрдмийн баярыг улам тодотгож байлаа.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг